Наото Кан хэзээ ч бууж өгөхгүй

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Наото Кан хэзээ ч бууж өгөхгүй

Их наран улсад өнгөрсөн гуравдугаар сард сүүлийн 50 жилд болж байгаагүй хүчтэй газар хөдлөлт болж олон зуун хүний амь насыг авч одсон билээ. Мөн газар хөдлөлтөөр ч зогсохгүй “Фукушима 1” атомын цахилгаан станц дэлбэрч Япон гэлтгүй Номхон далайн эрэг дагуу орнууд, Азийн зарим орнуудыг айдаст автуулсан хэвээр байгаа билээ. Уг ослоос болж цацраг идэвхт бодис алдагдаж дэлхий нийтийг айдаст автуулсан. Энэ асуудлын талаар Япон улсын Ерөнхий сайд Наото Кан өөрийн хүлээсэн үүргээ ухамсарлан ард түмэндээ тусалж, хүнд хэцүү байдлаас гарах хүртэл нь хамт байхаа амласан. Мөн цалингүй ажлаа үргэлжлүүлэх талаар ч ам гарсан. Тэрбээр гамшиг болсоноос хошхи нэг сарын хугацаанд багагүй ажлыг хийж олон нийтэд танилцуулсан. Ерөнхий сайдын төлөөлөгчийн мэдэгдсэнээр “Эхний ээлжинд орон гэргүй болсон хүмүүст тусалж, түр хорогдох байранд оруулах. Дараагийн ээлжинд, олон улсаас үзүүлсэн мөнгөн тусламж, хүнс болон дулаан хөнжил хувцас зэрэг зүйлийн хүмүүст тараах. Харин үүний дараа, гамшиг болсон газрын голомтод цэвэрлэгээ хийх. Мөн алдагдаад байгаа цацраг идэвхт бодисыг саармагжуулаад, аль болох гадагшлуулахгүй урсгалд оруулах” зэрэг ажлыг хийжээ.

Харин энэ бүх ажил өнгөрсөн тавдугаар сар дуустал үргэлжилсэн юм. Цаг урсах тоолонд энэ асуудлаар Японы парламентын гишүүд болон Наото Каны сөрөг хүчнийхэн шүүмжилсээр өдий хүрлээ. Ийнхүү тэдний тэвчээр алдарч Ерөнхий сайдыг огцруулах талаар өнгөрсөн пүрэв гарагт болсон хуралдаанаар санал хураалт явуулжээ. Нийт гишүүдийн 293 нь түүнийг ажлаа үргэлжлүүлэхийг дэмжсэн бол 152 нь огцрох нь зөв гэж үзсэн билээ. Уг хуралдааны дараа олон улсын хэвлэл мэдээллээр түүнийг “Японы улс төрд хэрхэн хүчтэй байр суурьтай байгаа” талаар нийтэлсэн. Харин Наото Кан “Би албан тушаалаасаа огцрох болоогүй. Харин ч ард түмнээ ийм хүнд хэцүү нөхцөлд байхад нь хамт байх ёстой хүний нэг. Аливаа зүйлийн гарцыг зөв олохын тулд багахан хэмжээний хугацаа шаардлагатай болно. Хэрвээ шаардлагатай гэж үзэх юм бол, би ирэх наймдугаар сард одоогийн ажлаа дуусгаад хүлээлгэн өгч магадгүй. Гамшигт нэрвэгдсэн бүс нутагт сэргээн засах ажиллагаа нааштай үр дүн өгч, ард түмэн тайван амгалан болсон цагт хүссэн хүсээгүй би өөрөө огцорно” гэсэн нь олны анхаарлыг ихэд татсан.

Өнөөдөр олон улсын цөмийн асуудал эрхэлсэн байгууллагууд болон НҮБ-ын цөмийн аюулгүй байдлын шинжээчид өөрсдийн дүгнэлтээ гаргасан талаар өнгөрөгч долоо хоногт хэвлэл мэдээллээр цацагдаж байсан. Тэд “Японд болсон гамшигаас үүдэлтэй цөмийн хорт бодис, хүмүүсийн сэтгэл санааг ихэд айлгаж байна. Японы шинжээчид дэлхий нийтэд цөмийн аюулыг дутуу дүгнэж худал мэдэгдэл хийсэн. Энэ бүхэн хэчнээн хор хөнөөлтэй болохыг хүмүүс мэдэх ёстой. Бидний тооцоолж гаргасан дүгнэлтээр цацраг идэвхт бодисын аюулгүй байдалд  илүү хурдацтай арга хэмжээ авах хэрэгтэй” гэжээ. Харин Японы ус, цаг уурын хүрээлэнгийн мэргэжилтнүүд “Саяхан европын зарим хэсэгт манайд болсон ослоос болж бороо орсон гэх мэдээлэл цацагдсан. Үнэн хэрэгтээ бидний судалгаагаар хэзээ ч Европт энд үүссэн үүлний урсгал бүхэл бүтэн азийг өнгөрөн европыг зорих үндэслэл байхгүй. Энэ бол худал мэдээлэл” гэсэн нь Европт цөмийн бороо орсон гэх яриаг няцаасан юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Фукушима 1 цахилган станцын, хана цуурч улмаар хоёрдугаар реактор руу хортой бодис агуулсан ус орсон талаар CNN агентлаг мэдээлсэн. Мэргэжлийн албаныхны мэдэгдэж байгаагаар “Уг ханын даац газар хөдлөлтийн үеэр цуурч, одоогийн байдлаар бидний цэвэрлэгээ хийж байсан реактор руу орсон. Энэ мэт олон асуудлууд бидний ажлаас хойш татсан хэвээр байна. Энд ажилах нөхцөл тун хэцүү гэдгийг хэн хэн нь ойлгохыг хичээгээрэй” гэжээ. 

Ямартай ч хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс байнга хүчил төрөгчийн багаа солих шаардлага тулгардаг бөгөөд хор хохирлыг аль болох хурдан үгүй болгох тал дээр онцгой анхаарч байгаа бололтой. Харин олон улсын агентлагууд Японы Ерөнхий сайдыг огцорх хэрэггүй хэмээн үзэж байгаа. Түүнийг огцрох эцсийн хугацааг сөрөг хүчнийхэн есдүгээр сар хэмээн тодорхойлсон. Гэвч есдүгээр сар хүртэл Японы засгийн газар, парламент хэдий хэмжээний ажил амжуулах талаар тодорхой мэдэгдэл хийгээгүй байгаа. Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн мэргэжилтэн Майкл Уэйтман “Японы Ерөнхий сайд өөрийн үүргээ ухамсарлан сайн ажиллаж байгаа. Японы Засгийн газар ч гэсэн энэ бүх гамшигын өмнө хүчин мөхөстөж байгаа гэдгийг ойлгож байна. Мөн та бүхэнд хэрэгтэй байгаа багаж хэрэгсэл байвал бидэнд мэдэгдээрэй. Аль болох бүхий л талаараа туслахыг хичээнэ” гэсэн юм.

Нөхцөл байдал хэн хэнд нь хэцүү байгаа. Гамшигт өртсөн хүмүүс хаа сайгүй л гэр оронгүй хүнд байдалтай байна. Харин Японы Засгийн газар болон Наото Канд аль болох ажиллагааг хурдлуулах хэрэгтэй болов уу. Ямартай ч Наото Кан ард түмнийхээ төлөө ийнхүү огцрохгүй гэдгээ олон нийтэд мэдэгдсэн. Энэ сард Японы засгийн газраас гамшигт нэрвэгдээд байгаа хүмүүст олон асуудал тулгарах төлөвтэй байгаа аж. Учир нь түр хоргодох байранд байгаа хүмүүсийн зарим нь бие нь муудаж эмнлэгт хүргэгдээд байгаа аж. Эмч нар эдгээр хүмүүсийг хорт бодист хордсон гэдгээс өөр мэдэгдэл хийгээгүй юм. Олон улсын байгууллагууд нөхцөл байдлыг ойлгож байгаа хэрнээ цацраг идэвхт бодисын хүрээг тэлүүлэхгүй байлгах шаардлагыг Японы Засгийн газарт хүргүүлсэн юм. Япон улсын ард түмэн хүнд хэцүү байдалд хэдий хэрийн хугацаанд байх нь цаг хугцааны асуудал боллоо. 

Б.БААТАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж