-Баярлалаа.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг М.Батбаяр гэдэг. 14 настай. Баянхонгор аймгийн “Бүргэд” боксын клубт хичээллэдэг.
-“Бүргэд” клубынхаа талаар ярихгүй юу. Боксоор хэзээнээс эхэлж, хичээллэсэн бэ?
-Би боксоор хичээллээд зургаан сар орчим л болж байна. Манай ах боксын клубт явдаг байсан. Тэгээд намайг хичээллээч гэсэн юм. Ахтайгаа цуг багштай уулзахад “Гар урттай юм. Сайн тамирчин болох байх” гээд намайг авсан. Харин би хоёрхон хоног яваад очихоо больсон. Учир нь надад их хүнд санагдаж байсан л даа. Ах манайд ирж, хичээллэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Тэр цагаас хойш шантрахгүй явж байна. Клубт 20 орчим хүүхэд байдаг. Хүүхдүүд их шантарч гардаг. Бэлтгэл, сургуулилтаас болж шантрах нь их.
-Боксоор хичээллээд ямар, ямар амжилт үзүүлэв?
-Энэ спортоор хичээллээд гурван тэмцээнд орж байна. Гурвуулангаас нь медальтай ирсэн. Анх “Алтан бээлий” клуб, Юнител корпорацийн нэрэмжит боксын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний аварга болж байлаа. Мэргэжлийн сургалттай биеийн тамирын дунд сургуулийн нэрэмжит “Тэмүүлэл” тэмцээний мөнгөн медальтай. Сая Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Бандийн нэрэмжит “Олимпийн гараа” тэмцээний аварга болсондоо баяртай байгаа. Намайг ингэж амжилт үзүүлэхэд багш минь их тусалсан. Багшдаа баярлалаа гэж хэлмээр байна.
-Чамайг тусалж, дэмжсэн хүн бүрт талархалын үгээ хэлж болно шүү дээ?
-Ээж, эгч болон багшдаа л баярлалаа гэж хэлье. Та нартаа хайртай шүү. Бас “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, “Үүрэгтэй залуус” христийн сүмийн залуус болон сургуулийнхаа захирал, найзууддаа баярлалаа.
-Багшийнхаа талаар ярихгүй юу?
-Манай багшийг Б.Оюунболд гэдэг. Миний бодлоор манай багш их сайн хүн. “Бүргэд” клуб ивээн тэтгэгчгүй. Багш өөрөөсөө мөнгө гаргаад биднийг хичээллүүлдэг. Улаанбаатарт ирж, тэмцээн уралдаанд оролцох зардлыг ч багш л гаргадаг. Олон хүүхэд ирж, тэмцээнд оролцох гэхээр мөнгөгүй учир цөөхөн хүүхэд л ирдэг. Бид ивээн тэтгэгчтэй болбол улам их амжилт үзүүлэх байх гэж боддог юм. Багш бидэнд зөвхөн бокс заах бус эр хүн, тамирчин хүн ямар байх ёстой вэ тэр бүх зангийн талаар сургадаг. Бас “Боксыг сурч болно. Харин зан чанар, төлөвшлийг багаасаа эзэмших хэрэгтэй. Тэгэхгүй бол хожим хойно сурч болдоггүй юм” гэж байнга хэлдэг. Тиймээс биднийг дэмжээсэй бас манай клубт улам олон хүүхэд ирээсэй гэж хүсч байна.
-Чиний мөрөөдөл юу вэ?
-Би олимп, дэлхийн аварга болохыг мөрөөддөг. Одооноос бэлтгэлээ сайн хийгээд Монгол Улсынхаа нэрийг гаргана. Бокс өөрөө жинхэнэ эр хүний спорт гэж боддог. Тэр тусмаа мэргэжлийн бокс. Бидний өмсдөг бээлий бол хагас атгалттай байдаг бол мэргэжлийнх нь бүтэн атгалттай.
-Анх рингэнд гарахад сандарч байв уу. Аварга болсон тэр үеийнхээ сэтгэгдлийг хуваалцаач?
-Их сандардаг юм билээ. Гэхдээ рингэнд гарч тоглох нэг л гоё. Анх аварга болоход үгээр хэлэхийн аргагүй нэг тийм сайхан санагдаж байсан.
-Боксоос өөр юу сонирхдог вэ. Нууц авъяас бий юү?
-Дуулдаг, бүжиглэдэг. Бас морин хуур тоглодог. Манайх урлагийн гэр бүл. Манай ээж аймгийн театрт ажилладаг. Манай гэр бүл Хэнтий аймгийн Бор-Өндөрт байхад аав маань өнгөрсөн. Тэгээд бид Баянхонгорт нүүж ирсэн юм. Том эгч Солонгосоос саяхан ирсэн. Харин хоёр эгч одоо сургуулиа төгсч байгаа. Хоёулаа “Хаврын баяр” бүжгийн тэмцээнд оролцдог. Би энэ тэмцээнд оролцож, медаль авсан. Урлагаар медаль авахаар гэрийнхэн нэг их тоодоггүй байсан. Харин боксоор медаль авахад бөөн баяр болсон.
-Урлаг, спорт хоёрыг хослуулж чадаж байна уу?
-Би дуулж, бүжиглэхээ больсон. Олон тийшээ яваад яах вэ гэж бодоод. Харин морин хуураа хаяхгүй. Хамгийн том зорилго маань боксоор амжилт үзүүлэх. Тиймээс бүх хүч, авъяасаа бокст зориулах болно. Нэмэж хэлэхэд манай клубыг дэмжих юм бол бид улам их амжилт үзүүлж чадна гэмээр байна.
-Боксын спортоор амжилт үзүүлж, олимпийн аварга болоорой гэж ерөөе?
-Баярлалаа. Хичээх болно.