Сүүлийн үед манай урлагийнхан урилгаар энд, тэнд очиж уран бүтээлийн дээжээсээ өргөн барьж халтуур хийх болсон. Хэн хэдэн төгрөг амлахаас шалтгаалан ямар байдлаар бэлтгэж очих вэ гэдгээ ч ярилцдаг байх, тэд. Үүнийгээ урлагийн одууд маань “биеэ үнэлэх” гэж нэрлэчихээд, өөр хоорондоо тэр тэдэн төгрөгөөр өөрийгөө үнэлж гэнэ хэмээн маазран ярилцдаг юм билээ.
Мөнгөө төлөөд үйлчилгээ авч байгаа учраас уригч, уригдагч хоёр лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаа алга. Гэхдээ л урлаг гэдэг нэг утгаараа бусдыг гэгээрүүлж, сэнхүүрлэх үүрэгтэй учраас биеэ үнэлсэн ч бас учиртай үнэлмээр санагдах юм. Тэрбээр, Өнөөх “биеэ үнэлж” байгаа нөхдүүд чинь чанарын шаардлага хангахгүй ёстой л мөнгөнд нь тааруулсан үйлчилгээ үзүүлчихээд явчихдаг гэнэ шүү. Энэ нь ч сүүлийн үеийн дуучид ганцхан хит дуутай болоод байгаагийн хар гай юм даа.
Тэд “Од” болохын хүслэнд хэт автаж, олдсон шүлгэнцэртээ ая хийлгэн дуулж байгаа нь ч үнэн. Өөрөөр хэлбэл, эрх дураараа “СТА”-ууд маань дууг хаана, хэрхэн дуулах, юуг дуулахгүй вэ гэдгээ ялгаж салгахаа ч больж. Нөгөөтэйгүүр энэ асуудалд хэн нэгэн нөхрийн мөр холбосон үг бүрт мөнгөөр ая хийдэг хөгжмийн зохиолчдын үнэ цэнэгүй байдал ч нэмэр болж байгаа биз. СТА гэсний учир нь сүүлийн үед ганцхан дуу дуулаад тэр дуугаа телевиз, радиогоор минут тутамд цацаж, хүчээр хит болгоод л шууд СТА цол тэмдэг аваад байгаа учраас тэр л дээ.
Ямар сайндаа л цахим сүлжээгээр “Нүдээ аниад нэг машин оноход тэр нь приус байна, жолооч нь СТА, бас цаа бугын гуталтай” гэсэн онигоо шиг зүйл цацагдаж байхав дээ. Хүн цаг, минут бүхэнд сонсоод байгаа зүйлээ өөрийн мэдэлгүй дагаж аялах нь ойлгомжтой. Тиймээс л ямар нэгэн арга хэмжээндээ ганцхан дуутай, СТА цолтой “од”-ыг нэлээн хэдэн төгрөг төлж авчирдаг. Гэтэл тухайн “од”-ын ганцхан дуу нь уригдан ирсэн арга хэмжээнд тохирох эсэх нь бас асуудалтай.
Тухайлбал, хайрт хосуудын хурим дээр очоод Санахдаа, Хайрлах л байсан даа, Хадамд гарсан бүсгүй гэх мэтээр амрагийн дуу дуулаад байвал юу болох вэ. Гэзэгний үзүүр сэрэл хөдөлгөдөг дууг хүүхдийн сэвлэг үргээх найранд дуулахаас л наагуур аашлах юм. Зөвхөн дуучид гэлтгүй сүүлийн үеийн хошин урлагийн продакшнууд мөн л очсон арга хэмжээнийхээ утгыг нь алдуулдаг боллоо. СТА цолтой дуучид дуулах дууныхаа шүлгийг ойлгодоггүй эсвэл мэдэхгүй, буруу газар буруу цагт “залаад” байгаатай адил хаана, юу үзүүлэх эсэхээ нэг л ойлгож, ухахгүй байгаа юмдаг уу даа.
Саяхан хүүхдүүд баярлуулах нэгэн сайн үйлсийн арга хэмжээнд манай нэрд гарч, алдар нь цуурайтаж байгаа бүх л продакшны уран бүтээлчид ирж уран бүтээлийнхээ дээжээс хүргэв ээ. Гэтэл хошин урлагийн залуус ёстой л янагийн шидийг үзүүлж гарлаа. Шөнийн цэнгээний газруудад хит болж байгаа гадаад хамтлагуудын доргио дууг, чанга тавиад, янаг бүжгийг яаж хийдэг вэ гэдгийг яруу тодоор үзүүлж өгөв. Ёстой өмнөөс нь “бөгс улаймаар”.
Амралтын өдөр байсан болохоор ч тэр үү хошин урлагийн залуус уранхай жинс, саравчтай малгай, спорт пүүзээр жигдрэн гангарч сайн үйлсийн аянд нэгдэж буй нэрийдлээр далимдуулан салхинд гарч “балай” авахаар төлөвлөж дээ гэсэн ойлголт л үзэгч надад үлдсэн. Бөөр, бөгсөө эв хавгүй хөдөлгөх бүжгээ 10 настай жаалуудад үзүүлсэн гэхээр л.
Олны танил гэх телевиз, радиогоор дуулж, жүжиглээд байдаг эрхмүүдийг харж, хамтдаа тоглон, наадаж цагийг зугаатай өнгөрүүлэхээр ирсэн бяцхан жаалууд маань өнөөдүүлийг хэрэндээ л дуурайж “янаг” бүжгийг нь хийж харагдсан. Үнэхээр сайн үйлсийн аянд нэгдээд хүүхдүүдэд зориулсан урлагийн номер үзүүлэх сэтгэл байсан бол бяцхан үзэгчиддээ зориулсан цоглог дуу эсвэл сургамжит үзүүлбэр ганцыг бэлдээд ирэх нь тийм ч их цаг, зав, хөлс хүч шаардсан зүйл биш баймаар.
Тэгж чадах авьяастай хүмүүс л урлагийн гал тогоонд буцалдаг байлгүй дээ. Тэгэхээр л лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү гэж хаяж боломгүй байгаа биз. Залуу дуучин бүсгүйг хүүхдэд нь зориулж дуулаад, аавд нь зориулж хувцасладаг гэж элэглэдэг шиг уригдсан бүжигчид залуу аавуудад зориулж бүжиглэв үү, бяцхан жаалуудад бэлэг барих гэж ирсэн үү гэдгийг мэдэхгүй болох шахав. Нэртэйгээр нь янагийн бүжгийн дугуйлан хичээллүүлнэ ч гэдэг юм уу, эсвэл хүүхдэд нь зориулж дуулаад, аавуудад нь зориулж бүжиглэнэ гэсэн зарлал наачихвал арай үнэнд ойртох юм биш үү.
Ж.ӨӨДЛӨН
Эх сурвалж: www.mminfo.mn