Б.Лхагважав: Хуулиа мөрдмөөр байна

Хуучирсан мэдээ: 2015.06.04-нд нийтлэгдсэн

Б.Лхагважав: Хуулиа мөрдмөөр байна

Бизнесийн байгууллагуудын төлөөлөл санхүүгийн эрх чөлөө олгохыг төр засгаас шаардсаар байгаа. Энэ талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважаваас зарим зүйлийг тодрууллаа.

-Бизнес эрхлэгчдийн зүгээс эрхзүйн орчныг тогтвортой болгох шаардлагыг УИХ-д тавиад байгаа. Энэ талаар тодруулаач?

-Би эрхзүйч хүний хувьд хэдэн зүйл хэлье. Ашигт малтмалын тухай хуульд 29, 30 гээд хоёр чухал заалт байсан. 29 дүгээр заалтын дагуу 2009 онд Оюутолгойн гэрээг  хийсэн. Харин 30 дугаар зүйлийн дагуу Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн байдаг. 2013 онд манай улс Тавантолгой, Оюутолгой гэх хоёр том ажлаа зогсоосон. Үүнээс үүдэн эдийн засгийн хүндрэл үүсч 2013 оны есдүгээр сард ээлжит бус чуулганыг хийж Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн хуулиудыг баталсан. Энэ үед УИХ-ын даргын зүгээс бизнес эрхлэгчдэд гадаад орчныг нээж өглөө хэмээн бахархалтайгаар хэлж байсан.

Ингэж хоёр хууль баталсныхаа дараа Ашигт малтмалын тухай хуулийн 29, 30, 40 дүгээр заалтыг хүчингүй болгосныг санаж байгаа байх. Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйл дэх “300 сая ам.доллараас илүү хөрөнгө оруулалтыг УИХ авч хэлэлцэх” гэсэн заалтыг З.Энхболд дарга хүчингүй болгосон.

Ингэж хүчингүй болгосноор шинээр батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулиар  ирээдүйд бий болох том төслүүдийн шийдвэрлэх эрхийг Засгийн газар, эрх бүхий мэдэлтэнд УИХ-аас олгож өгсөн. Гэтэл энэ хуулиа бус, хүчингүй болгосон өмнөх заалтаа хэвээр байгаа мэт яриад байгаа.

Жишээ нь, Тавантолгойн гэрээний асуудал байна. М.Энхсайхан сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн Тавантолгойн гэрээг Хөрөнгө оруулалтын хуулийн дагуу хийгээд ирсэн. Чухамдаа энэ асуудалд УИХ оролцох эрхгүй болсон.  Гэтэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд УИХ-ын дарга Ашигт малтмалын 29, 30 дүгээр заалт хэвээр байгаа мэт реакц үзүүлсэн.

Зөвхөн энэ үйлдэл нь л гадны хөрөнгө оруулалтыг цаашид үргээх эхлэл юм. Нэг хуулиа хүчингүй болгож нөгөөг баталдаг. Тэндээ Засгийн газар мэднэ гэж заалт хийсэн мөртлөө үүнийх нь дагуу гарын үсэг зуруулах гэхээр УИХ-ын дарга нь “би мэднэ” гээд сууж байна. Иймэрхүү байдал нь гадаадын хөрөнгө оруулалтыг үгүй хийж байна.  Тиймээс бизнесийн байгууллагын төлөөллийн зүгээс УИХ-д “Гаргасан тогтоол, шийдвэрээ тууштай барь” гэх шаардлагыг тавьж байгаа юм.

-Үүнээс гадна Эдийн засгийн өршөөлийн тухай хууль он дамжин гацаанд орлоо. Энэ талаар юу хэлэх вэ?

-Энэ хуулийг гаргахгүй байснаар хэнд ашигтай вэ? Монголд мафын системийг бий болгох хүсэлтэй хүмүүст ашигтай. Эрүүгийн цагдаа, хүчний байгууллагыг ашиглаж зах зээлийг булаадаг, хар мөнгө угаадаг этгээдүүдэд Өршөөлийн хуулийг гаргахгүй байх нь мэдээж ашигтай. Учир нь 2008 оны Өршөөлийн хуульд нийт компанийн 98 хувь хамрагдаагүй. Тэр компаниуд татварын шалгалтад орж, улмаар цагдаагийн газар байцаалтанд орсон.

Монголын төр сайхан хууль гаргадаг. Түүнийхээ хоёр хувийг л хэрэглэх боломж өгдөг. Үлдсэн 98 хувийг хэрэглэх боломжийг хязгаарладаг. Тэгсэн мөртлөө дараа нь төрийн хүнд нударга үзүүлж болохгүй.

-Одоогийн эрхзүйн орчин, бизнесийн нөхцөлийг шүүмжилж байна. Чухам гарцыг юу гэж харж байна вэ?

-2013 оны аравдугаар сарын 3-нд баталсан Хөрөнгө оруулалтын хуулиа тууштай барих хэрэгтэй. Уг нь энэ хуулиар УИХ-ынхан өөрсдөдөө гарц хийсэн. Гэтэл үүнийгээ тууштай мөрдөж чадахгүй байна. Гаргасан хуулиа тогтвортой, тууштай баримталж мөрдүүлэх нь томоохон гарц шүү дээ.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж