УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс аж үйлдвэрийн салбарын талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү бодлогод аж үйлдвэрлэлийн салбарыг 2030 он хүртэл гурван үе шаттайгаар хөгжүүлэхээр тусгасан юм.
Аж үйлдвэрийн сайдын тодотгосноор Монгол Улсын экспортын орлогын 90 хувийг дан ганц уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Ингэхдээ бүтээгдэхүүнээ түүхийгээр нь экспортолдог. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортод гардаг ч тэр нь ноолуур, малын арьс шир голлодог. Мөнгөн дүнгээр авч үзвэл 300 тэрбум төгрөгт эргэлддэг юм байна. Харин эдгээр бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгож, экспортод гаргаж, тоог хэмжээг нь нэмэгдүүлснээр ирэх таван жилд аж үйлдвэрлэлийн салбарын экспортыг 1 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьжээ.
Нөгөө талдаа үндэсний үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ экспортод гаргахдаа бие биентэйгээ өрсөлдөж үнээ унагадаг байна. Энэ байдлыг засахын тулд аж үйлдвэрлэлийн салбарт нэг цонхны бодлого барьж, зохицуулалт хийх аж.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл Аж үйлдвэрлэлийн салбарын төрөлжилтөд анхаарч, аж үйлдвэрлэлийн салбар хөгжсөн орнуудын жишгээр статистик мэдээллээ нарийн гаргаж, хөгжлийг нь тодорхойлох ёстой гэсэн саналыг дэвшүүлсэн бол УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар уг бодлого нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлоготой хэрхэн уялдаж байгаа вэ гэдгийг тодруулж байлаа.
Төрөөс аж үйлдвэрийн салбарын талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн тайлбараар бол бодлого Монгол Улсын хөгжлийн урт удаан хугацааны бодлоготой нягт уялдаж байгаа аж.
Ажлын хэсгээс тус бодлоготой холбоотойгоор 40 шахам зарчмын зөрүүтэй саналын томъёолол оруулж ирснийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээр санал хураалгаж байна.
Онцлоход, УИХ-аас Төрөөс аж үйлдвэрийн салбарын талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталснаар дараах үр дүнд хүрнэ гэж үзэж байна. Үүнд
1.Аж үйлдвэрийн салбарт дэвшилтэт техник, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд суурь болно.
2.Аж үйлдвэрийн хөгжлийн бүсийг тодорхойлон "Монгол Улсын аж үйлдвэрийн нэгдсэн төлөвлөлт, зураглал"-ыг экосистем, хүн амын нутагшил, суурьшил, түүхий эдийн нөөц, дэд бүтцийн бодлоготой уялдана.
3.Үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, үйлдвэрлэлийн кластер, чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн парк, тээвэр логистикийн сүлжээг цогцоор нь төлөвлөн хэрэгжүүлнэ.
4.Дэвшилтэт техник, өндөр технологи, инновацид суурилсан, нийгэм, эдийн засгийн үр ашиг бүхий боловсруулах үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалт, санхүүгийн бодлогоор дэмжих.
5.Аж үйлдвэрийн салбарт төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагааг дэмжих.
6.Аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах, бэлтгэх.
7.Худалдааны таатай орчинг бүрдүүлэх, экспортыг төрөлжүүлэх зэрэг шат дараатай арга хэмжээнүүд авагдах аж.
Г.ДАРЬ