300 тэрбум төгрөгийн үнэт цаасны хамгийн их хар дагуулж буй нь жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт зориулан гаргах 150 тэрбум төгрөг юм. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулж төсөвлөж байгаа хөрөнгө “Дусал” төдий байгаа учир үр дүнд хүрэхгүй байна гэдэг шүүмжлэл газар авсан ч үнэн хэрэгтээ төсөвлөж буй хөрөнгөндөө бус хуваарилалт нь “шог” байгаагаас үр дүн гарахгүй байгааг албаныхан нь хэлсээр байгаа. Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зориулалттай гадны зээл тусламжийг Сангийн яам, төрөөс төсөвлөж байгаа хөрөнгийг Жижиг, дунд үйлдвэрлэлийн газар, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам хариуцаж байгаа нь зээлийн хуваарилалтад замбараагүй байдал үүсгэдэг аж. Яг л гурван толгойтой лууны үлгэртэй ижилхэн гэсэн үг. 2009-2010 онуудад жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зориулалтаар нийт 60.8 тэрбум төгрөгийг улсын төсвөөс хуваарилсан. Мөн Дэлхийн банкны “Хувийн хэвшлийг хөгжүүлэх“, Японы Засгийн газрын “Байгаль орчин, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх” зэрэг олон улсын төслийн байгууллагуудын хэрэгжүүлж буй төслүүд, аймаг орон нутгийн өөрийн хөгжлийн сангаар дамжуулан 55.8 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн тооцоо бий. Цөөхөн хүн амтай манайх шиг улсын хувьд энэ бол бага мөнгө биш. Харамсалтай нь эдгээр зээл хүрэх ёстой эздэдээ очсон уу гэдэг асуултад Мэргэжлийн хяналтын байгууллагынхан саяхан “Үгүй” гэсэн хариултыг өгсөн байсан. Үүний шалтгаан нь зээлийг арилжааны банкаар дамжуулж байгаад бий. Үүний улмаас зээлийн санхүүжилт барьцаа хөрөнгөтэй томоохон компаниудыг торддогоос бус “жижиг, дундчууд”-д хүрэх нь ховор аж. Яг энэ байдлаар дээрх 150 тэрбум төгрөгийн зээлийг тараавал жижиг, дунд үйлдвэрлэгчдийг бус “том”-чуудыг угжих болох нь. Мөн өнгөрсөн хугацаанд гаргасан зээлийн эргэн төлөлтөөр энэ жилээс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан тэлж эхэлнэ гэж байгаа. Төсөв тэлж эхэлж байгаа үед зээл олголтын хамрах хүрээг эздэд нь хүргэх шинэ тогтолцоо хэрэгтэй байгааг сануулах юун.
Жижиг дунд үйлдвэрлэлийн 150 тэрбум эздэдээ хүрэх үү
УИХ-аас “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хүрээнд 300 тэрбум төгрөгийн үнэт цаасыг таван жилийн хугацаатайгаар гаргахаар болсон. Үүний 100 тэрбумыг ноолуурын салбарыг дэмжих зорилгоор, 50 тэрбумыг нь ноос тушаалт, худалдан авалтыг нэмэгдүүлэхэд урамшуулал болгохоор тусгасан. Харин үлдсэн 150 тэрбумыг нь жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд нэмэр болгох юм. Ноос, ноолуурын салбарт зориулж буй 150 тэрбум төгрөгийг хэрхэн олгохыг тогтоолд тодорхой заасан байгаа. Тухайлбал, ноолуурын утас болон эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд 100 тэрбум төгрөгийг нь хөнгөлөлттэй зээл хэлбэрээр тараана. Харин ноосны салбарынханд зориулж олгох 50 тэрбумыг хонь, тэмээний ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдийг түүхий эдээ худалдаж авсных нь төлөө, дээрх үйлдвэрүүдэд ноос бэлтгэж тушаасан малчдад урамшуулал хэлбэрээр олгохоор болсон. Энэ нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нэг хэлбэр мөн боловч малчдыг хэт эрхлүүлж байна гэсэн байр суурийг илэрхийлэх хүмүүс ч цөөнгүй байгаа юм. Учир нь малчдыг 15 жил татвараас чөлөөлдөг атлаа банкных нь зээлийг төрөөс даах, ажлаа хийснийх нь төлөө урамшуулал олгох, малжуулах хөтөлбөрт хамруулах зэргээр хэтэрхий бөөцийлж, хариуцлагагүй болгож байгаад нь татвараа төлөөд явж байгаа нийслэлчүүд унтууцах болсон юм.
Р.САРАНГОО