Шагчид импортлогч компанийн агуулахаас түлш авдаг гэнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Шагчид импортлогч компанийн агуулахаас түлш авдаг гэнэ

“Түлшний зохиомол хомсдол үүссэн” гэх таамаг оргүй, хоосон зүйл биш бололтой. Мэдээллийн хэрэгслээр “Дизель түлш зарна. Их хэмжээгээр бөөндөнө” гэсэн зар тасралтгүй явж байна. Шатахуун түгээх станцуудын 15 литрээс илүү хэмжээгээр борлуулахгүй байгаа түлшийг ийнхүү тонн, тонноор нь өндөр үнээр борлуулж байгаа нь ийнхүү хардахад хүргээд байгаа юм. Зарын дагуу утсаар холбогдоход олонхи нь дизель түлшийг 10-100 хүртэлх тонноор нь зарна хэмээх хариултыг өгч байсан юм. Гэхдээ утасны цаанаас түлшээ чухам хаанаас авч байгааг нь мэдэх арга байсангүй. Ямартай ч тэд түлшийг 2500-2800 төгрөгөөр борлуулна хэмээсэн. Энэ үнээ нэг их буулгах сонирхол ч  байхгүй бололтой байв. Хэлсэн үнээр нь түлш авахаар бол мөнгөө, түлш ачих машинтайгаа бэлдээд хэлсэн газарт нь очих хэрэгтэй аж. Уулзаад тохиролцвол түлш байгаа газартаа аваачна хэмээж байсан юм. Түлшийг 50, 100 тонноор нь л зарна гэсэн хоёр хүнтэй холбогдоход “Үүнээс ихийг ч олж чадна” хэмээж байлаа. Түлш зарна гэсэн хүмүүстэй холбоо барьсныхаа дараа 100 айл дээр зогсдог портерийн жолооч нартай уулзав. Тэднээс дизель түлш шагладаг хүмүүс хаана байдаг талаар тодруулсан юм. Жолооч нар Гурвалжингийн гүүр, Сонсголонгийн ойр орчимд дизель түлш шагладаг хүмүүс бий хэмээх мэдээллийг өгсөн.

Ингээд  Гурвалжингийн гүүрийг зорилоо. Гэхдээ том оврын тээврийн хэрэгсэл, трактор, бульдозорын жолооч нарын зогсдог “Тэхийн зог­соол”-ын ойр орчимд дизель түлшний шаг­чид огт байсангүй. Хүмүүсийн хэлж буйгаар бол энэ газарт хааяа нэг 40-50 литрийн багтаамжтай сав, ка­нистрт түлш хийсэн хүмүүс ирдэг гэнэ.  Харин Сонсголонгийн замд буюу “Монос” эмийн үйлдвэрийн хажуу­ханд дизель түлшний шагчин хэд, хэдээрээ байлаа.  Хамгийн наад талд нь жижиг бүхээгтэй ачааны машин­тай хоёр хүн арван литрийн канистртай түлшийг хажуудаа зогсох цэнхэр портерийн шатахууны саванд юүлж байв. Тэд нэг литр шатахууныг 2500 төгрөгөөр борлуулж байсан юм. Очоод үзвэл бүхээг дотроо 7-8 ширхэг 200 литрийн багтаамжтай төмөр поошигтой түлш эгнүүлэн тавьсан байлаа.  “Тонн орчим түлш авмаар байна. Түлшээ хаанаас авсан юм бэ. Гадуур ус хольчихсон түлш зарж байна гэсэн. Буцах хаяггүй боло­хоор санаа зовоод байна” гэвэл “Сэлэн­гэ аймгийн Алтанбулаг сумтай хил залгаа байдаг Оросын Хиагтаас түл­шээ авсан. Бичиг нь ч байгаа” хэмээв. Түүний үзүүлсэн бичгийг үзвэл шатахуун борлуулж байсан хоёр хүний ахмадыг нь Л.Түмэнбаяр гэдэг ажээ. Тэрбээр 191 литр түлшийг 4495 рублиэр авчээ. Тооцоод үзвэл 1091 орчим төгрөгөөр авсан гэсэн үг. Тэд хил гарч дизель түлшийг бага багаар нь зөөсөөр тонн орчмыг хуримтуулаад, түүнийгээ зарахаар нийслэлд ирсэн нь энэ. Хамгийн эхэнд уулзсан энэ хоёр хүний зам дагуу, цаана нь зогсч байгаа бусад шагчид нь хөөгөөд байдаг болохоор нэг их удаан зогсч чаддаггүй хэмээж байлаа.

Тэдэнтэй уулзсаны дараа холгүйхэн зогсч байсан бага хэмжээний түлш борлуулж буй хүмүүсийг хөөдөг гэх УНЗ-6789 улсын дугаартай жижиг, хөх цистернтэй хүмүүс дээр очив.  Биднийг тэнд очих үеэр хэд, хэдэн машин түлш авч байв. Бидний дунд доорхи яриа өрнөсөн юм. 

-Та нарт аль хэр түлш байгаа вэ. Бид 10 орчим тонн түлш авмаар байна. Шатахуун түгээх станцууд картаар үйлчлэхээ болилоо. Ажил зогсох гээд?

-Түлш байгаа. Гэхдээ яг одоо бол 10 тонн алга. Яг хэзээ авах юм бэ. Маргааш авна гэвэл олоод өгч болно.

-Маргааш авч болно оо. Түлшээ хаанаас авч байгаа юм бэ. Найдвартай биз дээ?

-Найдвартай. Санаа зовох зүйл огт байхгүй. Гадуур ШТС-уудаар худалдаж байгаатай л адилхан түлш ш дээ. Чанарын тухайд бол ямар ч асуудалгүй.

-Тийм үү. Шатахуун импор­толдог компаниас авсан гэсэн үг үү?

-Тийм. Агуулахаас нь авсан.

-Аль компанийн агуулах юм бэ. Карттай хэрэглэгчиддээ өгөхгүй мөртлөө та нарт их хэмжээгээр өгдөг нь ямар учиртай юм бол. Би очоод та нар шиг авчихаж болдоггүй юмуу?

-Тэгж болохгүй ээ. Түлш яаж авсан нь бидний асуудал. Бидний бизнесийн нууц.

-Нэг удаа агуулахаас түлш авахдаа хэдэн тонноор нь авдаг вэ. Цаашид энэ янзаараа түлш хомсдолтой байвал ингэж авахаас өөр арга алга?

-Бид нар нийлээд агуулах руу том машин оруулдаг юм. Түүнээс биш энэ жижиг машиныг бол оруулахгүй шүү дээ. Их хэмжээгээр олж өгч болно оо.

Тэрбээр түлшийг 2600 төгрөгөөр борлуулна хэмээж байсан юм. Бөөнөөр нь буюу гурван тонноос дээш хэмжээгээр авбал 2400 төгрөгөөр өгнө гэнэ. Түүний хэлсэн “бид” гэдэгт цаахан талд нь зогсох хоёр жижиг  цистернтэй хүмүүс орж байгаа бололтой. Учир нь УНЗ-7097 дугаартай жижиг, цагаан цистернээс түлш борлуулж байсан хүн ч гэсэн “Түлшээ 2600 төгрөгөөр борлуулна. Агуулахаас авсан, найдвартай түлш. Олон тонноор нь авбал хямдруулж болно” гэсэн хариултыг өгч байлаа. Бас олон тонныг ч олж, өгч чадна гэдгээ ч хэлсэн юм. Тэдний жижиглэнгээр түлш борлуулж байсан цистерн нь ардаа тоолууртай юм. Нэг ёсондоо явуулын жижиг ШТС ч гэж хэлж болохоор ажээ. Ойр орчимд нь байсан хүмүүстэй уулзахад “Эд нар ойрын өдрүүдэд тогтмол энд түлш борлуулж байгаа. Машинтай хүмүүс ч байнга ирж авдаг. Хаанаас түлш авч байгааг нь гайхаж байна. Шатахуун түгээх станцууд бидэнд түлшийг бага хэмжээгээр өгч байгаа. Тэгэхээр энэ хүмүүс түлшийг импортлогч компаниудаас их хэмжээгээр нь авч байгаа байх” хэмээлээ.

Т.УРАНГЭРЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж