Манай улсын хувьд олон улсын хөрөнгийн бирж дээрээс хөрөнгө босгох чадалтай компаниуд цөөнгүй бий гэдгийг чуулганд оролцогчид хэлж байна. Ялангуяа Австралийн Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах боломжтой компани олон бий аж. Гэхдээ хувьцаа гаргахаас өмнөх шатны санхүүжилт дээрээ гацчихдаг нь олон. Тодруулбал, анх хувьцаа гаргахад хамгийн тохиромжтой хэмээн Автралийн Хөрөнгийн биржид бүртгүүллээ гэхэд эхний ээлжинд тодорхой хэмжээний өрөмдлөг, судалгааны ажил хийсэн байх ёстой гэсэн шаардлагатай тулгардаг аж. Мөн нөөцөө тогтоолгоно гээд нэлээд хөрөнгө зардаг байна. Энэ хөрөнгө нь байхгүйн улмаас гаднаас хөрөнгө татаж илүү мөнгө олох боломжгүй болдог аж.
Чуулганы хоёрдугаар хэсэгт Монголын хөрөнгийн зах зээлийн талаар зөвлөлдсөн юм. Тухайлбал, Монголын хөрөнгийн биржийн ерөнхийлөгч Билл Горман, “Монгол-999” үндэсний нэгдлийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Аюуш нар хөрөнгийн зах зээлийн талаар өргөн хүрээний асуудлыг хөндөж байлаа. Ноён Билл Горман “Монголын хөрөнгийн зах зээлд асар их боломж бий болж байгаа. “Эрдэнэс-Тавантолгой” компани бол энэ боломжуудын зөвхөн нэг нь. Ер нь гадаад зах зээлийг сонирхохоос илүү дотоодын хөрөнгийн зах зээлээ чадавхжуулах нь зүйтэй” хэмээн ярьж байв.
Гадаад зах зээлд гарах боломжийн талаар “Си Пи Эс интернэйшнл” ХХК түншлэгчийн менежер Ж.Энхсанаагаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Бидэнд дэлхийн томоохон хөрөнгийн биржүүдээс хөрөнгө босгох, тоглогч болох боломж нээлттэй гэдгийг хэд, хэдэн жишээ харууллаа. Гадны хөрөнгийн биржүүдээс бидэнд аль нь илүү тохиромжтой байх бол?
-Ерөнхийдөө энэ хөрөнгийн бирж нь тохиромжтой гээд шууд хэлчихэж бас болохгүй байх. 2-100 сая ам.долларыг Австралийн хөрөнгийн биржээс босгох боломжтой. Харин Хонгконгийн бирж дээрээс100 сая ба түүнээс дээш ам.долларыг босгох боломжтой. Жишээ нь, “South Gobi Energy Resource” компани гэхэд анх Тронтод бүртгэлтэй байгаад Хонгконгийн хөрөнгийн бирж рүү шилжиж, 400 сая ам.долларыг тэндээс босгосон байдаг шүү дээ.
-Тэгвэл Монголын компаниуд Австрали эсвэл Торонтогийн зах зээл дээр гарахад хялбар байх нь ээ?
-Тэгж ойлгож болно. Ер нь манай улсын уул уурхайн компаниудаас эхний ээлжинд Австрали, Торонтогийн зах зээл рүү ороход боломж, нөөцтэй компани олон бий. Дээр нь жирийн иргэд ч Лондон, Хонконг, Торонто, Австралийн хөрөнгийн биржээс хувьцаа худалдаж авах боломж бидэнд нээлттэй болж байна.
-Гадаад зах зээл дээр Монголын компани гарахын тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?
-Бирж бүр харилцан адилгүй шаардлага тавьдаг. Австралийн хөрөнгийн бирж гэхэд хамгийн доод тал нь хоёр сая австрали доллар босгох, 400 хүн тухайн компанийг сонирхсон байх шаардлагатай гэдэг. Дээр нь цөөн хэдэн бизнес төлөвлөгөө, хөндлөнгийн аудитын шалгалт, геологичийн үнэлгээ байх ёстой.
Чуулганы үеэр Монгол-999 үндэсний нэгдлийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Аюуштай ярилцлаа.
-Монголын хөрөнгийн бирж дээр IPO хийсэн жишээ цөөнгүй байдаг юм билээ. Та эндээс сургамж болохуйц зүйл олон гарч ирсэн гэж ярьж байсан?
-Анх 2005 онд “Монгол шилтгээн” ХК IPO хийсэн. Түүнээс хойш 14 компани IPO хийж 61.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 251 сая ширхэг хувьцаа бүртгэсэн. Хэдхэн жилийн өмнө “Монфреш” компани IPO гаргаж тэр нь амжилтгүй болсон. Гэхдээ “Монфреш” компани зах зээлд эзлэх байр суурийн хувьд муу компани биш. Харин 20 тэрбум төгрөгийн IPO хийсэн “Анод” банк зургаахан сарын дараа дампуурсан. Тодорхой хэлбэл 20.1 тэрбум төгрөг. Зөвхөн энэ хоёр компанийн жишээ л ямар согог байгааг харуулж байгаа юм.
-Цаашид хөрөнгийн зах зээлд компаниудын оролцоог нэмэгдүүлэхэд юу хийх хэрэгтэй вэ?
-Юун түрүүнд Монголын хөрөнгийн биржийн бүртгэлийн шалгуурыг өөрчлөх замаар бүртгэлтэй компаниудын хувьцааны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн төрийн өмчит болон оролцоотой компаниудын хувьцааг гаргах хэрэгтэй. Яагаад гэхээр одоо Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцааны 70 орчим хувь нь төрийн мэдэлд байгаа. Мөн олон нийтийн ашиг сонирхлын компаниуд хувьцаат компани хэлбэртэй байх ёстой гэсэн шаардлагыг хуульчлах хэрэгтэй. Энэ гурван асуудлыг л анхаарвал хөрөнгийн зах зээлд нэлээд том алхам хийх боломжтой болно.