Төв цэвэрлэх байгууламжийн аэротенкийн хэсэгт засварыг яаралтай эхлүүлэхээр болсон. Тэгвэл өчигдөр албаныхан энэ асуудлаар хуралдсан байна. УСУГ-ын дарга С.Үнэнгээс энэ талаар тодруулбал, “Цэвэрлэх байгууламжийг засах хугацаанд бохир усыг Туул руу цутгах, иргэдийн хэрэглээний усыг хязгаарлах хоёр асуудлын нэгийг сонгох талаар мэдээлж байсан. Харин цэвэрлэх байгууламжийг засварлах хугацаанд хоёуланг нь ямар нэг байдлаар хийх хэрэгтэй болсон. Иргэдийн хэрэглээний усанд бага зэргийн хязгаарлалт хийнэ. Мөн ус ихээр ашигладаг үйлдвэрүүд болох машин угаалга, арьс шир, спиртний үйлдвэрүүдийн усыг цаг цагаар хязгаарлана. Мөн тодорхой хэмжээний бохир усыг ч Туул гол руу цутгахаас аргагүй байна” гэв.
Харин төв цэвэрлэх байгууламжийг хэзээнээс засч эхлэх нь нарийн тодорхой болоогүй. С.Үнэн даргын хэлж буйгаар энэ сарын 11-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Франц улсад төрийн айлчлал хийнэ. Энэ айлчлалын бүрэлдэхүүнд С.Үнэн дарга багтаж байгаа аж. Энэ айлчлалд явж ирсний дараа 15-наас цэвэрлэх байгууламжийн засварын ажил эхлэх болов уу гэсэн юм. Үүнээс гадна Франц улсаас манай улсад цэвэрлэх байгууламжийг хөнгөлөлттэй зээлээр барьж өгөх саналыг гаргаж байсан удаа бий. Тиймээс энэ удаагийн айлчлалаар Францын хөнгөлөлттэй зээлийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.
Б.ЗАЯА