Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг алтны зарим уурхайг өнгөрсөн сарын дундуур хаасан. Уг ажиллагааг зохион байгуулсан Тагнуулын болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажилтнууд “Энэ компаниуд хууль зөрчсөн тул үйл ажиллагааг нь зогсоолоо” гэсэн акт тогтоосон аж. Өдгөө чухам хэн нь хууль зөрчсөн бэ гэдэг нь сайн ойлгогдохгүй байгаа. Гэхдээ энэ ч яах вэ. Яваандаа учир нь олдох биз. Үүнээс гадна үнэхээр сонирхолтой нэг үйл явдал болсон байгаа юм. Үүдээ түгжүүлсэн компаниудын нэг болох “Шижир алт”-ын захирал тэр даруй хотод иржээ. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Татварын ерөнхий газраас тухайн компанийг “Шилдэг татвар төлөгч, нийгмийн хариуцлагаа хамгийн сайн хэрэгжүүлэгч компани”-аар шалгаруулаад захиралд нь мундаг том өргөмжлөл өргөн барьсан байна. Эвгүй байдалд орсон захирал өөрсдийг нь өргөмжлөөд байна уу, доромжлоод байна уу гэдгийг үнэхээр ялгаж салгаж чадаагүй гэнэ. Ийм тохиолдолд хэн ч эвгүй байдалд орох нь ойлгомжтой. Ер нь төрийн нэг институци өнөөдөр “хууль зөрчсөн” гэж зандраад, маргааш нь “шилдэг, хариуцлагатай” хэмээн өргөмжлөөд байвал ёстой алмайрч дуусна биздээ. Бусдад ч буруу үлгэр дуурайл үзүүлж байна. Бодит байдал дээр бүх хуулийг ягштал мөрдөж, хариуцлагатай ажилладаг компани тийм ч олон биш. Тэгвэл одоо жинхэнэ хууль зөрчдөг компаниуд нь дээрх сонин үзэгдлээс болоод “Бид шилдгийн шилдэг өргөмжлөлөө авъя аа” гээд жагсаал хийвэл яана. Мөн мөрөөрөө ажиллаж байсан компаниуд “Хууль зөрчвөл шилдэгт тооцогддог юм байна” гэж хадуураад хуудуугүй зан гаргаж эхэлбэл яах вэ. Бодох л асуудал.
Хууль зөрчвөл шилдгээр өргөмжилнө
“Шилдэг, шилдгийн шилдэг аж ахуйн нэгжээр шалгарах” нь тухайн байгууллагын хувьд нэр төрийн хэрэг. Түүнчлэн аливаа өргөмжлөл, шагнал хүртэж гэмээнэ ажилчид нь урам зоригтой ажилладаг шүү дээ. Тийм ч учраас компанийн захирлууд топ аж ахуйн нэгжийн тоонд багтахын төлөө хахууль өгөөд ч хамаагүй үхэн хатан зүтгэдэг. Гэтэл орчин үед элдэв шагнал, урамшуулал нь бусдын нэр хүндийг өсгөх бус тавлаж, доромжлох хэрэгсэл болж хувирсан байна. Ганцхан жишээ дурьдъя.
Ч.ДАШДЭЛЭГ