Ээдрээт хэргийн мөрөөр

Хуучирсан мэдээ: 2015.06.03-нд нийтлэгдсэн

Ээдрээт хэргийн мөрөөр

Дөрвөн настай охиноо хөнөөж амь насыг нь бүрэлгэсэн гэх хэрэгт буруутгагдаж буй Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал өнөөдөр /06.03/ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болно.

Хуралд шүүгчдэгч Т.Цогт, Г.Маралмаа, талийгаач охины төрсөн ээж, “Ээж бүхий дуу хоолой” ТББ-ын гишүүд болон шүүгчээр Б.Мөнхбаяр, С.Оюунчимэг, Ш.Төгсгэрэл, өмгөөлөгчөөр Б.Хувцагаан нар оролцох юм. Энэхүү шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 21-нд болох байсан ч улсын яллагч буюу прокурор хуралд оролцох боломжгүй гэх шалтгаанаар хурлыг ийнхүү хойшлуулсан юм. Өмнөх шүүх хурлын үеэр Т.Цогт, Г.Маралмаа нарын өмгөөлөгчдийн зүгээс “Шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлтийг гаргасан ч шүүгчид хүсэлтийг хүлээн авалгүйгээр хурлыг нээлттэйгээр явуулах шийдвэрийг гаргаад байгаа. Тиймээс өнөөдөр болох хурал нээлттэй үргэлжлэх юм.

Шүүгчдэгч нарыг хэрхэн буруутгаж, хэдэн жилийн ял төлөвлөөд байгаа болон өмнөх шүүх хурлын үеэр гарч байсан анхаарал татсан асуудлуудыг эргэн сануулъя.

Охиныг хөнөөх үедээ Г.Маралмаа жирэмсэн байжээ

Тавдугаар сарын 21-нд болсон шүүх хуралд Г.Маралмаа таваас зургаан сартай жирэмсэн учраас эмчийн хяналтад орох хүсэлтээ шүүгчид тавьсан юм. “Хурлын үеэр охины амийг хөнөөсөн сэжигтэн Г.Маралмааг жирэмсэн, тэр тусмаа охиныг зодож хөнөөх үед бие давхар байсныг мэдлээ. Эмэгтэй хүн ялангуяа ээж  болох гэж байгаа хүнээс ийм байж болшгүй догшин авир хэрхэн гарсныг гайхаж байна” гэж  “Ээж бүхний дуу хоолой”-ын тэргүүн Б.Уянга уйлан хэлж байсан.

Мөн прокуророос талийгаач охины хойд эх болох 27 настай Г.Маралмааг охиныг зодож тархинд нь гэмтэл үүсгэн, уушгийг няцалснаас амь насанд нь хүрсэн гэдгийг тогтоосон. Мөн шүүхээс Г.Маралмааг буруутай гэж үзвэл 15-25 жилийн хорих ялаар шийтгэнэ гэдгийг прокурорын байгууллагаас мэдээлж буй.

Т.Цогт торгуулаад өнгөрөх магадлалтай

Дээрх сэрдлэгийг нотолж байгаа нэгэн зүйл нь сэжигтэн Т.Цогтыг буруутган прокуророос яллагдагчаар татаад буй Эрүүгийн хуулийн зүйл анги юм. Мөрдөн байцаалтын явцад хийсэн мөрдлөгөөс шалгаалан Дүүргийн эрүүгийн хэргийн I прокурорын газраас талийгаач охины төрсөн эцэг Т.Цогтод Эрүүгийн хуулийн 107.3, 246.1-т зааснаар хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдсэн байна. Өөрөөр хэлбэл түүнийг бусдын амь нас аюултай нөхцөл байдалд байхад тусламж үзүүлээгүй, гэмт хэргийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэх хэрэгт буруутгасан юм.

Үүнээс үзвэл Т.Цогтыг охиндоо огтхон ч гар хүрээгүй гэж үзэн, дарамтлаагүй, байнгын дарамт, хүчирхийлэл, зодуурт байхад туслалцаа үзүүлээгүй зэрэг үйлдэлд нь буруутгаагүй гэсэн үг. Прокурорын байгууллагын эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх зүйл заалтад зааснаар бол Т.Цогтыг буруутгавал шийтгэлийн дээд хэмжээ нь гурваас таван жил хорих ял гэнэ. Таван жилийн ял сонслоо гэхэд л гэмт хэрэг анх удаа үйлдэж байсан гэдгээр нь Өршөөлийн хуулинд хамруулан “өөхшүүлж” улмаар хоёр жилийн ял, эсвэл ялыг тэр чигт нь өршөө бүр торгоод өнгөрөх бүрэн бололцоо байгаа гэдгийг ч хэллээ.

Харин талийгаач охины төрсөн ээж Б.Өнөржаргал энэ хэрэгт Т.Цогтыг буруутай гэж үзэж байгаагаа илэрхийлэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Т.Цогт Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд криминалистикийн шинжээчээр ажилладаг хүн. Энэ хэрэг Баянзүрх дүүрэгт гарсан. Хамт ажилладаг шинжээч нар нь энэ хэрэг дээр ажилласан болохоор би ч гэсэн хардаж байгаагаа нуугаад яах вэ. Гэхдээ арай ч ийм хэрэг хийсэн хүний талд зогсох хүн байхгүй байлгүй дээ гэж бодох юм. Хууль хяналтын байгууллага энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгөөсэй гэж хүсч байна. Надад ганцхан охин минь л байсан. Ганц байсан эрдэнээ би бусдын гарт алдчихлаа шүү дээ. Төрсөн эцэг нь үр хүүхдээ арай ч ингэнэ гэж бодоогүй” гэж ярьсан байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж