Батлан хамгаалахын сайд нарын бага хуралд оролцов

Хуучирсан мэдээ: 2015.06.03-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалахын сайд нарын бага хуралд оролцов

Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын “Шангри-Ла яриа хэлэлцээ-2015” олон улсын бага хурал энэ сарын 30-31-ний өдрүүдэд Сингапур улсад боллоо. Олон улсын бага хуралд Монгол Улсыг төлөөлж Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Тус арга хэмжээнд 29 улсын төлөөлөл, үүний дотор 17 орны Батлан хамгаалахын сайдаас гадна олон улсын 6 байгууллага, аюулгүй байдал, стратегийн судалгааны 61 хүрээлэнгийн удирдлага, судлаач, эрдэмтэн, шинжээч, батлан хамгаалах аж үйлдвэрийн 27 корпораци, компаний төлөөлөгчид оролцож олон улс, бүс нутаг болон улс орны аюулгүй байдлын гадаад, дотоод орчинд өгч буй үнэлгээ, дүгнэлтээ хуваалцаж, санал солилцов.

 

 

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон бага хурлын үеэр Япон Улсын Батлан хамгаалахын сайд, Сингапур Улсын Батлан хамгаалахын дэд сайд, Канад Улсын ЗХЖШ-ын дарга, Номхон далай дахь АНУ-ын Цэргийн хүчний командлагч нартай хоёр талын уулзалт хийсэн байна. Уулзалтаар хоёр улс хоорондын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны явц, үр дүн, ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон арга хэмжээ, харилцааны хэтийн төлөвийн талаар яриа хэлэлцээ хийхийн зэрэгцээ Зүүн хойд Ази, Зүүн Европын бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцов.

 

 

Түүнчлэн ХБНГУ-ын Холбооны батлан хамгаалахын сайд, ИБУИНВУ-ын Батлан хамгаалахын сайд, БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд, ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд нартай товч уулзалт хийхдээ хоёр талын харилцаа, үүний дотор Монгол Улсын Зэвсэгт хүчин Германы Зэвсэгт хүчинтэй хамтран Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа талаар ярилцжээ. Мөн  Энэтхэг болон Орос улстай тус тус хамтран зохион байгуулж буй хоёр талын сургуулийн ач холбогдол, үр өгөөж, түүнчлэн “Хааны эрэлд” олон улсын энхийг сахиулах ажиллагааны хээрийн болон команд-штабын сургууль дахь олон үндэстний цэргийн хүчний оролцоо өргөжихийн хирээр харилцан ойлголцол, итгэлцэл, улмаар цэргийн харилцан ажиллагаа дээшилж буйн ач холбогдлыг талууд онцлон тэмдэглэв.

 

 

Энэхүү хуралд оролцсоноор Монгол Улсын нэр хүндийг бүс нутагт дээшлүүлэх, байр суурийг бэхжүүлэхээс гадна харилцаатай орнуудын батлан хамгаалах салбарын удирдлагатай хоёр талын уулзалт хийж,  хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, батлан хамгаалах салбар, цэргийн шинэчлэлийн бодлого, үйл ажиллагааг сурталчлах, бүс нутгийн аюулгүй байдал, стратеги, чиг хандлагын талаар шинэ мэдээлэл олж авах ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх бага хурлыг Лондонд төвтэй Стратегийн судалгааны олон улсын хүрээлэн Сингапур Улсын Засгийн газартай хамтран 2001 оноос эхлэн зохион байгуулж иржээ. "Шангри-Ла яриа хэлэлцээ" бага хурал нь Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын батлан хамгаалахын салбарын удирдлагыг олон талт арга хэмжээний хүрээнд нэгтгэж, дэлхий дахин, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, хамгаалах чиглэлээр улс орнууд хамтран ажиллахын ач холбогдлыг онцлохын зэрэгцээ нүүрлэж буй болон шинээр үүсч байгаа аюул занал, сорилт, эрсдлийг гэтлэн давах, бүс нутгийн орнуудын батлан хамгаалахын салбарыг хөгжүүлэх талаар баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, арга хэмжээний талаар нээлттэй яриа хэлэлцүүлэг явуулж, үзэл бодол, саналаа илэн далангүй солилцсон байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж