Ч.Сүбэдэйн нас барсан шалтгааныг шалгаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2015.06.04-нд нийтлэгдсэн

Ч.Сүбэдэйн нас барсан шалтгааныг шалгаж эхэлжээ

Загвар өмсөгч Ч.Сүбэдэй амь насаа алдсан тухай мэдээллийн талаар албаны хүмүүсээс тодрууллаа.

Түүнийг автомашины ослоор амиа алдсан, бусдын гарт амь үрэгдсэн, амиа хорлосон байж болзошгүй гэх зэргээр зөрүүтэй мэдээлэл хэвлэлээр гарч байна.

Тиймээс энэ хэргийн талаар  цагдаагийн байгууллагын эх сурвалжаас тодруулахад, “Цагдаагийн байгууллагын алба хаагчид зургадугаар сарын 1-нд холбогдох дуудлагын дагуу очиход Ч.Сүбэдэй нь гэртээ хоолойгоо боомилж, амь насаа алдсан байсан. Амиа хорлосон уу, гадны нөлөөтэйгээр амиа алдсан уу гэдгийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Мөрдөн байцаалт дуусмагц энэ асуудал тодорхой болно” гэв.

Талийгаачийн хойдын буянд зориулан хандивын данс нээж, мөнгө цуглуулж байгаа гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр багагүй мэдээлэгдсэн. Тэгвэл Ч.Сүбэдэйн ар гэрийнхний зүгээс энэ мэдээлэлд тайлбар хийж, “Дүүгийн минь амь насыг юугаар ч сольшгүй. Хандив, өглөг нэхсэн зүйл байхгүй. Тиймээс энэхүү явуургүй зүйлд итгэн хандив өгөхгүй байхыг хүсье” гэжээ.  


Ч.Сүбэдэй нь “Монгол модель” агентлагын загвар өмсөгч байсан ба Япон, Сингапурын хэд хэдэн агентлагуудтай хамтран ажиллаж, томоохон компаниудын зар сурталчилгаанд тоглож байжээ. Түүнийг эрэгтэй загвар өмсөгчид дундаа мэргэжлийн ур чадвараар дээгүүрт ордог хэмээн үнэлдэг байсан юм.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж