Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг байгуулна

Хуучирсан мэдээ: 2015.06.04-нд нийтлэгдсэн

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг байгуулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 62.2 хувийн саналаар дэмжин “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү хуулийн төсөлд давж заалдах шатны шүүхийг болон дүүргийн анхан шатны шүүхийг дагнан байгуулахаар тусгажээ.

Ингэхдээ давж заалдах шатны 19 шүүх, дүүргийн анхан шатны 8 шүүхийг дагнан байгуулах, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг 21 аймагт дагнан байгуулах, мөн Сум дундын Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийг 21 аймагт дагнан байгуулах, харин Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Ховд аймгийн Булган сум зэрэг Сум дундын 8 шүүхийг дагнан байгуулахгүйгээр байгуулахаар хуулийн төсөлд тус тус тусгасан байна.

Шүүхийн нэрийг тухайн шүүхийн харьяаллын засаг захиргааны нэгжийн нэрээр нэрлэх юм. Тухайлбал, “Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх”, “Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх”, “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэх мэтээр заасан байна.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж