Снүкер билльярдын ДАШТ болно

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Снүкер билльярдын ДАШТ болно

70 дахь удаагийн снүкербилльярдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Британийн Шэффильд хотноо эхлэх гэж байна. Энэ удаагийн тэмцээнд 32 шилдэг снүкерчин өрсөлдөхөөс дийлэнх нь билльярдын эх орны тамирчид байна. Английн 16 тамирчин Шэффильдэд өрсөлдөх бол тэдэнтэй таван Шотланд, гурван Хятад, хоёр Уэльс, хоёр Ирланд, хоёр Хойд Ирланд, Хонгконг болон Австралийн тус бүр нэг тамирчин өрсөлдөх болно. Эдгээр тамирчид эхний шатанд сугалаа ёсоор 19 фрэймийг хувааж өрсөлдөх аж.
Дэлхийн чансааг тэргүүлэгч Ронни О’ Салливан эхний шатанд Хятадын Лян Вэнботой оноолт таарсан бөгөөд 34 настай англи тамирчин 2008 оны ДАШТ-ий 2-р шатанд тус тамирчинтай таарч эхний 2 фрэймийг алдсан ч эцэст нь 13:7-ийн харьцаатай хожин, улмаар тэр жилийнхээ ДА болж байсан түүхтэй. Спортын замналынхаа турш 2001, 2004, 2008 онуудад ДА болж байсан Салливан харин өнгөрсөн жил ДА-ын 2-р шатанд Умард Ирландын снүкерч Марк Аллэнд 11:13-аар хожигдон шуугиан тарьж байсан юм. Өнгөрсөн жил нээлт болж байсан Марк Аллэн хагас шигшээ хүртэл явж чадсан ч аварга болох ерөөлтэй байсан Жон Хиггинст ялагдсан билээ. Шотланд снүкерч өнгөрсөн жил түрүүлснээр дэлхийн аварга цолыг гурав дахиа хүртсэн бөгөөд энэ жилийн түүний өрсөлдөгч нь Английн Бэрри Хоукинс байх аж. Мөн 30 дахь ДАШТ-д оролцож байгаа дэлхийн зургаан удаагийн аварга Стив Дэвис чансааны 16-д эрэмбэлэгдэж буй Марк Кингтэй өрсөлдөхөөр болсон байна. Маргааш болон нөгөөдөр тэмцээний эхний шатны тулаан болж, ирэх долоо хоногийн пүрэв, баасан, бямба гаригт 2-р шатны тулаанууд үргэлжлэх юм. 2-р шатанд тамирчид 25 фрэймийг хувааж өрсөлдөнө.

“ Score” studio А.Анхбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж