“Алтан дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан С.В.Паушокийг ар сайтай, сүүхээтэй нэгэн гэдэг. Монгол Улсад төлөх 120 гаруй тэрбум төгрөгийн татвараас зайлсхийж, арилжааны банкаар дамжуулан мөнгө угаасан гэх хэрэгт холбогдсон ч нэг ч удаа байцаалт, мэдүүлэг өгөлгүй оргон зайлсан нь дээрх яриаг батлах биз. Түүнийг оргосноос нь хойш Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав ОХУ-ын Ерөнхий прокурорт хандаж, шалгаж өгөх хүсэлтийг хоёр ч удаа тавьсан. Харин ОХУ-аас нааштай хариу ирүүлж байсан удаагүй юм. С.В.Паушок өөрийнхөө бурууг Монгол Улсын хууль тогтоомжийн алдаа хэмээн халхлан удаа дараа шүүхэд хандаж байсан ч Монголын шүүхээс тэр болгонд нь “Буруутай” гэсэн шийдвэрийг л гаргаж байсан. Харин үүний хариуд тэрбээр Монгол Улсын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгч байсан бардам эр. Монгол Улсын шүүхээс өөрийнх нь эсрэг гаргасан шийдвэрийг арбитрын шүүх цуцалснаар өөрийгөө ялалт байгуулна гэдэгт тэрбээр итгэл төгс байсан юм. Харин түүний энэ хүсэл талаар болж, арбитрын шүүхийн шийдвэр манай талд гарсан нь саяхан. Болдог зүйл болдогоороо өрнөж байтал “Арбитрын шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс С.В.Паушокийн хэргийг хэрэгсэхгүй болголоо” гэсэн хариултыг Улсын ерөнхий прокурорын газраас өгсөн нь С.В.Паушокийн зүгээс Монгол Улсад барьж буй гэнэтийн бэлэг болж хувирсан. Үүгээрээ тэрбээр өөрийнх нь ар тал ямар болохыг дахин нотолж чадлаа.
Р.САРАНГОО