Их, дээд сургуулийн хичээл хаагдаж оюутнууд зуны амралтандаа гарахаас өмнө нэг л зүйлийг гуйн нэхсээр л байна. Ямар сайндаа олон нийтийн сүлжээгээр “Өглөө босоод 70, өдөр болоход 70, орой унтахдаа 70-аа л мөрөөдөж сууна” гэх мэтээр хошигнох байх вэ. Сүүлдээ тэд 70 мянгаа Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт гарсан түймэрт явчихсан хэмээн ам дамжин ярих болжээ.
Оюутнуудын сурлагын идэвхийг сайжруулахаар олгож эхэлсэн 70 200 төгрөгийг энэ жилээс ялгавартай олгодог болсон. Сайн, муу сурлагыг нь харгалзахгүй олгодог байсныг энэ жилээс 3.0 голчоос дээш оюутнуудад өгөхөөр өөрчилсөн. Ингэснээр энэ улиралд сурлагын амжилт нь 3.0-аас дээш голчтой 30 мянга гаруй оюутан үндэсний тэтгэлэг авах тооцоог Сургалтын төрийн сангаас гаргажээ. Тэтгэлгийн болзол хангасан 30 мянга гаруй оюутны нэрийг Сургалтын төрийн сангаас Сангийн яаманд гарган өгөөд байгаа аж. Гэвч санхүүжилт хүлээгдэж байгаа гэх шалтгаанаар оюутнуудын 70 мянга хүлээгдсээр л байна. Энэ талаар Сангийн яамнаас тодруулахад, “Санхүүжилт орж ирээгүй учраас 70 мянгыг олгоогүй байгаа. Одоогоор хэзээ орж ирэх нь тодорхойгүй байна” гэв.
Өмнөх жилүүдэд бүх оюутанд үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгодог байхад 100 тэрбум төгргийг санхүүжилтэд зарцуулдаг байжээ. Харин энэ жил сурлагын амжилтаар нь ялгавартай олгох болсон. Энэ улиралд л гэхэд 30 мянга гаруй оюутны тэтгэлэгт 20 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм.
Тэгвэл зөвхөн 70 мянга ч биш оюутнуудад олгодог бусад хөнгөлөлт, дэмжлэгийн санхүүжилт ч хүлээгдсээр байна. Тухайлбал, 500 км-ээс дээш газар туулан ирж суралцаж байгаа оюутанд замын зардлын тал хувийг олгодог. Энэ замын зардал, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, орон нутагт дадлага хийсний тэтгэлэг, улсын сургуульд өндөр оноотой элсэж төлбөрөө 70-100 хувь чөлөөлүүлсэн зэрэг санхүүжилт ч хүлээгдэж байгаа юм.
Б.ЗАЯА