УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн ахлагч Н.Батцэрэг мэдээлэл хийв.
Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ асуудлаар нам, эвслүүд аль болох байр сууриа нэгтгэх зарчмаар ажиллана. Энэ нь 57 гишүүний буюу 4/3-аар шийдэгддэг асуудал. Гишүүд нам, бүлгээрээ талцах асуудал байхгүй. Монгол Улсын, монголчуудын том эрх ашгийн үүднээс асуудлаа хэмжинэ. Үүнийг манай бүлэг хаа хаанаа ойлголцож байгаа учраас төслийн анхны хувилбарыг гишүүддээ танилцууллаа.
Дараагаар нь Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ярилцлаа. Манай эдийн засгийн хүрээнд томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжихээр бэлтгэгдэж байна. Эрчим хүч, төмөр зам, хурдны зам, дагуул хот гэх мэтчилэн томоохон дэд бүтцийн асуудал хэрэгжихээр хэлэлцэгдэж байгаа.
Энэ тохиолдолд иргэний өмчид өгсөн газарт томоохон бүтээн байгуулалт эхлүүлэх асуудал тулгардаг. Иргэдтэй хэлэлцээ хийх асуудал гарлаа. Үүн дээр асуудал үүсч, мөнгөний асуудалд тохиролцоонд хүрч чадахгүй байх жишээтэй байна. 20 айлын газар байлаа гэхэд 19 нь зөвшөөрдөг, 1 айл зөвшөөрөхгүй байхад төлөвлөсөн ажил бүтэхгүй гацаж байна. Энэ байдлыг арилгах, нөхөн олговрыг нь олгоод, өмчилсөн газрыг нь төр эргүүлж авах, эсвэл солих асуудалд эрхзүйн орчныг нь боловсронгуй болгох ёстой. Үүн дээр бүлгийн гишүүд бүгдээрээ санал нэгдсэн гэлээ.
Мөн Эдийн засгийн ил тод байдлын тухай, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг цогцоор нь авч хэлэлцэх талаар бусад нам эвслийн бүлгүүдтэй хамтарч ажиллаж санал солилцохоор болжээ. Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн хамрах хүрээ хэр байх, Эрүүгийн өршөөлийн тухай хуулинд хамруулах хүрээ ямар байх вэ гэдгийг хэлэлцсэн байна. Гэмт хэрэгт тооцогдвол хэчнээн хоригдол ялаас чөлөөлөх талаар иж бүрэн харах хэрэгтэй гэдэг дээр гишүүд санал нэгдсэн байна.
Энэхүү мэдээллийн төгсгөлд “Эвслийн бүлэг Засгийн газраас гарах яриа байна. Энэ үнэн үү” гэсэн сэтгүүлчийн асуултад “Эвслийн бүлэг Засгийн газраас гарах тухай асуудал хаана ч яригдаагүй” гэсэн хариултыг өгөв.
Эх сурвалж: www.ikon.mn