Сэтгүүлчдийг эдийн засгийн чиглэлээр мэргэшүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчдийг эдийн засгийн чиглэлээр мэргэшүүлнэ

Эдийн засгийн салбарын талаар мэдээ, мэдээлэл бэлтгэдэг сэтгүүлч, сурвалжлагч нарыг мэргэшүүлэн сургаж, тэднээр дамжуулан уншигч, сонсогч, үзэгчдийн эдийн засгийн мэдлэг, мэдээллийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хөгжил ба хэвлэл мэдээлэл” хөтөлбөрийн нээлт хэвлэлийн хүрээлэнд боллоо. “Хөгжлийн төлөө сэтгүүлчид” гэсэн уриа бүхий хөтөлбөрийг Хэвлэлийн хүрээлэн Дэлхийн банк, АНУ-ын Олон улсын хамтын ажиллагааны эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадвар төсөл, Олон улсын валютын сан, Нээлттэй нийгэм форум, Олон улсын санхүүгийн корпораци, Санхүү эдийн засгийн дээд сургууль, Залуу эдийн засагч клуб зэрэг байгууллагатай хамтран хэрэгжүүлэх юм.  Хөтөлбөрийн нээлтийн үеэр Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах “Хүмүүст хамгийн хэрэгцээтэй боловч үргэлж хол байсаар байгаа эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг мэргэшүүлснээр мэдлэг, мэдээлэлд тулгуурласан иргэдийн оролцоог нийгэмд төлөвшүүлэх юм. Энэ клубын гишүүдийн хувьд эдийн засгийн мэдлэгээ зузаатгах, харилцан туршлага солилцох өргөн боломж нээгдэх болно” гэдгийг онцолсон. Одоогийн байдлаар сэтгүүлчдийн клуб 40 гаруй гишүүнтэй болжээ. Хөтөлбөрийн нээлтийн үеэр Дэлхийн банкны суурин төлөөлөгч Аршад Сайед, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, АНУ-ын Олон улсын хамтын ажиллагааны эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадвар төслийн тэргүүн Фернандо Бертоли нар эдийн засагч сэтгүүлчийн клубын ажилд амжилт хүссэн юм. Мөн сэтгүүлчдээ төлөөлөн  “NTV” телевизийн захирал М.Уламбадрах, “Ардын эрх” сонины Эдийн засгийн албаны дарга А.Алтантуяа нар үзэг нэгт нөхөдтэйгээ сэтгэгдлээ хуваалцлаа.

Д.Цээнэ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж