Хүн энэ сайхан дэлхий дээр ирээд л буцдаг. Мэлхий, хулгана зурам, араатан жигүүртэн, хорхой шавьж бус гагцхүү хүн болж төрнө гэдэг их хувь заяа. Цэнхэр уужим, тансаг гоёмсог энэ дэлхий дээр мөнх амьдрах юм шиг санаж, багталцаж ядан, бачимдан бухимдаж амьдрах нь хүн гэгч бодьгалын бас л нэг муу зуршил. Ирээд буцах энэ хугацаандаа утга учиртай, ууч сэтгэлтэй, баяр баясал, өөдрөг сайхан амьдрах нь ухаант хүмүүний шинж буюу.
Сүүлийн үед Монголчууд бид арай л их бухимдаж уцаарлаж амьдраад байх шиг. Бид хичнээн ихээр бухимдаж, дотор сэтгэлдээ шаналж хорсовч, энэ бүхнээс үл хамааран алтан нар манддагаараа мандаж, шувууд жиргэдгээрээ жиргэж байгаль дэлхий үзэсгэлэнт сайхнаараа гайхуулна.Бидний уур бухимдлаас болж галав юулж, дэлхий өөрчлөгддөггүй болохоор бид ердөө л өчүүхэн.
Харин та тэртээд харагдах уул руу алхаж очин орой дээр нь гарч тэртээх алсын барааг нэг ажаарай. Таны эргэн тойронд харагдах байгалийн үзэсгэлэн, уянгалаг хөг ялгуу, салхины зөөлөн илбээ юутай сайхан. Та хүн болж төрснийхээ хувьд энэ бүхнийг мэдэрнэ гэдэг их хувь заяа, аз жаргал бус уу. Уур уцаар зовлон шаналалаа тэртээд орхиод уртаар амьсгаа авч сайхан инээмсэглэ.
Тэнгэрт хуралдсан бараан үүлсийг зөөлөн салхи аядуухан хөөж, тэртээ чанад нар гарч ирэн, нарны бүлээн дулаахан цацраг бүхэн нь таныг илбэн аргадах мэт. Та бүхнийг умартаж, нарны цацрагаар бүх биед тань сүлэгдэн орж ирэх тэр л бүлээхэн, энхрийхэн илчинд сэтгэл тань уяран бүлээсч, хэн нэгнийг хайрламаар, уучилмаар бас баярлуулмаар санагдах вий. Энэ бүхний дэргэд таны сэтгэлийн бухимдал зовлон шаналал юу ч биш. Гагцхүү та хүн гэдэг агуу хувь заягагаа мэдрэх болно.
Бидний анзаардаггүй дарамт
Монголчууд бид яагаад ингэтлээ уцаарлан бухимдаж, бие биедээ эелдэг харилцаж, баярлуулахаас татгалздаг юм бол?
-Монголчууд бид хүүхдүүдээ багаас нь их төлөв зэмлэж зандарч хүмүүжүүлдэг. Алив зүйлийг бага гэлтгүй тайлбарлаж ойлгуулахын оронд “болохгүй ” гэдэг ганцхан үгээр хориг тавина. Чанга дуугаар зандарч зэмлээд, өөрөөсөө айн эмээх хүүхдээ харахдаа өөрийн “сүр хүчээ” мэдэрч , үр хүүхдүүдийнхээ дуулгавартай хүмүүжилтэйд ” сэтгэл ханана”. Харин өтөлж хөгширсөн хойноо өөрийг нь зандран зэмлэх үр хүүхдийнхээ араншинг ” байдаг л зүйл” мэтээр хандаж, өөрийг нь анхааран халамжилж байгаагийн нэг хэлбэр мэтээр хүлээн авна.
-Сургуульд орсон цагаасаа сургууль болон багш нарын олон хориг дарамттай учирна. Хүүхдийн сурч мэдэх оргилуун хүслийг нь ” дүн” гээр ялгаж, хязгаарлана. Алив зүйлийг өөрийнхөө төлөө сурч мэдэхээс илүүтэй, багшдаа шалгуулж дүн авдаг энэ гаж тогтолцоо идэр насны олон хүсэл тэмүүллииг унтрааж байгаа нь нууц биш.
Манай ангийн “онц сурлагатан” сурагч бол бүхнээс онцгой мундаг хүүхэд, “дунд сурлагатан” миний бие түүний хэмжээнд хэзээ ч хүрч чадахгүй, дундаж хувь заяатай гэсэн ангилсан ойлголт нь маш олон хүүхдийн өөртөө итгэх итгэл, урам зориг, авьяас чадварыг үгүй хийж байна.
-Өөрийн иргэн бүртээ сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх, өөрийгөө хөгжүүлэх, сэтгэл тайван амьдрах тэгш боломжийг хангаж дэмжих учиртай төр засгийн шударга бус, арчаагүй байдал ард иргэдийг үнэхээр бухимдуулж байна. Ялангуяа хуулийн тэгш бус үйлчилгээ, нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалт, жирийн иргэдийг ялгаварлан гадуурхаж байгаа нийгмийн халамжийн үйлчилгээ тэдэнд өөртөө итгэх итгэлгүй, гутрал, бусдыг хардах, үзэн ядах олон шалтгийг бий болгож байна.
Монголчууд бидний бие биедээ үл итгэх, үзэн ядах олон шалтгуудын нэг хэсэг нь энэ.
Бид өөрсдөөсөө эхлээд олон юмыг өөрчлөх хэрэгтэй болж байна. Дэлгэсэн тэрлэг шиг тэр л сайхан газар нутагт та ганцаараа биш бид бүгдээрээ хамтдаа амьдрах болохоор хүссэн ч эс хүссэн ч бид бие биеээсээ хамааралтай болдог. Ядахнаа л бид гэр бүлдээ үр хүүдүүддээ хандахаас эхлээд боловсролын тогтолцоог шинэчлэх, нийгэмд шударга ёсыг тогтоох хүртэл олон зүйл та бидэнд адилхан хамаатай.
Хүн бүр сайхан үг урмаар дутаж байдаг
-Чи сайхан харагдаж байна шүү
-Битгий доромжлоод байгаарай, муухайгаа мэдэж байна
-Чамд их баярласан шүү
– За за юун сүртэй юм бэ
– Би чамдаа хайртай шүү
-Чи чинь юу болоод нялуураад унав? Ямар нэгэн юм болоо юу?
Хүн бүр дотор сэтгэлдээ урмын сайхан үгийг ямагт хүсч явдаг. Хийж бүтээснийхээ төлөө, бусдыг баярлуулсны төлөө хэн нэгнээс сонсох талархал, урмын сайхан үгс нь хүний сэтгэл зүрхэнд баяр баясгалан авч ирж, шувуу мэт дүүлэн нисэх хүсэл тэмүүлллиг өгдөг. ААв ээждээ магтуулж, сайхан үг сонссон бяцхан хүүхдийн нүд нь очтон гялалзаж, өөрөө ч мэдэлгүй хөөрч онгирох нь үнэхээр өхөөрдмөөр хөөрхөн харагддаг.
Бусдад урмын сайхан үг хэлж, бусдыг баярлаж байхыг харахдаа өөрөө ч баярлаж баясдаг хүмүүс ямагт өөрөөсөө гэрэл гэгээ цацруулж өнгөлөг сайхан харагдана.
Монголчууд бид хэдий болтол даруу төлөв, сэтгэлийн хөдөлгөөн багатайгаа илэрхийлж, талархал урмын сайхан үгсээ өөрөөсөө болон өрөөл бусдаас харамлаж явах билээ. Гэсэн атлаа маргалдаж муудалцахдаа зүрх зүсэж, сэтгэл хиртэн, дотор давчдам муу үгсийг хэлэх хэрэг юун.
Хайртай хань, алаг үр, асралт аав ээж, анд нөхөд бүгд л урмын сайхан үгээр дутаж л яваа.
-Хайрт минь, би чамдаа маш их хайртай шүү
-Хүү минь чамаг сайн хүн болж байгаад би үнэхээр баяртай байгаа шүү
-Миний төлөө гаргасан сэтгэл, хийж чадсан бүхэнд тань аав ээж та 2-тоо үнэхээр баярлан биширч явдаг шүү
-Найз минь чиний халуун сэтгэлийн илчийг мэдэрч байгаадаа би үнэхээр баяртай байна
-Таны дэмжлэг надад их хэрэг боллоо. Танд их баярлалаа гэхчилэн чин сэтгэлээсээ хэлж байх талархал, урмын сайхан үгс бидэнд үнэхээр дутагдаж байнаа,
Тэрчлэн гадаадад байгаа Монголчуудад маань ийм үгс , сэтгэл бүр ч их дутагдаж байгаа. Эцэж цуцатлаа ажиллаж ар гэр алив бүхнээ санан бэтгэрч байгаа тэдэнд илгээсэн мөнгөний нь хариуд: ” Та биднийхээ төлөө ингэж зүтгэж байгаад чинь баярлаж байна. Та минь биеэ бодож байгаарай. Бид хамтдаа удахгүй сайхан амьдарцгаах болно. Үүний төлөө бид ч бас хичээнээ” гэж үнэн сэтгэлээсээ заавал хэлж байгаарай. Зусар хоосон биш, чин сэтгэлээсээ хэлж чадах урам талархлын сайхан үгс л хүний зүрх сэтгэлд хүрдэг. Юу ч болоогүй хэрнээ урсгаад байдаг зусар зулгуй үгс цаад хүнээ ч ядрааж өөрийгөө ч эвгүй байдалд оруулах нь бас бий.
Хэрэгтэй үед нь дутаж байгаа ганц сайхан үгийг нь олж хэлэх юутай сайхан.
Хүний сэтгэлийн далд утсыг онож хэлсэн ганц сайхан үг хөглөж, тэр хүнээс ундран гарах гайхамшигт аялгуу олон олон хүний зүрх сэтгэлд хүрч баясгадаг юм даа.
Нүүрний баяслыг дагаж аз жаргал ирдэг
-Өндөр хөгжилтэй орнуудад хүмүүсийг татдаг хамгийн сайхан зүйл нь, хүний төлөөх үйлчилгээ түүнийг дагасан үйлчлэгчийн сайхан инээмсэглэл. Банк дэлгүүр , ямар ч үйлчилгээний газар ороход, сайхан хувцасласан залуус таныг угтан тосч, ” тавтай морил, танд юугаар тус болох вэ?” гэж сэтгэл татам инээмсэглэхэд л та өөрийн үнэ цэнээ жинхэнэ мэдэрнэ. Тэд алив асуудлыг тань шийдэхдээ ямар ч хүнд суртал, ихэмсэг төрх үзүүлэхгүй. Та баян ядуу хөөрхөн муухай алин байхаас хамаарахгүй тэгш үйлчилнэ. Тэр газрын хананд нь ” Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага”, ” Хэрэглэгчдийг хаанд өргөмжилсөн хамт олон” гэхчилэн бичигтэй шар цацагтай хөх дарцаг болон жаазтай өргөмжлөл байхгүй хэдий ч тэд танд яг л ” хаан” -д үйлчилж буй мэт хүндэлж үйлчилнэ.
Гадаадад явах гэж хүсээд байгаа Монголчуудын эдэлж үзэхийг хүсээд байгаа эрхийн нэг нь энэ. Харин одоо Монголд ажилд авах заранд бичигддэг “Залуу царайлаг, гоолиг сайхан биетэй” гэдэг үгээ ” Сайхан инээмсэглэдэг, эелдэг сайхан харьцаатай” гэсэн үгээр солих цаг болжээ. Үйлчилгээнд сайхан инээмсэглэл хамгаас чухал байдаг ажээ.
-Монголчууд бид харилцаж байгаа хүн рүүгээ хөмсгөө зангидан, нүдээ хурцалж харах нь “эрэлхэг дайчин” эсвэл “эрх мэдэл”-ийн илэрхийлэл мэтээр төсөөлдөг үзэгдлээсээ салах цаг болжээ. Өөрт хичнээн хэцүү байсан ч бусад руу эелдгээр инээмсэглэж байх нь бусдаас хариу инээмсэглэл авч тэр хэрээрээ эерэг сайхан энергийг өөртөө шингээдэг. Талархал урмын сайхан үг сонссон хүний нүүрэнд инээмсэглэл тодорч жаргалтай сайхан харагддаг.
Өглөө ажил, хичээлдээ ирэхдээ тэр өдрийг хамтдаа өнгөрөөх хүмүүстээ сайхан инээмсэглэн мэндчилж, урам талархлын сайхан үгс хэлэлцэх нь тэр өдрийн ажил бүтэмжтэй сайхан болохын эхлэл болно.
Өглөө ажилд явах, орой ажлаасаа ирэхдээ сайхан хань, хайртай хүүхдүүдээ байнга үнсэж , баяртай сайхан үгс хэлэлцэж байх нь ” нялуурч” байгаа хэрэг огтхон ч биш. Сэтгэлийн сайхан энергийг харилцан бие биедээ өгч байгаа хэрэг. Тэр л энергийн хүчээр та бүтэн өдөржингөө баяр хөөртэй, цоглог, эрч хүчтэй, хөгжилтэй байж чадах болно.
-Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Үхэл хагацал, өвчин зовлон, сэтгэлийн шаналал, азтай учрал, баяр хөөр, аз жаргал ээлжлэн ирдэг энэ хорвоод хэн ч юуг ч урьдчилан таах аргагүй. “Хазгар”, “сохор”, “хэлгүй” “балай” гэхчилэн хүний ямар нэгэн золгүй гажигаар нь нэрлэн дуудах, шоолж тохуурхдаг базаахгүй зуршил Монголчууд бидэнд бий. Ийм золгүй тохиолдол бидний хэн нэгэнд учирч болох байсан төдийгүй тэдний өнөөдөр амьдарч яваад нь бид талархан урамшуулж баярлуулж байх учиртай. Золгүй тохиолдлоор өвдөж зовсон, тахир татуу болсон хэн нэгнийг сэтгэлээсээ хүндэтгэн, хэсэгхэн хоромд ч урмын сайхан үг инээмсэглэл бэлэглэж, баярлуулж чадвал тэр сайхан сэтгэлийн хариуд баярласан сэтгэлийн энерги нь танд очиж, тэр чигээрээ баяр баясал, гэрэл гэгээ өгч байдаг.
Өвдөж ядарсан хүнийг баярлуулж, тэдний баярлаж талархан инээмсэглэж байгааг харах нь хүнд их аз жаргал авчирдаг. Хүн өөрийгөө мөнх орших юм шиг санаж, хэзээ ч өвдөж зовохгүй юм шиг төсөөлж байдаг өчүүхэн бодлоо өөрөөсөө зайлуулж, энэ хорвоод хүн ирээд буцдаг гэдгийг жинхэнээр ойлгож чадсан хүн л хүнийг жинхэнээр хайрлаж бас баярлуулж чадддаг.
Тийм ээ! Бид хүн болж төрцгөөн нэг л орчлонд хамтдаа амьдарч байгаагийнхаа хувьд бие биеэ хүндэлж, урмын сайхан үг хэлж, баярлуулж байх нь тун чухал байна.
Төгсгөл
Монголчууд бидний эвтэй байхын гол үндэс нь бие биедээ урмын сайхан үг хэлж, сайхан инээмсэглэж, баярлуулж, хүндэлж байх явдал шүү. Та бусдыг хүндэлж баярлуулж байвал хариуд нь бусдаас хүндлэл баяр хөөр авна.
Цаг ямагт алив зүйлийг өөдрөг сайхнаар төсөөлж, бусадтай ийм байдлаараа харьцаж чадвалта ч өөрөө өөдрөг сайхан , жаргалтай амьдарч чадна. Хүнд сайхан сэтгэлийн энерги бэлэглэвэл хариуд нь сайхан энерги авч харилцан бие биеэ гэрэлтүүлж байх болно.
Чулууг чулуу хагалж харин голын ус мөлийлгөдөг билээ. Энэ бүхнийг та эргэцүүлж нэг бодоод өнөөдрөөс олон зүйлийг өөрчлөх гээд үз. Таны гэр орноос улс гүрэн эхэлдэг. Таны гэр бүлээс энэ ертөнц эхэлдэг.
Гадаа нар мандаж, шувууд жиргэн, модод найгаж, орчлон дэлхий үнэхээр үзэсгэлэн төгс харагдаж байна. Инээмсэглэхгүй байхын аргагүй. Та өнөөдрөөс эхлэн бусдад урмын сайхан үг хэлж чин сэтгэлээсээ инээмсэглэж, бусдыг баярлуулж байхыг хичээгээрэй. Та үнэхээр аз жаргалтай сайхан харагдаж байна шүү.
НҮҮРНИЙ БАЯСЛЫГ ДАГАЖ АЗ ЖАРГАЛ ИРНЭЭ.
Гомбосүрэнгийн Галбадрах
Эх сурвалж: letter.everyday.mn