Тамхины хууль дэлхийд яаж үйлчилдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2015.06.04-нд нийтлэгдсэн

Тамхины хууль дэлхийд яаж үйлчилдэг вэ?

 

Дэлхий дахинаа нэг тэрбумтан орчим тамхичин байдаг тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанд дурьджээ. Энэ бол 1980 онд 721 саяар тоологдож байсан тамхичдын тоо сүүлийн 30 жилийн дотор 300 орчим саяар нэмэгдсэн нь тамхины үйлдвэрлэл нэмэгдсэн, зар сурталчилгааг өсвөр насныхан болон залуус руу хандуулан хийсэн, хүн амын амжиргааны түвшин дээшилсэн гээд олон хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байна.

 

 

Нэг тэрбум орчим тамхичдын ойр орчимд буй хүмүүс дам тамхидалтад өртөж, тамхинаас хамаарах өвчнүүдээр өвчлөх эрсдэл нь тамхичидтай эн тэнцүү байдаг байна.

 

Тиймээс дэлхийн олон оронд тамхины эсрэг хуулийг батлан хэрэгжүүлдэг ба энэ нь тамхичдын эсрэг биш тамхи татдаггүй хүмүүсийн эрхийг хамгаалахад чиглэдгээрээ онцлогтой.

 

Ингээд тамхины эсрэг хуультай улс орнуудын тухай мэдээллийг хүргье.

 

БНХАУ

 

Бидний урд хөрш, БНХАУ-ын нийслэл Бээжин хотод хэдхэн хоногийн өмнөөс тамхины шинэ хууль үйлчилж эхлээд байна. Энэхүү шинэ хуулиар тус хотын сургуулийн ойролцоо, эмнэлэг, зоогийн газар, дэлгүүр, оффис, нисэх онгоцны буудал, баар болон бусад олон нийтийн газруудад тамхи татахыг хориглоод байгаа юм.

 

Гэвч энэ хууль амжилттай хэрэгжих эсэх нь эргэлзээтэй хэмээн шинжээчид дүгнэж байна. Учир нь энэ бол Бээжинд хэрэгжүүлж буй тамхины эсрэг анхны хууль биш юм. 2008 онд тус хотод тамхичдын эсрэг хууль мөрдөж эхэлсэн боловч төдийлэн үр дүнг хүрээгүй. Тиймээс энэ удаагийн хуулийг ч бас бүрэн хэрэгжинэ гэдэгт төдийлэн итгэлтэй бус байгаа юм. Гэхдээ энэ удаагийн хуулийн нэг давуу тал нь торгуулийн хэмжээ харьцангуй өндөр буюу хууль зөрчсөн хувь хүн 200 юань, байгууллага 10 мянган юаны торгууль төлнө. Энэ удаагийн хуулийг амжилттай хэрэгжүүлснээр Хятад улсын тамхины эсрэг тэмцэх тэмцлийг урагшлуулахад томоохон ахиц бож, дараа дараагийн хотуудад хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ хэмээн ДЭМБ-аас онцолж байгаа юм.

 

Тус улс нь дэлхийн хамгийн олон буюу 300 орчим сая тамхичидтай ба тэдний 4 сая орчим нь Бээжин хотод амьдардаг байна.

 

Бас нэгэн сонирхолтой тоо баримт гэвэл дэлхийн хэмжээнд татагдаж буй гурван тамхи тутмын нэгийг Хятадад татдаг гэжээ.

 

АНГЛИ

 

Англи улсад 2007 оны долдугаар сарын 1-нээс тамхины хууль хэрэгжиж эхэлсэн. Олон нийтийн газруудад тамхи татахыг хориглохын зэрэгцээ задгай бүхээгтэй машинд болон хажуудаа хүүхэдтэй явж байхдаа машиндаа тамхи татахыг ч хязгаарласан юм.

 

Хуулийг зөрчсөн хүнийг 50 еврогоор торгоно. Уг хууль нь ганцаараа явж буй жолооч эсвэл дээврээ буулгасан машинд хамаарахгүй байна. Долоо хоног тутамд 430 мянга гаруй хүүхэд машинд дам тамхидалтад өртөж байна гэж Их Британийн “Уушигны сан” мэдэгджээ. Дам тамхидалт нь хүүхдүүдийн астма, менингит болон гэнэтийн үхэлд хүргэх эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.

 

БАЛБА

 

2011 оны наймдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн олон нийтийн газарт тамхи татахыг хориглосон.

 

Тамхи татахыг хориглосон газруудад нисэх буудлууд, зочид буудлууд, зоогийн газрууд, Засгийн газрын байр, компаниудын албан контор цэцэрлэг, сүм хийд, ахмадуудын асрамжийн газрууд багтжээ. Эдгээр газруудын орчим зуугаад метрийн бүс тамхины наймаагүй дэвсгэр болж байна. Уг хуулийг зөрчсөн бол 100 мянга хүртэл рупий буюу бараг 1400 орчим ам.долларын торгуультай. Жирэмсэн эмэгтэйчүүд ба 18 нас хүрээгүй хүмүүст тамхи зарсан бол 10 мянган рупийгаар торгуулна.

 

Өдгөө тус орны хүн амын 40 хувь нь тамхичин. Ердийн тамхинаас гадна ороодог тамхи, кальян татах нь их дэлгэрчээ.

 

ВЬЕТНАМ

 

Анх 2005 онд сургууль, цэцэрлэгийн газар болон метроны буудал орчимд тамхи татахыг хориглож байсан бол 2007 оны шинэчилсэн хуулиаар тамхины үйлдвэрлэл, худалдаа, зар сурталчилгаа гээд бүгдийг хяналтандаа авсан юм. Хууль зөрчвөл 50 ам.доллараар торгож байсан хэдий ч хараахан амжилт олоогүй юм. Вьетнамд 15.3 сая тамхичин байгаагаас жил бүр 40.000 хүн тамхинаас үүдэлтэй зүрх, судас болон уушигны өвчнөөс болж амиа алддаг байна.

 

ОХУ

 

2013 оноос олон нийтийн газар, баар, зоогийн газар гэх мэт нэлээд хэдэн газруудад тамхи татахыг хориглосон. Тамхичдынхаа тоогоор дэлхийд дээгүүрт ордог тус улс хүн амын эрүүл мэндийг хамгаалах, тамхидалтын улмаас нас барагсдын тоог бууруулахын тулд ийм арга хэмжээ авсан хэмээн онцолж байв. ОХУ-ын хүн амын 39,1 хувь буюу 43,9 сая хүн тамхи татдаг гэсэн судалгаа байдаг.

 

Тус хуулиар галт тэрэг, төмөр замын буудал, зах зэрэг газруудад ч тамхи татахыг хориглож, гудамжны киоскуудаар худалдаалахгүй байхаар болсон юм. Мөн зөвхөн 50 метр квадратаас дээш талбайтай дэлгүүрт л тамхи зарахыг зөвшөөрөх боловч хүний нүдэнд ил задгай байрлуулахыг ч хоригложээ. Харамсалтай нь энэ хуулийн хэрэгжилт тун хангалтгүй байгаа аж.

 

МОНГОЛ

 

Тамхины хяналтын тухай хууль 2013 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр олон нийтийн газрууд буюу ресторан, бар, цэнгээний газар, кино театр, үзвэрийн газрууд, агаарын тээвэр, зорчигчдын галт тэрэг, зочид буудал зэрэг газар тамхи татаж болохгүй. Түүнчлэн цэцэрлэг, бүх шатны сургууль, дотуур байрны гадна, дотор орчин, цэцэрлэгт хүрээлэн, нийтийн орон сууцны орц, цахилгаан шатанд ч тамхи татахыг бүрэн хориглосон юм.

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор, мөн баар, цэнгээний газарт тамхи, тамхин бүтээгдэхүүнээр худалдаа хийхгүй байх, 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр тамхи худалдуулахгүй байх зохицуулалтыг нэмжээ.

Хэрвээ дээрх заалтуудыг зөрчвөл торгууль нь өндөр. Жишээ нь иргэн хүн тамхи татаж байгаад баригдвал 50 мянган төгрөгөөр торгуулж, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тамхи болон хууль бусаар олсон орлогыг нь хураах юм.

Мөн тамхины хайрцаг дээрх эрүүл мэндийн анхааруулгын эзлэх талбайг 33 хувь байсныг 50 хувь болгон нэмэгдүүлсэн байна.

Дашрамд сонирхуулахад, манай улс тамхины хэрэглээний түвшингээр дэлхийд эхний аравт ордог бөгөөд дөрвөн хүний нэг нь тамхи татдаг аж.

Монгол Улсад 2009 онд хийсэн” Халдварт бус өвчний эрстэлд хүчин зүйлийн тархалтыг тогтоох” судалгааг 15-64 насныхны хооронд хийхэд, эрэгтэйчүүдийн 48 хувь нь, эмэгтэйчүүдийн 6,9 хувь тамхи татдаг хэмээн хариулжээ.

 

Н.ЦЭНД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж