Г.Дунбүрээ: Залуучууд хойч үедээ бид уран бүтээлээрээ дамжуулан түүхээ таниулан уламжлуулан үлдээх учиртай.
“С.Лувсанвандан” арт галерейн “Цуглуулгын дээжис” үзэсгэлэн Монголын дүрслэх урлагийн сүүлийн 70 жилийн түүхэн дэх охь сор болсон бүтээлүүдийг тавдугаар сарын 27-ноос зургадугаар сарын 1-ний хооронд Монголын Уран зургийн галерейд дэлгэлээ.
Тус галерейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа үе үеийн шилдэг 100 гаруй зураачийн уран бүтээлийн дээжис үзэсгэлэнд тавигдсан байна.
Үзэсгэлэнг С.Лувсанвандангийн зээ хүү Ц.Эрдэмбилэг нээж үг хэлсэн юм. Урлаг, спорт, улс төрийн төлөөлөгчид хүрэлцэн ирж сонирхлоо.
Энэ үеэр Урлагийн гавьяат зүтгэлтэн, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Г.Дунбүрээтэй уулзахад “Бидний багш Г.Одон, Н.Цүлтэм гуай, Л.Гаваа гуай энэ сайхан оргил үеийн буурал дээд үеийн мөнхийн бүтээл энэ урын санд хадгалаастай байна.
Орчин цагийн уран зургийн шилдэг залуу уран бүтээлчдийн шинэ содон бүтээлүүдтэй танилцах боломжийг ч олгож байна.
“С.Лувсанвандан” арт галерейд миний “Их хүрээнд Эндрьюс ирсэн нь” бүтээл хадгалагддаг. Өнөөдөр энэ үзэсгэлэнд тавигдсан байна.
Эндрьюсийн хувьд Монголд дөрвөн удаа ирж байсан хүн. 1991-1924 оны хооронд зорчиж байсан. Газар зүй, байгаль судлаач Д.Эндрюс анх 1919 онд орж ирэхдээ Богд хаанд лимүүзэн гэдэг машин бэлэглэж байсан тэр хүн Их хүрээ гэдэг бол өвөрмөц их урлагтай сайхан дүрслэлтэй хот юм байна. Ийм учраас хутагтуудын ариун хот гэж хэлсэн байдаг юм.
Энэ үг бол Монголын үе үеийн уран барилга, архитектурийн хосгүй бүтээлүүд цогцолсон Азидаа гайхагдсан гайхалтай хот байсны илэрхийлэл юм. Энэ бол бидний түүх юм.
Залуучууд хойч үедээ бид уран бүтээлээрээ дамжуулан түүхээ таниулан уламжлуулан үлдээх учиртай. Улаанбаатар гэдэг нэр урьд нь буюу 1916 оноос Номын хүрээ, Их хүрээ, Да хүрээ гэж нэрлэгдсээр ирсэн түүхтэй. 1924 онд Улаанбаатар гэж нэр өгсөн байдаг юм гэдгийг урлагийн бүтээлээрээ дамжуулан залуучууд маань таниж мэдэх нь чухал юм. С.Лувсанвандан гуай бол Монголын ард түмний нэртэй эрдэмтэн хүн. “С.Лувсанвандан” арт галерейг авч явж байгаа тэр хүний үр хүүхдүүд, ач зээ, гуч нарт нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэв.
Түүнчлэн “С.Лувсанвандан” арт галерейн зураач Б.Содномдаржаа “Энэ арт галерейд ороод жил орчим болж байна. Уран бүтээлч бид мөнгө санхүүгийнхээ байдлаас болж тэр болгон бодсон санаа, төсөөлөл болгоноо зурж чаддаггүй. Арт галерейд орсноороо би маш олон санаануудаа туршиж үзсэн” гэлээ.
Дашрамд дурдахад www.luvsanvandanartgallery.com хаягаар хандаж, уран зургийн дээж бүтээлүүдийг үзэх, цаашилбал таалагдсан бүтээлээ худалдан авах нөхцлийг ч давхар бүрдүүлжээ. Энэхүү үзэсгэлэнг дэмжигч байгууллагаар “Богд” банк ажилласан байна.