Ц.Нямдорж: Хоёр барилга буцаад нурах нь

Хуучирсан мэдээ: 2015.06.04-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: Хоёр барилга буцаад нурах нь

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, байнгын хороодоос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгалаа. Тухайлбал, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх үеэр унаад байсан Архивын дуусаагүй барилга, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг барьж дуусгахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх гэсэн санал чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээлээ.

Санал хураахын өмнө, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гишүүдэд хандан “Архивын дуусаагүй барилга, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг хоёр бороонд идэгдсээр буцаад нурах нь.

Шаардаж байгаа хөрөнгө нь тийм их биш, ийм байтал Эдийн засгийн байнгын хороо яагаад саналыг дэмжихгүй гэж шийдвэр гаргасныг ойлгохгүй байна. Хэрвээ энэ хоёр барилгыг яаралтай ашиглалтад оруулахгүй бол нэгдүгээр хороололд бариад орхисон Оросын цогцолбор барилга шиг болгоод буцаагаад буулгана. Архивын барилгад Монголын 100 жилийн түүхийг хадгална. Дэмжиж өгөхийг хүсч байна” гэв.

Хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн А.Тлейханы тайлбараар бол “Үндсэн чиглэлд энэ асуудлыг тусгахаар улсын төсөв шиг юм болж хувирна. 2015 оны төсвийн тодотгол УИХ-д орж ирэхээр хөрөнгийг тусгая” гэсэн санал гарч, Эдийн засгийн байнгын хороо дэмжээгүй гэв.

УИХ-ын дарга З.Энхболд “Ц.Нямдорж гишүүн энэ жил барилгыг дуусгах тухай яриад, та бүхэн ирэх жил дуусгах тухай яриад байна. 2015 оны төсвийн тодотголыг хэзээ оруулж ирэх вэ. Хорих анги бол замбараагүй хөрөнгө шаардана. Архивын барилга, эмнэлэг хоёр түүн шиг их хөрөнгө шаардахгүй” гэв.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат “2015 оны төсөвт тодотгол хийх шаардлагатай ч энэ удаагийн чуулганаар хийх боломжгүй, ирэх намар хийлгэнэ. Тодотгол хийхэд эдгээр хоёр обьекттой холбоотойгоор нэмэгдэх зардал ч бий, хасах зардал ч бий” гэсэн хариулт өгөв.

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Архивын барилга, Төрийн албан хаагчдын эмнэлэг хоёр Монголд баригдаж байгаа сүүлийн үеийн гайгүй барилгууд. Энийг муутгаад байж болохгүй, төсвийн хөрөнгөөр энүүн шиг том барилга баригдахгүй байгаа шүү” гэж байлаа.

Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд байнгын хороодоос дэмжлэг хүлээсэн 40 гаруй саналын томъёоллоор санал хураалгасан бол мөн дэмжлэг хүлээж чадаагүй байсан 10 гаруй зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгаж дууссанаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлээд байна.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тус төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж