Хуучирсан мэдээ: 2015.06.05-нд нийтлэгдсэн

Хөгжлийн гурван тоо

Дан ганц уул уурхайн салбараас хараат, хэрэглээнийхээ 80 хувийг импортоор авдаг монголчууд ам.долларын ханш огцом өсөх төдийд эдийн засаг нь хэрхэн савалдгийн зовлонг сайн мэднэ. Тийм ч учраас импортлогчоос үйлдвэрлэгч болох нь Монгол Улсын туйлын зорилго байв.

Сүүлийн үеийн тоон мэдээг харахад энэ оны эхний улирлын байдлаар манай улсын гадаад худалдааны тэнцэл 376 сая ам.долларын ашигтай гарсныг Үндэсний статистикийн газар онцолжээ. Өөрөөр хэлбэл, 2015 он нэгдүгээр улиралд экспорт арав орчим хувиар өсч, харин импорт бараг 30 хувиар унасан байна.

Энэ бол эдийн засагт илэрч байгаа нэг эерэг дохио.

Саяхныг болтол монголчууд эсгий шаахай, гэрийн бүрээснээс илүү гарч чаддаггүй байв. Харин өнөөдөр хадаас, цемент, хаалга, цонхоо өөрсдөө үйлдвэрлэдэг болсон нь багагүй амжилт. Мэдээж, япон машин, швейцарь цаг, франц вино, эсвэл сүрчгийг Монголд үйлдвэрлэж чадахгүй. Бүхнийг дотооддоо үйлдвэрлэх боломж ч байхгүй.

Хэдийгээр хямрал эдийн засгийг бүхэлд бүсийг нь чангалуулж байгаа ч өнгөрсөнтэй харьцуулахад өнөөдөр монголчууд өөрсдөө оймсоо оёж, цементээ үйлдвэрлэж, үндэснийхээ үйлдвэрлэгчдийг дэмждэг болсон байна.

Хамгийн тод жишээ гэхэд сар шинээр монголчууд Эрээний “хог” биш үндэснийхээ үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнээ бэлэглэдэг болсон шүү дээ.

Муу, муухайгаараа байнга хэлүүлдэг ч Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын олж ирсэн 1.5 тэрбум ам.доллараар үндэсний 888 төслийг санхүүжүүлсний үр дүнд ядаж л барилга барих цементээ Хятадаас зөөх нь багассан.

888 бол Фортунагийн тэнгэрээс асуусан тоо гэж ирээд л монголчууд бишгүйдээ нэг шүүмжилж байсан. Тоондоо биш төсөл хэрхэн хэрэгжиж байгаагаар нь эцсийн үр дүн нь хэмжигдэх болов уу?

Яг өдийгөөс эхлээд Эрээн-Замын-Үүдийн хил дээр цемент ачсан машины цуваа түгжрэл үүсгэж, өнжин хонон дугаарладаг байснаа барилгын ченжүүд бараг мартаа байлгүй. Хил дээр гацсан барилгын материалаас болж байрны үнэ өсдөг бичигдээгүй хууль ч Монголд үйлчилдэг байв.

Ардчилсан намын засаглалын үед анх удаа Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зээлээс 1.5 тэрбум ам.долларын “Чингис бонд”-ыг амжилттай арилжсан юм. Энэ хөрөнгөөр жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх, импортлогчоос экспортлогч орон болох том зорилго тавиад ердөө жил болж байна. Аж үйлдвэр бол асар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулдаг салбар. Энэ утгаараа өчигдрийн авсан Чингис бондын үр дүнг өнөө, маргаашгүй үзнэ гэж шаардах нь утгагүй юм. Үүнийг ч тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат хэвлэлийн бага хурал хийлгэх үедээ “Урт хугацаандаа эдийн засагт үр өгөөжөө өгөх зүйл. Гуравны хоёр нь ам.долларын орлого олох боломжтой, нэг бол хатуу валютын урсгалыг Монголд үлдээх төрлийн үйлдвэржилтийн төслүүд байгаа. Эхнээсээ ашиглалтад орж байна. Энэ онд ч гэсэн том төслүүд ашиглалтад орно” гэдгээр тайлбарлаж байсан юм.

“Чингис бонд”-ын хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа 888 төслийг Хөгжлийн банкнаас арилжааны банк болон Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжуулан санхүүжүүлж буй юм. Санхүүжилт авсан үйлдвэрүүдийг салбараар нь ангилвал:

  • Хүнсний 24 үйлдвэр
  • Хөнгөн үйлдвэрлэлийн 49 үйлдвэр
  • Барилгын материал үйлдвэрлэлийн 32 үйлдвэр
  • Эм, био бэлдмэлийн үйлдвэрлэлийн 5 үйлдвэр
  • Мал аж ахуйн 5 үйлдвэр
  • Газар тариалангийн үйлдвэрлэлийн нэг зэрэг төслүүд амжилттай хэрэгжиж байгааг албаныхаа сайтад тавьжээ.

Ямар ч байсан Чингис бондоос босгосон 888 төсөл амжилттай хэрэгжиж байгааг хэлэх хүн олон бий. Энэ төслийн хүрээнд бид хадаас үйлдвэрлэж, хаалга хийдэг боллоо.

Урт хугацаатай, хүү багатэй зээл нь улс орны хөгжлийн түлхүүр нь болдог.

888 бол шидэт тоо биш. Ид шид бүр ч биш. Гэхдээ энэ бол хөгжлийн гурван тоо.

Б.ХОНГОР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж