Газраа барьцаалдаг болох нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2015.06.03-нд нийтлэгдсэн

Газраа барьцаалдаг болох нь зөв үү?

Өнгөрөгч долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцсэн нэг чухал асуудал Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай  хууль байв.

Чуулганы хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэхийг олонх нь дэмжсэн. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад эргэж харах шаардлагатай олон асуудал  бий. Газар бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын баталгаа. Энэ утгаараа газартай холбоотой асуудалд болгоомжтой хандах нь зүйн хэрэг. Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслөөр газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэн хүн өөрийн эзэмшиж буй газраа барьцаалах боломж  олгоно.

Хууль санаачлагчдын зүгээс банкууд зээлийн баталгаанд ихэвчлэн барилга байгууламж, орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж байгаагаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, өөрийн гэсэн үл хөдлөх эд хөрөнгөгүй иргэд, хуулийн этгээд зээл, санхүүгийн аливаа үйлчилгээнд хамрагдаж, хэрэгцээтэй санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ олж авч чадахгүй байна.

Иргэний хууль болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгүүлж болохоор тусгасан  ч бүртгүүлэх, бүртгүүлснээс үүсэх үр дагаврын талаар тодорхой заагаагүй учраас амьдрал дээр хууль хэрэгжихгүй байгаа аж. Энэ мэт шалтгаанууд нь хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, хөрөнгийг үр ашигтай байлгах, зээл, санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгон ашиглах шаардлага байгааг харуулж байна гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл 1992 оны Үндсэн хуулиараа иргэн бүр газар өмчлөх эрхийг олгосон бол энэ удаагийн хуулиар газраа барьцаалах,  эргэлтэд оруулах боломж олгох юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар хуулийн төсөлд  нэлээд шүүмжлэлтэй хандаж  байгаа. Түүний хувьд зах зээлийн зарчмаараа бизнес хийх орчин бүрдээгүй байхад ийм хууль гаргах нь өрөөсгөл гэж  үзэж буй. Банкны барьцаанд  байраа хураалгах гээд уйлаад явж байгаа иргэдээс  судалгаа аваагүй  байж   газрыг нь барьцаалах, зээлээ төлөхгүй бол шүүхээр явахгүйгээр  шууд хураалгах  хууль оруулж  байгаа нь зэрлэг капитлизм руугаа явж байгаагийн  шинж хэмээн дэмжихээс татгалзсан бол УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл  18 насанд хүрээгүй хүүхдийн нэр дээр байгаа газрыг барьцаалахыг шууд хориглох  хэрэгтэй гэснийг энд анхаарахгүй орхиж болохгүй. Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Баярсайхан  “Сүүлийн 20 жил  банк санхүүгийн сүлжээг атгаж, мөнгө хүүлж буй хэдхэн хүн, нөгөө талд  мөнхийн мөнгөний гачаалд байдаг иргэд байна.Тиймээс эдийн засгийын эргэлтэд оруулах гэдгээр  далайлгаж, асуудалд өнгөц хандаж болохгүй”  гэж анхааруулсныг энд дурдая.

Маргаан дагуулж буй бас нэг асуудал нь иргэн өөрийнхөө өмчлөх эрхтэй холбоотой асуудлаар шүүхээр явахгүй,  давж заалдахгүй  гэж гэрээ байгуулах. Энэ нь нэг талаас хөрөнгийн эргэлтийг нэмэгдүүлэх, зээлийн эрсдлийг бууруулах сайн талтай ч Үндсэн хуульд заасан  иргэн шүүхэд гомдол гаргах, давж заалдах эрхтэй гэснийг зөрчих, Үндсэн хуулийн цэц дээр унахвий гэх болгоомжлол. Гэхдээ хууль санаачлагч хуулийн төслийг Үндсэн хуультай  зөрчилдөхгүй гэдэгт итгэлтэй байгаа. Хуульзүйн сайд Д.Дорлигжав “Иргэдэд сонголтыг олгосон. Энэ хууль гарахгүй бол газраа эргэлтэд оруулж чадахгүй. Байр сууц, газраа барьцаалах нь хувь хүний хариуцлагын асуудал” гэж тайлбарлаж буй.

Энэ мэт яах аргагүй эргэж харах шаардлагатай, шүүмжлэлтэй хандахуйц асуудлууд хуулийн төсөлд байгаа нь үнэн. “Долоо хэмжиж нэг огтол” гэж хэлсэнчлэн газраа барьцаалах, эргэлтэд оруулах асуудалд нухацтай хандах ёстой. С.Ганбаатар гишүүний шүүмжлэл, Ц.Оюунгэрэл гишүүний анхааруулга, Г.Баярсайхан гишүүний болгоомжлолд үнэний хувь бий.

Хуулийн  төслөөр гадаадын иргэнд газар худалдах асуудлыг огт хөндөөгүй.  Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиар газар өмчлөх  эрхийг иргэн бүрт олгож, 2002 оноос хойш хоорондоо худалдах эрхтэй болсон.  Харин одоо  газраа  эдийн засгийн эргэлтэд оруулах боломж олгох хуулийн төсөл орж ирээд байна. Хуулийг байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх явцад дээрх зөрчилтэй асуудлыг эргэж харахыг хүсье.

С.ОТГОНСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж