Дээрх мэдээллийг бүлгийн дарга Ч.Сайханбилэг хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өгсөн юм.
-УИХ-ын Сонгуулийн хуулийн төслийн тухай ярилцаж байна гэсэн. Ямар асуудал хэлэлцсэн бэ?
-Сонгуулийн хуулийн төсөл дээр бүлгээ төлөөлж ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтан ажиллаж байгаа гурван гишүүн болох Э.Бат-Үүл, З.Энхболд нарын гишүүдээс гадна миний бие ажлын хэсэг дээрх Сонгуулийн хуулийн төслийн явцын талаар мэдээлэл хийлээ. Үдээс хойш Н.Энхболд даргаар ахлуулсан Сонгуулийн ажлын хэсэг хуралдана. Энэ хуралдаанд бүлгийн зүгээс хураалгах саналуудынхаа талаар нэгдсэн ойлголцолд хүрлээ. Дашрамд хэлэхэд, Ардчилсан намын бүлэг сонгуулийн холимог тогтолцоо 50:26 гэсэн энэ зарчим дээрээ хатуу байгаа гэдгийг тэмдэглье.
-Дээрх хуулийн хүрээнд арилжааны телевизүүд нь сонгуулийн үеэр хоногт нэг цагаас хэтрэхгүйгээр сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийг төлбөртэй явуулж болно гэж заагаад байгаа. Энэ саналыг таныг гаргасан гэх юм, ямар үндэслэлээр ийм санал гаргаад дэмжлэг хүлээгээд байгаа вэ?
-Миний санал биш, ажлын хэсгийн төвшинд гарсан санал. Сонгууль болох сар илүүгийн хугацаанд улс орон даяар хэвлэл мэдээлэл сонгуулиар амьсгалаад битүү улстөрждөг. . Үүнийг цэгцлье гэсэн агуулгаар хандсан. Хуучин эфирийн нэвтрүүлгийн 10 хувь гэж явдаг байсан, тэр нь 2 цаг орчмын хугацаа байдаг. Үүнийг нь 50 хувиар багасгаад явахад нэр дэвшигчдийн хувьд сурталчилгаагаа хийчих бололцоотой гэж үзсэн хэрэг л дээ. Телевизүүдийн хувьд болгоомжлол байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ сонин, хэвлэлд талбайгаар нь тодорхой хязгаар тавьдаг хэрнээ телевизээр түүнээс давсан байх нь хэр зохистой юм болоо гэдэг үндэслэлээр энэ асуудал яригдсан. Цаашид байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд төслийг хэлэлцэнэ, шийдвэр бүрэн гарчихаагүй байна.