Таван толгойн иргэдэд ногдуулсан 1072 ширхэг хувьцаа бол өнгөрөгч сонгуулийн хамгийн том амлалтын нэг байлаа. Амлалт бол сонгуульд ялах үндсэн түлхүүр. Сонгуульд ялалт байгуулна гэдэг уг амлалтыг сонгогч олон дэмжиж гараа өргөжээ гэсэн үг. Ирэх сонгуулийн хугацаа наашилсаар. Улс төрчид дүнгээ тавиулах цаг айсуй. Гол зүйлээ ярихгүй тойроод булзах шиг Таван толгойн хувьцааны талаар улс төрчид яагаад ам нээхгүй, өөр сэдэв рүү ханараад байна вэ.
Таван толгойн хувьцааг төрийн талаас хариуцдаг байгууллага нь “Эрдэнэс-Таван толгой”. Төрийн өмчит “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр сарын өмнө тавигдсан Б.Батбилэгийн өнгөрсөн долоо хоногт өгсөн ярилцлагаас харахад Таван толгойн иргэн бүрт өгсөн 1072 хувьцааны шийдвэр улстөрчийнх байсан, одоо улстөрчид тус хувьцааг амь оруулах шийдвэрээ эргэн санах, санахаар барахгүй амласан тоо ширхэг үнээрээ байгаа эсэхэд санаачлага гаргах шаардлагатай байгаа талаар онцолсон байна. Өөрөөр хэлбэл, нэгэнт нэг сая төгрөгийн үнэ хүрэхгүй болчоод байгаа хувьцааны өнөөгийн үнэ хэд байхыг, хэрхэн нэмэгдүүлэх дээр бодит шийдэл гаргаж, ямар нэгэн аргаар иргэдийн хохиролгүй болгох ёстой гэж тэр үзэж байна.
Зөвхөн төмөр зам тавьснаар Таван толгойн үнэ цэнэ нэг тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэсэн судалгаа байгаа гэсэн байна. Энэ бол хувьцаанд шууд нөлөөлөх хамгийн том бодит шийдэл. Гэтэл хамгийн бодит үнэ цэнийн тухай сэдэв дээр улстөрчид хэдэн жил тойрч хэрэлдэв. Төмөр замын талаар бид олон жил ярьснаас биш, юу ч хийгээгүй. Бидэнд зардлаа бууруулах боломж байгааг ашиглуулахгүй гэсэн ямар нэгэн далд гар байна гэсэн зүтгэх төөрөгдөл, хардлагаас өөр одоогоор наалдсан зүйл алга байна. Одоо Төмөр замаа бариад Таван толгойн үнэ цэнийг нэмэгдүүлээсэй гэж олон түмэн мэдээж хүсч байгаа. Нүүрсний үнэ тааруу байгаа энэ үед Боловсруулах үйлдвэр барих олон тэрбум долларын зээлийг аваад ашиг гарахгүй. Харин ч санхүүгийн хүнд байдалд улам орж мэднэ. Төмөр замын өгөөжийг үзэж, нүүрсний ханш чангарсны дараа Боловсруулах үйлдвэрээ бариад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлээсэй гэж дэмжиж байгаа. Тэгвэл Таван толгойн нэгж хувьцаа суга өснө.
Таван толгойд олон улсад хувьцаа гаргах боломж бий юу? 2010 онд Улсын Их Хурлын тогтоолоор Таван толгойн 30 хүртэл хувийг нь гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр зах зээлийн үнээр худалдаална хэмээн заасан байдаг. Харамсалтай нь одоо хувьцаа гаргаад ч, түмний хэлдгээр “өөхөнд ороосон ч үхэр тоож идэхээргүй” болчихлоо. Монголын хөрөнгө оруулалтын орчин тун муу байна, Хөрөнгө оруулагчид одоогоор улс төрийн шийдвэр зах зээлийн жигд голдиролд шууд болон шууд бусаар нөлөөлдөг, тогтворгүй монголчуудад итгэж Таван толгойн хувьцааг авахыг лав хүсэхгүй нь тодорхой болсныг амтай болгон шаагиж байна. Ийм нөхцөлд гучин хувь байтугай гурван хувийг зах зээлд гаргаад ч хүн худалдаж авахааргүй үнэ цэнэтэй болчихсон юм биш биз?
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны тогтоолоор Таван толгойн хувьцааны нэг бүрийн үнийг 933 төгрөгөөр “тогтоож” байсансан. Энэ мөн л улстөрчдийн шийдвэр байсан. Хувьцаагаа одоо ямар үнэтэй талаар судалтал нэгж хувьцааны үнэ 933 төгрөг байтугай болоод байгаа сурагтай. Иймд нэгж хувьцааныхаа бодит үнэ цэнийг яг хэд вэ гэдгийг олон түмэн мэдэх эрхтэй. Нэгж хувьцааны үнэ тодорхой болбол дараа, дараагийн алхам болох хэрхэн өсгөж, ямар үр ашиг гарахыг бодитоор харах боломжтой болно.
“Эрдэнэс-Таван толгой”-н шинэ захирал Б.Батбилэг ямартаа ч ард түмний хувьцааны ханшийг тогтоох, үр ашгийг нь нэмэгдүүлэх шийдлүүдийг олж харсан бол сайн хэрэг. Хэрхэн цаг алдалгүй бодит ажил хэрэг болгох нь улстөрчдийн идэвхи зүтгэлээс хамаарна.
Сонгууль угтсан улстөржилтийн шуугиан дунд орхигдох ёсгүй сэдэв бол Амлалт. Ард түмэндээ газрын баялагаас хүртээх төрийн “хайр” цаасан дээр бичээстэй дараагийн сонгуультай золгох уу, амь орж амлалт биелэх үү? Эсвэл шийдэл болж төрийн шийдвэрт тусах уу? Тусахгүй гэвэл улс төрчид ирэх жил сонгуульдахаар тойрог тойрог руугаа очиход нь сонгогчдоос ирэх эхний асуулт Таван толгойн хувьцааны талаар байх вий.
Ц.САНЧИР