Түүхий тосны татварын орлого 75 тэрбумаар тасарна

Хуучирсан мэдээ: 2015.06.03-нд нийтлэгдсэн

Түүхий тосны татварын орлого 75 тэрбумаар тасарна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Газрын тосны асуудлаар Уул уурхайн яамны мэдээллийг сонслоо.

Энэ оны эхний таван сарын байдлаар 350 мянган тонн газрын тос импортлогдон орж иржээ. Нөөцийн хувьд нефтийг 30 хоногоос доош буулгахгүйгээр татаж авсан байдаг. Импортоор орж ирж байгаа нефтийн бүтээгдэхүүний 51 хувийг зөвхөн ДТ эзэлдэг бол 1 хувийг онгоцны түлш, 6 хувийг тос, тосолгоо, шингэрүүлсэн шатдаг хий, үлдсэн хувийг бензин эзэлдэг байна.

Нефтийн бүтээгдэхүүнийхээ 92 хувийг зөвхөн ОХУ-аас буюу Роснефть компаниас, Хятад, БНСУ-аас тус бүр 1 хувийг татдаг. Энэ нь Роснефть компани Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний монофоль нийлүүлэгч гэж тодорхойлж болохоор байгаа юм.

Дэлхийн зах зээлд 2014 оны сүүл, 2015 оны эхэн үед газрын тосны үнэ буусан ч одооноос буцаад өсч эхэлжээ. Гэхдээ Монгол Улсад жижиглэнгээр худалдаалагдаж байгаа нефтийн бүтээгдэхүүний үнэд энэ нь нөлөө үзүүлээгүй юм.

Холбогдох албаны хүний мэдээллээр бол 2011, 2012 онтой харьцуулахад, нефтийн бүтээгдэхүүний үнэ Монгол Улсад тогтвортой байсан нь сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд Засгийн газар, Монголбанк хамтран Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүн аж. Түүнээс 2011 онд нефтийн бүтээгдэхүүн тогтмол өссөөр 1 литр тутамдаа 310 төгрөгөөр нэмэгдэж байжээ.

Гэхдээ Монгол Улсын хувьд ирээдүйд нефтийн бүтээгдэхүүний хэрэглээгээ гаднаас хараат байдлаар хангах нь зохисгүй, дотоодын нөөцдөө тулгуурлаж, нефтийн үйлдвэр байгуулах ёстой гэж үзэж байна. Нефтийн хэрэглээгээ хангахын тулд занараас түлш, хий гаргах, нүүрснээс шингэн түлш гаргах боломжтой аж. Гол нь эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд урт удаан хугацааны хөрөнгө оруулалт шаарддаг, эрсдэл өндөртэй. Дээр нь зардлаа нөхөхөд олон жил шаарддаг тул хөрөнгө оруулагч нарын хувьд болгоомжлол ихтэй байдаг аж.

Мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын дарга З.Энхболд “Дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ унасантай холбоотойгоор татварт төвлөрөх орлого хэдий хэмжээгээр буурах, мөн занарын хайгуулын ажил ямар шатанд яваа. Иргэдтэй уулзахад “Монгол Улс газрын тостой хэрнээ гадаадаас импортлоод байдаг нь ямар учиртай юм бэ. Яагаад дотооддоо түүхий тосоо олборлож ашиглаж болдоггүй юм бэ гэдэг асуудлыг тавьдаг. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажил юу болсон бэ” гэдгийг тодрууллаа.

Уул уурхайн сайд Р.Жигжид “Шинэчлэлийн Засгийн газрын үед нефть боловсруулах үйлдвэрийн асуудлыг Уул уурхайн яам хариуцдаг байсан бол Шийдлийн Засгийн газар байгуулагдсанаар энэ асуудал Аж үйлдвэрийн яаманд шилжсэн.

Шинэ он гарах хүртэлх байдлаар нефть боловсруулах тусгай зөвшөөрөл авсан 11 аж ахуйн нэгж байсан. Тэднээс “Дархан газрын тос” үйлдвэртэй холбоотойгоор Засгийн газраас хэд, хэдэн шийдвэр гаргасан ч сүүлдээ зогсонги байдалд орсон. Энэ нь Японы талтай тохирсон хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тус үйлдвэрийг байгуулах тохиолдолд дотоодын нөөцдөө тулгуурлах ёстой гэсэн шийдвэр гаргасан. Гэвч дотоодоос гаргаж байгаа түүхий нефть нь тус үйлдвэрийг хангах хэмжээний биш, нэмж гаднаас эх үүсвэр импортлох шаардлагатай. Дээр нь олон улсын төвшинд хүрэхүйц газрын тос боловсруулах шаардлагатай зэрэг шалтгааны улмаас энэ ажил зогсонги байдалд орсон аж. Гэхдээ одоо энэ ажил ямар шатанд явааг мэдэхгүй. Одоогийн Засгийн газрын хувьд зүүн, өмнөд, баруун бүсэд газрын тосны үйлдвэр байгуулах чиглэлээр бодлого барьж ажиллаж байгаа” гэх хариулт өглөө.

Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн “Занарын хайгуулын ажил эрчимтэй хийгдэж байна. Төв, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймгуудад занарын хайгуулыг хийж байгаа. Агентлагийн хувьд газрын доор занарын хэдий хэмжээний нөөц байна вэ гэдгээ тогтоож авъя гэдэг байр суурь барьж байна” гэлээ.

Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ унасан нь Монголоос Хятад руу гаргаж байгаа түүхий тосны үнэд мөн нөлөөлж, татварын орлого тодорхой хэмжээгээр буурах болж буй аж. Газрын тосны газрын даргын тайлбараар бол энэ онд 285 тэрбум төгрөг түүхий тосны экспортоос орж ирнэ гэж тооцоолсон ч 75 тэрбум төгрөгөөр дутах эрсдэл бий. Учир нь энэ оны эхний таван сард 105 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон байсан ч ердөө 57.7 тэрбум төгрөг төвлөрчээ. Ийн орлого буурахад, 2015 оны нэг, хоёрдугаар сард газрын тосны үнэ унасан байсан нь нөлөөлсөн. Прогнозоор цаашдаа газрын тосны үнэ өснө, ойролцоогоор нэг тонн нь 64.8 доллар болж өснө. Ирэх зургадугаар сард ОПЕК хуралдана, тэндээс гарах шийдвэр мөн үнэд тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлж мэднэ.

Оны эцэст газрын тосны экспортоор 210 тэрбум төгрөг төвлөрөх магадлалтай. Өөрөөр хэлбэл, төсөвт төвлөрүүлэх татварын орлого 75 тэрбум төгрөгөөр дутах эрсдэл хүлээж буй юм байна.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Дэлхийн зах зээлд нефтийн үнэ буусан хэдий ч Монголд энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ буугаагүй. Эндээс нефтийн компаниуд хожоо гаргав уу. Аль эсвэл тойруу байдлаар төр ямар нэг байдлаар зохицуулалт хийв үү” гэдэгт хариулт хүслээ.

Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн “Нефтийн бүтээгдэхүүн 40-50 хувиар хямдарсан. Жилдээ Монгол Улс нефтийн бүтээгдэхүүн импортоор авахад 1.5-1.7 тэрбум ам.долларыг зарцуулдаг байсан бол үнэ хямдарснаар энэ онд 800 орчим сая ам.доллар зарцуулах болов уу.

Үнэ хямдраагүй байхад нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахын тулд бүхий л авч болох арга хэмжээг авсан байсан. Үнэ буурснаар ОАТ, Гаалийн татвар, НӨАТ-аа бүрэн сэргээсэн. ОАТ-аар дамжуулж 248 тэрбум төгрөг төсөвт орж ирнэ” гэсэн хариулт өглөө.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж