Европт тархсан гэдэсний өвчнийг эмчлэх арга олдохгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Европт тархсан гэдэсний өвчнийг эмчлэх арга олдохгүй байна

Гэдэсний халдварт өвчин Европ тивийг сандаргаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас уржигдар мэдээлснээр 12 оронд өвчний 2000 гаруй тохиолдол илэрчээ. Нийт 19 хүн энэ өвчнөөс болж нас барсан аж. Түүнээс зөвхөн Германд 18, Шведэд нэг хүн амиа алджээ. Гэдэсний өвчний тархалт хамгийн их байгаа улс болох Германд өчигдрийн байдлаар цусны бохирдлоос үүдэлтэй бөөрний дутагдалд орсон хүмүүсийн тоо 573 хүрсэн байна. Энэхүү өвчинг олон улсад “HUS” хэмээн тэмдэглэдэг аж. Тус улсад зургаан хүн гэдэсний өвчин үүсгэгч “E coli” савханцараас үүдэлтэй бөөрний дутагдалд орж нас барсан бол бусад нь цусны бохирдлоос үүдэлтэй арай өөр хэлбэрийн өвчинд нэрвэгдэж амиа алджээ. “E coli” бактериас үүдэлтэй халдвар туссан хүмүүсийн 10 орчим хувь нь дээрх өвчин тусах магадлал өндөр байдаг аж.

Германд нөхцөл байдал хамгийн хүнд байгаа. Түүнээс гадна Австри, Чех, Дани, Франц, Нидерланд, Норвеги, Польш, Испани, Швейцарь, Их Британид хэдийнэ тархсан байна. Европын хүнсний аюулгүй байдлын хорооноос анх “E coli” гэдэг гэдэсний савханцраас үүдэж уг өвчин дэгдсэн гэж мэдээлсэн. Испанийн ногоо тариалдаг хүлэмжид ургасан өргөст хэмхнээс уг савханцар илэрсэн учир халдвар тархах эх үүсвэр тэндээс гаралтай хэмээн таамаглаж байв. Испанид ургасан хүнсний ногоог савлаж, янзлан Герман тэргүүтэй бусад орон руу гаргасан учраас тархалт хурдассан юм. Гэхдээ Европын хүнсний аюулгүй байдлын хорооноос уг мэдэгдлийг гаргасны дараа Евро бүсийн эрх баригчид “Өвчин үүсгэгч бактер хаанаас эхэлж тархсаныг хараахан олж чадаагүй байгаа” хэмээн мэдэгджээ. Одоогийн байдлаар Германы албаны шинжээчид ард иргэдээ түүхий улаан лооль, өргөст хэмх, шанцай хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. ОХУ, Катар зэрэг улс Европын аль ч орноос хүнсний ногоо, жимс импортлохгүй байх шийдвэр гаргасан бол АНУ Герман, Испаниас орж ирж байгаа өргөст хэмх, улаан лооль, шанцайн бүтээгдэхүүнийг маш нарийн шалгаж эхэлжээ.

Гэдэсний өвчин үүсгэхэд нөлөөлж буй “E coli” савханцар нь хүнийг богино хугацаанд бөөрний дутагдалд оруулж, төв мэдрэлийн системд нөлөөлөх замаар үхэлд хүргэх аюултай юм. Уг нь энэ бактер бага насны хүүхдэд  халдахдаа амархан байдаг бол энэ удаад зөвхөн Германд л гэхэд халдвар авсан хүмүүсийн 80 гаруй хувь нь насан хүрэгсэд байгаа аж. Тиймээс энэ нь “E coli” савханцарын шинэ хувилбар байж магадгүй гэх таамаг гарчээ. Хятадын эрдэмтэд ч үүнийг нотолсон байна. Бээжингийн генетик судлалын институтаас энэхүү гэдэсний савханцар нь сульфаномид, цефалотин, пени­циллин, стрептомицин зэрэг анти­биотикуудад тэсвэртэй болохыг нотолжээ. Гэхдээ одоогийн байдлаар эмчлэх аргыг нь илрүүлээгүй байгаа юм.

“E coli” гэдэсний савханцрын тархалт ийнхүү газар авч байсан тохиолдол өмнө нь хэд хэд бүртгэгджээ. “Jack in the box” хэмэээн нэрлэгддэг өвчин 1993 онд дэгдэж байж. Энэ нь гамбургерийн найрлаганд багтсан хүнсний бүтээгдэхүүнээс гэдэсний савханцар илэрснээс үүдэн маш богино хугацаанд олон хүнд халдварласан байна. Шинж тэмдэг нь одоогийнхтой адил. Бактериар дамжуулан бөөрний дутагдалд оруулж, эцэст нь бүр хүндэрсэн тохиолдолд үхэлд хүргэдэг. Тухайн үед энэ өвчнөөр 750 хүүхэд өвдсөнөөс дөрөв нь нас баржээ. Өөрөөр хэлбэл, бага насны хүүхэд амархан өвчлөмтгий байсан гэсэн үг. Өвчин анх дэгдэх үед түүний шалтгаан нь америкчуудын хамгийн өргөн хэрэглэдэг гамбургерээс үүдэлтэй болохыг тогтоосон нь нэлээд шуугиан тарьсан юм. Үүнээс болж АНУ-ын эрх баригчид хүнсний бодлогоо цогцоор нь өөрчилсөн билээ. Японд 1996 онд 12 мянган хүн гэдэсний бактериас үүдэлтэй өвчин тусч, 12 хүн нас барсан. Канадад 2000 хүн өвчилснаас долоо нь амиа алджээ. Харин энэ удаад Европт тархсан халдварт өвчин үүсгэгч гэдэсний бактер нь тэр үеийнхийг бодвол илүү тэсвэртэй, бас аюултай. Өөрөөр хэлбэл, халдварт өвчин үүсгэгч савханцар нь цаг хугацаа өнгөрөх тусам антибиотикт дарагдах чадвар нь буурсаар байгаа юм.

Дашрамд дурьдахад, ОХУ Европоос авах хүнсний ногоо, жимсний импортод хориг тавьсан нь Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм, журмыг зөрчиж буй хэрэг боллоо хэмээн Европын холбооны удирдагууд гомдолложээ. Үүний хариу болгож, ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин мэдэгдэл гаргахдаа “Бид ямар нэгэн дүрэм, журмаас болж ард иргэдээ хордуулахыг хүсэхгүй байна” хэмээн онцолсон байна. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болохын тулд 17 жил хөөцөлдсөн оросуудын хувьд энэ зунаас эхлэн эл асуудалд албан ёсоор нааштай хариу авна гэх таамаг гарсан. Гэхдээ ажиглагчдын дүгнэж байгаачлан ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев үүнийг их дэмждэг бол В.Путин Европын орнууд гэхээс илүү Хятад тэргүүтэй Азийн зах зээлтэй  харилцахыг илүүд үздэг билээ. Энэ нь Орос улс Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсэн ороход саад болж магадгүй юм. Харин энэ удаад гэдэсний халдварт өвчний тархалт хүчтэй байгаагийн улмаас Европоос ирэх импортод хориг тавьсан явдал нэлээд саад болж мэднэ хэмээн ажиглагчид дүгнэжээ.

Т.ЭЛИСА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж