Орчин цагийн хаад хэр баян бэ?

Хуучирсан мэдээ: 2015.06.03-нд нийтлэгдсэн

Орчин цагийн хаад хэр баян бэ?

 

Эрт цагт хорвоогийн хамаг сайныг эдэлж, хэрэглэдэг хүмүүс нь хаад, ноёд байсан. Орчин үед хязгааргүй эрхэт хаант засаглал бараг үгүй болж, улс орныг ард түмний сонгосон ерөнхийлөгч, ерөнхий сайд, засгийн газар удирдах болсон билээ. Гэхдээ XXI зуунд 44 улс орон хаантай байна. Эдгээрээс хамгийн алдартай нь Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын хатан хаан II Элизабет юм. Их Британийн хаан ширээнд хамгийн удаан заларч буй энэ хатагтайн хөрөнгө 550 сая ам.доллар аж.

Харин энэ цагийн хамгийн баян хаан бол Тайландын хаан Пхумипон Адульядет юм. Түүний хөрөнгийн хэмжээ 30 тэрбум ам.доллар.

 

 

 Пхумипон Адульядет

 

Тайландын хаан ширээнд хамгийн удаан заларч буй Пхумилон Адульядет Бангкок хотын төвд 3000 акр газар эзэмшиж, улсынхаа томоохон компани, корпорацуудаас хувь эзэмшдэг. Түүнчлэн түүний эрдэнэсийн цуглуулгад дэлхийн хамгийн том зассан алмааз байдаг аж. Үүнээс гадна тэрээр гурван онгоц, хоёр лимузинтэй юм байна. Тайландын хаан АНУ-д төрж, Швейцарьт боловсрол эзэмшчээ. Тэрээр хамгийн олон буюу 136 их сургуулийн хүндэт доктор цолтойгоороо дэлхийн дээд амжилт тогтоосон байна.

 

2. Бурнейн султан  Хассанал Болкиах  20 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.

 

 

 Хассанал Болкиах

 

Брунейн султаны хөрөнгийн хэмжээ 2011 онд 20 тэрбум ам.долларт хүрчээ. Тэрээр 600 жил оршин тогтнож буй эртний лалын шашинт Брунейн 29 дэх удмын султан юм. Тэрээр 6000 ширхэг автомашины цуглуулгатай аж. Түүний амтомашины цуглуулгад  600 гаруй ширхэг “Rolls-Royces” байдаг аж. “Истана Нурул Иман” ордон нь дэлхийн хамгийн том хааны ордонд тооцогддог аж. 200 мянган ам метр талбайг эзлэн орших энэхүү үзэсгэлэнт ордныг барихад султан 350 гаруй сая ам.доллар зарцуулжээ.

 

3. Саудын Арабын таалал төгссөн хаан Абдулла бин Абдул Азиз аль Саудын хөрөнгийн хэмжээ 18 тэрбум ам.доллараар хэмжигддэг байжээ.

 

 

Абдулла бин Абдул Азиз аль Сауд

 

Саудын Арабын хаан Абдулла өнгөрсөн нэгдүгээр сард нас барахаас өмнө түүний хөрөнгө 18 тэрбум ам.долларт хүрсэн байв. Абдуллаг 2005 онд Саудын Арабын хаан ширээнд суусны дараа түүний нэрээр хот байгуулахаар 26 сая ам.долларын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн аж. Эр-Рияд дахь хааны ордон  нь 1.6 ам км талбайг эзэлдэг бөгөөд гялалзтал өнгөлсөн гантиг чулуун замууд, үзэсгэлэнтэй хиймэл нуурууд, ягаан өнгийн нүд гялбам тансаг харшуудтай, архитектурын жинхэнэ гайхамшигт бүтээлд тооцогддог байна. Саудын Арабын хаан хандив тусламжинд гар татдаггүй өгөөмөр нэгэн байжээ.

 

4. Абу-Дабийн эмир Халифа бин Заид аль Нахян 15 тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөтэй.

 

 

Халифа бин Заид аль Нахян

 

Арабын нэгдсэн Эмират улсын ерөнхийлөгч, Абу-Дабийн эмир шейх Халифа бин Заид аль Нахяны хөрөнгийн хэмжээ 15 тэрбум ам.долларт хүрсэн байна. Эмирийн албан ёсны ордон нь Амити бөгөөд гантигаар өнгөлж, алтаар бүрж чимэглэжээ. Тэрээр Сейшельс арал дээр худалдан авсан газар дээрээ зургаан давхар тансаг харш бариулсан байна.

 

5. Дубайн эмир  шейх Мухаммед бин Рашид аль-Мактумын хөрөнгийн хэмжээ дөрвөн тэрбум ам.доллар.

 

 

Мухаммед бин Рашид аль-Мактум

 

Арабын нэгдсэн Эмират улсын ерөнхий сайд, Дубайн эмир шейх Мухаммед бин Рашид аль-Мактум их өгөөмөр нэгэн. Тэрээр өөрийн нэрийн санд 10 тэрбум ам.долларыг хандивлаж байжээ. Тус сан нь Арабын ертөнцийн хойч үеийг хүчирхэгжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжин үйл ажиллагаа явуулдаг байна.

 

6. Лихтенштейний хунтайж II Ханс-Адам 3.5 тэрбумын хөрөнгөтэй аж.

 

 

 Ханс-Адам

 

Ханс-Адам хунтайжийн хөрөнгийн эх үүсвэр нь “Liechtenstein Global Trust” хувийн фирм аж. Энэ Европын хамгийн том гэр бүлийн эзэмшлийн хувийн фирм юм. Тэрээр уран зураг сонирхон цуглуулдгаараа алдартай. Өөрийн цуглуулгаа Лихтенштейн музейд байршуулан олон нийтэд дэлгэн үзүүлдэг байна.

 

7. Катарын эмир асан шейх Хамад бин Халифа аль-Тани хөрөнгө нь 2.4 тэрбум ам.доллараар үнэлэгдэнэ.

 

 

Хамад бин Халифа аль-Тани

 

Түүний хөрөнгийн эх үүсвэр бол газрын тос, байгалийн хийн нөөцийг захиран зарцуулдаг Катарын хөрөнгө оруулалтын удирдлага аж. Тэрээр Арабын анхны глобал мэдээллийн сүлжээ “Al Jazeera”  телевизийг  байгуулсан байна. Үүний тулд тэрээр дэмжигч байгууллагуудаас 137 сая ам.долларын зээл авч байжээ.

 

8. Монакогийн хунтайж II Альберт нэг тэрбум ам.долларын хөрөнгөтэй хэмээжээ.

 

 

 II Альберт

 

“Société des bains de mer de Monaco” холдингс бол хунтайжийн хөрөнгийн эх үүсвэр. Тус холдингс нь Монте-Карло нэртэй казино, дуурийг эзэмшдэг байна.

 

9. Исламын шашны имам Ага Хан IV Шах Карим аль-Хуссайни 800 сая ам.долларын хөрөнгөтэй хэмээн тооцогдджээ.

 

 

 

Тэрээр тодорхой нэгэн газар нутгийг захирдаггүй. Бизнесийн магнат IV Шах Карим аль-Хуссайни Сардинийн аралд тансаг зэрэглэлийн дарвуулт завины клубтэй аж.

 

 

10. Оманы султан Кабус бин Саид аль Саид 700 сая ам.долларын хөрөнгөтэй аж.

 

 

Тэрээр улсын байгалийн хий, газрын тосны салбараас хувийн хөрөнгөө бүрдүүлдэг байна. Оманы султан орон даяар исламын шашны сүмүүдийг байгуулсан байдаг. Тэрээр өнгөрсөн жил Английн Челси Лондон клубын ахлагч Жон Террийн 9 унтлагын өрөө бүхий тансаг сууцыг 21 сая еврогоор худалдан авсан аж.

 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж