Амархаан хэрэгт орно шүү

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Амархаан хэрэгт орно шүү

Хуульч О.Алтангэрэл "Шүүхийн шинэтгэл" сэдэвт цуврал нийтлэлээ уншигчдад хүргэж байна.

Ээж нар бол энэ ертөнцөд үрдээ хир халдаах хамгийн дургүй бөгөөд үргэлж л бөөцийлж байх хүсэлтэй хүмүүс байдаг. Цаг үргэлж л халамж тавина, нас нь ахих тусмаа үглэнэ, тунина, гэхдээ л хүний орчлонд ээжтэй байх хамгийн сайхан.

Алаг үр нь алдаж эндчихээд байхад л хүүхдийнхээ буруу гэж хэлэх эх хүнтэй би л лав таарч яваагүй. Дандаа л “миний муу хүү муу хүмүүст уруу татагдаад ийм хэрэгт орчихлоо”, “тэр өдөр уг нь гарахгүй гээд байхад нь муу өгөр Ганбаа л дуудсаар байгаад авч гараад уулгачихаж”, “манай энэ хааяа жаахан балгачихдаг, муйхар зантайгаас биш уг нь сэргэлэн юм”, “миний хүү яагаачгүй ээ, бусад нь хэргээ чихчихээд байгаа юм” гэх зэргээр өмөөрнө. За их сайндаа л хүүхдээ сайн хараагүй миний буруу даа гэж өөрийгөө зэмлэнэ.

Уг нь эрх зүйн боловсролыг иргэддээ энгийн бөгөөд системтэйгээр олгоод эхэлбэл гэмт хэрэгт холбогдох хүмүүс болоод тэдний төлөө санаа нь зовинох ээжүүдийн тоо эрс багасах юм. Мэдэхгүйгээсээ болоод хэрэгт холбогдсон хүмүүсийн тоо мэддэгээсээ дутахааргүй олон байдаг. Дээрээс нь манай хуулийн зарим нэг ойлгомжгүй байдал ч нөлөөлдөг.

Жишээ нь тагтнаасаа санамсар­гүйгээр юм унагаад тэр нь хүний толгой онож хүнд гэмтэлд тооцогдохоор бол бол хоёр жил хүртэл хоригдоно. Төмөр баллон олоод хэрэг болж магадгүй гээд амбаартаа байлгаж байтал тэр нь мөнгөн усны шавхруутай байсан бол химийн хорт бодис хууль бусаар хадгалсан, энэ талаарх эрүүгийн бодлого чанга байгаа гээд дор хаяж нэг жил авна.

Солонгос явж ажилламаар, амьдрал ахуйгаа дээшлүүлмээр байдаг, нөгөөх элчин нь виз өгөхгүй. Арга ядаад ахынхаа зурагтай паспортоор царай нь адилхан юм чинь гээд хил гарах гэж оролдоод баригдвал багадаа л торгох ял, урьдчилж тохироод найзтайгаа хамт явсан бол бүлэг гээд таван жил хүртэл хорих ял тас.

Нэгэн залуу шөнийн клубт нэг сайхан бүсгүйтэй танилцаад уух юмаар дайллаа гэж бодъё. Өнөөх нь өөрийгөө оюутан гэж хэлээд хариуд нь бас татах тамхиар дайлна. Ингээд  үүний дараа нэг буудлын өрөөнд жаргаж байтал хаалгыг нь цөм өшиглөөд камер барьсан хүмүүс ороод ирнэ шүү дээ. За тэгээд шалгаад эхэлтэл өнөөх бүсгүй маань 15 нас 12 сартай болж таарвал насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдсэн гээд гурван жил хүртэлх хугацаагаар хоригдох шийтгэл хүлээнэ. “Би яаж мэдэх юм бэ, харахад 20-той л юм шиг байсан” гэж гүрийвэл өмнөөс чинь “Хохирогч насаа өөрт чинь хэлсэн гэж мэдүүлсэн” гэх юм уу үнэхээр хэлснийг нь та баарны чанга хөгжимд сонсч чадаагүй байвал “Уучлаарай, та мэдсэн л байна шүү дээ!”. За тэр ч гайгүй, өнөөх дайлаад байсан тамхи нь таны хармаанаас гарсныг хурааж аваад шинжилтэл хар тамхины төрлийн ургамал байвал тэгээд л дууслаа гэсэн үг. Учир нь өнөөдөр ийм төрлийн гэмт хэрэгт хавтгайд нь хорих ял өгч байгаа. Танай өмгөөлөгч их сайндаа л “энэ хүн мансууруулах бодис гэдгийг нь мэдэх ямар ч боломжгүй байсан”, “Анх удаагаа ийм хэрэгт холбогдож байна, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа” гэж хэлнэ, хариуд нь “Хууль бусаар олж авсан, бас хадгалсан нь нотлогдож байна”, “Энэ талаар дэд шүүхээс баримталж байгаа эрүүгийн бодлого чанга байгаа” гэсэн хариулт сонсоно тэгээд л гүйцээ. Гэтэл хууль ёсоор ч олж авах арга байхгүй эд шүү дээ тэр нь.

За тэгвэл баар саваар явдаггүй хүмүүс гайгүй юм уу гэтэл үгүй ээ. Хэдэн төгрөг олох гээд хүний ачуулсан баахан хаягдал төмөр хил гаргахаар явж байтал дундаас нь боодолтой зэс гараад ирнэ. “Би мэдэхгүй ээ, эд нар чинь төмөр гээд ачсан шдээ” гэхэд өнөөх ачсан хүмүүс чинь “бид л лав төмөр ачсан, энэ юун зэс вэ” гээд гүрийчихвэл дуусаа. Эцсийн эцэст машины эзэн хэн билээ л гэнэ. Зэс нь хаанаас гаралтай, яаж олдсон байж болох, ачуулсан хүмүүс нь зэстэй холбоотой юу гэх зэрэг ажиллагаа хийгээд үнэнийг олно гэвэл ёстой үлгэр. Бушуухан л машины эзнийг барьж аваад ял үүрүүлэхээ бодно.

Эмчгүй газар бэртсэн нэгнийгээ буруу эмчлээд нэмээд гэмтээчихвэл “хөөрхий дөө, өөр яалтай ч билээ” гээд өнгөрнө гэж бодож байна уу, тэгвэл үгүй. “Эмчийн мэргэжлийн бус этгээд эмчилгээ эрхэлсний улмаас…” гэж хуулийн зүйл заалт ярьж байгаад л торгох юм уу баривчлах ялын аль нэг нь түс.

Хол замд машин бариад хичнээн ядарлаа ч хажуудах хүн чинь 100 татчихсан, эсвэл айраг ихээр уучихсан бол жолоогоо битгий шилжүүлээрэй, унтаж байгаад явсан нь дээр. Цаад нөхөр чинь хүн дайраад алчихвал та жолоогоо бусдад шилжүүлсэн гээд гурван жил хүртэл хугацаагаар шорон руу ачигдах болно шүү.
Танхай, булаалт, дээрэм гээд л хэн бүхэнд ойлгомжтой гэмт хэргүүдийг авч үзье. Нэрийг нь сонсохоор үнэхээр жигшүүртэй, бас аюултай сонсогдоно. Гэтэл амьдрал дээр энэ хэргүүдэд ялихгүй байдлаар буруутгагдаж хэчнээн залуус, хүүхэд хорих ял авдаг гэж санана! Атаман нэрэндээ хөөрөөд ангийнхаа хүүхдээс гар утсыг нь булаагаад гангарч явсан хүүхэд, хэсэг бүлгээрээ зодолдож байгаад газраас чулуу шүүрэн нэгнийхээ тархийг хагалсан банди нар, тэр ч байтугай “я…” гэж доромжилсных нь төлөө гурвуулаа нийлж байгаад байрныхаа бандийн нурууг маажчихсан охидууд хүртэл шүүхээр таслагдан хэдэн жилийн хорих ял авдаг.

За арай ч үгүй байлгүйдээ гэж танд бодогдож мэднэ. Гэвч эрүүгийн хууль сөхөөд харвал зүйл анги, оноох шийтгэл нь бүгд тодорхой байгаа. Цагдаа, шүүх, прокурорт ажилладаг хэн бүхэн мэднэ дээ.

Эрүүгийн хуулийн ялын бодлого хэтэрхий чанга байна гэсэн шүүмжлэлийг С.Нарангэрэл академич 2002 оноос л хэлж ирсэн. Тухайн үед тэрбээр энэ хуулиас болж хоригдогсдын тоо нэмэгдэнэ, сөрөг үр дагавар үүснэ гэж хэчнээн хэлээд ч түүний үгийг аваагүй. Хожим нь хоригдогсдын тоо эрс өсч хэд дараалан өршөөлийн хууль гараагүй бол хорих байгууллага ачааллаа даахааргүй болж ирсэн дээ. Чанга, онцгой дэглэмд хоригдогсодын тоо ч эрс өсч Авдарантын хорих анги л гэхэд 200 хүнийг хэвийн байлгах хүчин чадалтай газар 400 гаран болж нэмэгдэж байсан.

Өнөөдөр албан тушаал, авлигатай холбоотой гэмт хэргүүдийн ял шийтгэлийг нэмье, тэгвэл буурна гэж их ярьцгааж байна. Гэтэл өндөр ял шийтгэл оногдуулахаас илүүтэйгээр хэргийг шударгаар мөрдөж, шүүн тасалдаг, ял шийтгэл оногдуулахдаа гэм буруу, хохирлын асуудлыг сайтар анхаарч үздэг систем л гэмт хэргийн гаралтыг багасгах, иргэдээ аль болох шоронжуулахгүй байх ач холбогдолтой. Гадны байгууллагуудын гаргасан статистик мэдээгээр Хятадад сүүлийн жилүүдэд авлига эрс өсч байна, гэтэл энэ төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг хамгийн өргөн хэрэглэж байгаа орон юм.

Амьдрал дээр хэрэгт холбогдсон залуучууд ганц худагт хэсэг суугаад дийлэнхи нь сэтгэл санаагаар унаж, дахиж л ийм юманд орооцолдохгүй юмсан гэсэн чин хүсэлтэй болоод гардаг. Энэ үед нь албадан ажил хийлгэх юмуу хорихоос бусад төрлийн ял оногдуулаад тэр чигтээ хүмүүжиж засарсан залуус олон бий. Харин хоёр буюу түүнээс дээш жилийн хугацаатай хорих ял аван түүнийгээ эдлээд гарч ирэхдээ аль хэдийнээ шоронжиж, нийгэм нь сайнаар хүлээж авахгүйн улмаас дахин бүр илүү хэрцгий гэмт хэргийн зам руу хальтирах нь элбэг.
Иргэддээ эрх зүйн боловсрол олгох нь төрийн үүрэг. Энэ үүргээ энгийн бөгөөд ойлгомжтой байдлаар сайн гүйцэтгэвэл зөвхөн залуус ч гэлтгүй хэн бүхэн элдэв төрлийн гэмт хэрэгт санамсаргүй байдлаар холбогдох нь багасах ач холбогдолтой. Нэгэнт тодорхой хэмжээний боловсролтой болчихвол хэн нэгэн албан тушаалтны зүй бус үйлдлийн өөдөөс хууль ёсны шаардлага тавьж эсэргүүцэх чадвартай иргэд олон болж хууль ёсыг сахиулахад хувь нэмрээ оруулна.
Миний цагдаа намайг хамгаална, шүүх хуулийн байгууллага үнэн шударгыг олно, ялих шалихгүй зүйлээр хүнийг хэрэгт холбогдуулахгүй байлгүй гэсэн гэнэн төсөөллүүдээ яг одоо орхихыг танд зөвлөе. Хэн нэгний хорон матаас, таны зүгээс санамсаргүй гаргасан буруу үйлдэл, хэзээ ч гэмт хэрэг гэж бодож байгаагүй ахуйн маргаан зэргээсээ шалтгаалан хэн ч, хэзээ ч хэрэгт орж мэднэ. Манай улсад хэрэгт унах амархан шүү!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж