ЗГ хууль зөрчиж байгааг хараад дуугүй сууж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

ЗГ хууль зөрчиж байгааг хараад дуугүй сууж чадсангүй

ЗГ хууль зөрчин иргэдийг хохироож байгааг хараад дуугүй сууж чадсангүй

Монгол Улсын гарьд Баянмөнхийн Гантогтохыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Ард түмэн таныг удамт сайн бөх гэдгээр тань илүү мэднэ. Гэтэл “Уул уурхайн салбараа аваръя” хөдөлгөөнд та оролцож байгаа нь сонин санагдлаа. Энэ чиглэлээр бизнес эрхэлдэг болоо юу?

-Намайг Монгол Улсын гарьд цолтой бөх, спортын олон тэмцээн, уралдаанд төрийн далбаагаа мандуулж явснаар ард түмэн маань мэднэ. Спорт бол шударга үнэний талбар. Миний өвөг дээдэс хэдэн үеэрээ шударга зан үйлээрээ нутагтаа сайн нэр, мөрөө үлдээсэн байдаг. Тэр тусмаа миний өвөөг шударга болохоор нь маргаан таслахад урин залдаг тийм хүндтэй хүн байснаар нь бахархаж явдаг юм. Би ч гэсэн удам судрынхаа энэ чанарыг үргэлжлүүлж явахыг хүсч, нийгэмд шударга ёс үйлчилж байгаасай. Үүнд залуу хүний хувьд хувь нэмрээ оруулахсан гэж боддог. Надад ард түмнээсээ нуух юм байхгүй ээ. Уул уурхайн салбарт бизнес эрхлэх болоод гурван жилийн нүүр үзэж байна. Бүх үйл ажиллагаагаа төрийн хуульд нийцүүлэн ажиллаад үр өгөөжийг нь хүртэхийг буруу зүйл гэж би боддоггүй. Урьд нь олон нийтийн жагсаал цуглаан, эсэргүүцлийн хөдөл­гөөн зэргийг гаднаас нь ажигладаг байсан бол өнөөдөр өөрөө “Уул уурхайн салбараа аваръя” хөдөлгөөнд нэгдэж, төрд дуу хоолойгоо хүргэхээс аргагүй ийм л байдалд ороод байна. Зөвхөн өөрийнхөө төлөө энэ хөдөлгөөнд нэгдсэн хэрэг биш. Энэ салбарт их хэмжээний хөрөнгө хүч, цаг хугацаа, хамаг амьдралаа бизнестээ зориулсан, өөр салбарт ажиллах тухай бодож ч байгаагүй тэр хүмүүс төрийн хууль хэрэгжихгүй байгаагаас болон хохирч байгааг хараад нэгдэхээр шийдсэн.

-Та бүхэн Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болжээ. Ямар үр дүнд хүрэх бол?

-УИХ-аас баталсан хууль бүхнийг бид дагах үүрэгтэй. Дагасаар ч ирсэн. Гэтэл Засгийн газар, төрийн байгууллагууд хуулиа зөрчөөд байгаад зүгээр хараад сууж үнэхээр чадсангүй. Цаашид батлахаар зэхэж байгаа хуулиуд нь ч сэтгэл гонсойлгож, урам хугалах боллоо. Засгийн газар  хүртэл хууль бус үйл ажиллагаа явуулж чаддаг юм байна. УИХ ч хожмын өдөр хариуцлага хүлээхгүйгээр, улс орноо гэсэн  сэтгэлгүйгээр, өчүүхэн эрх ашгийн төлөө хууль баталж чаддаг юм байна гэдгийг л харж мэдэрч байна даа.

-Уг нь “урт нэртэй” хуулийг санаачилахдаа гол ус, ой мод, байгалиа хамгаалахыг гол зорилгоо болгосон. Гэтэл уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бизнесмэнүүд тэнд ажиллаж буй олон хүний эрх ашиг, амьдралын баталгааг хөндөхөд хүрлээ. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах нь зүйтэй гэж та бодож байна вэ?

-Уул уурхайн салбарт ажиллаж байгаа л бол байгальд хайргүй хүн гэж ойлгож болохгүй шүү дээ. Тужийн нарс хэмээх цэвэр агаарын уурхай болсон, Монголын үзэсгэлэнт ой шугуй байдаг. Энэ сайхан ойг хэрхэн устгаж, нүд хальтрам байдалтай болгосныг бид мэднэ. Тэр үед Тужийн нарсны нэг га газрыг нөхөн сэргээх бүх зардлыг нь би хувиасаа гаргаж хандивласан. Нэг га газрыг нөхөн сэргээхэд дөрвөн жилийн хөдөлмөр шаарддаг. Тарьж ургуулах, усалж тордох, харж хандах, хүмүүсийг цалинжуулж ажиллах гээд бүх зардлыг нь хариуцсан. Зөвхөн би ч биш, байгалиа хамгаалахаас татгалзах, дургүйцэх хүн байхгүй шүү дээ. Гэхдээ “урт нэртэй” хуулийн гол зорилго нь байгаль хамгаалахад чиглэж чадаагүй. Харин ч улам доройтуулах, эзэнгүйдүүлэхэд хүргэсэн. Энэ бол төр, засгийн алдаатай шийдвэрийн нэг жишээ л боллоо.

-Танай компани ямар нэртэй, хаана үйл ажиллагаагаа явуулдаг вэ. Гадны хөрөнгө оруулалттай юу?

-Манайх “Чамин алт” нэртэй, гаднын хөрөнгө оруулалттай компани. Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын Засгийн газар уул уурхайг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон зарласантай холбогдуулан би энэ салбарыг ирээдүйтэй юм байна гэж үзээд хөгжүүлэхийн төлөө зүтгэе гэж бодсон. Уул уурхайн салбарын орлого улсын төсвийн орлогын томоохон хувийг эзэлдэг. Зөвхөн бензин шатахуун түгээх оператор компанийн нийт борлуулалтын 80 орчим хувийг уул уурхайн салбар дангаараа эзэлдэг. Дээр нь банкуудын зээлийн 35 орчим хувийг эзэлж байна. Тиймээс цаашид Монгол Улсын хөгжилд асар том нөлөө үзүүлэх энэ салбарт гадны  нөлөө бүхий томоохон компаниудтай өрсөлдөн арай ядан явж байгаа үндэсний компаниудаа төр нь бодлогоор дэмжихийн оронд алагчилж, татан унагах алхам хийж байгаа нь харамсалтай.

-“Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын дагуу 254 лицензийг цуцалсан. Үүнд танай компанийн лиценз орсон уу?

-Орсон. Цуцалчихсан.

-Танай компанийн үйл ажиллагаагааг хэзээнээс эхлэн зогсоосон бэ. Одоо нөхцөл байдал ямархуу байгаа вэ?

-Манай компанийн үйл ажиллагааг энэ оны тавдугаар сарын 25-нд аймгийн Мэргэжлийн хяналтын албаны хүмүүс ирээд зогсоосон. Ерөөсөө дайн эхэлж байгаа юм шиг л шууд халдаж лацадсан.

-Танайх гадны хөрөнгө оруулалттай юм байна. Хөрөнгө оруулагчид энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ?

-Хуулийн эцсийн шийд хэрхэн гарахыг харж байна. Мэдээж гадны хөрөнгө оруулагчдыг хохироох нь тодорхой болсон тохиолдолд арбитрын шүүхэд хандах нь ойлгомжтой. Тэр үед Монгол Улсын нэр хүнд, эдийн засагт л хохирол учирна. Үүнд би маш их харамсч байна. Олон улсын шүүхэд хандсан тохиолдолд манай тал унах нь тодорхой болчихоод байгаа. Зөвхөн монгол компаниа хууль зөрчин хүчирхийлж, дарамтлах нэг хэрэг. Гэтэл энэ салбарт гадны 100 хувийн хөрөнгө оруулалттай 180 гаруй  компани, хувь нийлүүлсэн 150 гаруй компани тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Гадны тэр олон компани бүгдээрээ арбитрын шүүхэд хандаад эхэлбэл юу болох вэ.

-Арбитрын шүүхэд Монголын тал ялагдана гэдгийг та яагаад ийм итгэлтэй хэлж байна вэ?

-“Урт нэртэй” хуулийн 6.4-т Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-ийг баримтална гэсэн заалт бий. Энэ нь лиценз эзэмшигчдийн талбайг нөөцийн болон тусгай хэрэгцээний зориулалтаар авах бол нөхөн олговор олгоно. Лицензийг цуцлахад нөхөн олговрыг 100 хувь төлсөн байх шаардлагатай гэсэн байгаа. Өнөөдөр Засгийн газар нөхөн олговор өгөхгүйгээр лицензийг нь цуцалж компаниудыг хохироож байна. Өгч чадах ч үгүй. Хуулиараа нөхөн олговрыг өгөөгүй тохиолдолд лиценз цуцлагдаагүй гэж үзнэ. Лиценз цуцлагдаагүй байхад бид үйл ажиллагаагаа явуулах бүрэн эрхтэй. Тиймээс хууль зөрчсөн нь тодорхой байгаа учраас би ингэж хэлж байна.

-Тухайлбал та “урт нэртэй” хуулийн үйлчлэлээс болж лицензээ цуцлуулснаар ямар хэмжээний хохирол амссан бэ. Банкинд ямар хэмжээний өртэйг тань мэдэж болох уу?

-Уул уурхайн салбар хөрөнгө оруулалт, цаг хугацаа их шаарддаг. Эрсдэл ихтэй. Ажил үүргийн хувьд маш хүнд, үнэлгээ өндөртэй. Эмэгтэй хүн байтугай эрчүүдийн шандсыг шавхдаг салбар. Гэтэл манай эмэгтэйчүүд бидэнтэй мөр зэрэгцэн энэ хүнд бизнесийг эрхлээд явж байгаа нь бахархууштай санагддаг. Манай компани одоогийн байдлаар банкинд 60 орчим сая төгрөгийн өртэй. Жишээ нь шатахуун нийлүүлэх оператор компаниудын заримтай нь зээлийн гэрээ хийсэн байдаг. Гурван сарын дараа төлж эхэлье гэх маягаар. Тэд байнгын найдвартай харилцагчдадаа үүнийг зөвшөөрдөг. Уул уурхайн салбарын бизнесийн онцлог нь түлш шатахуунд хамгийн их хөрөнгө зарцуулдаг. Мөн бид хүнд машин механизм, уурхайн тоног төхөөрөмж худалддаг компаниудтай лизингийн гэрээ хийдэг. Шууд худалдаж авсан нь ч бий. Хохирлын хэмжээг тооцоход яг тоо хэлэхэд амаргүй. Үлэмж их хохирол амсч байгааг энэ салбарт бизнес эрхэлж байгаа хүмүүс л сайн ойлгоно. Эргэн төлөгдөхгүй хохирлууд ч байдаг.

-Таны үеийн залуус, манай бөхчүүд өнөөдөр улс төр, бизнес, нийгмийн янз бүрийн салбарт ажиллаж, эрч хүчээ сорьж байна. Таны хувьд уул уурхайн салбарт бизнес эрхэлж байна. Багагүй бэрхшээлтэй тулгарлаа. Өнөөдөр Засгийн газарт шаардах бичиг өргөн барихад хүрч байна. Ингэхэд танд улс төр хэрхэн нөлөөлж байна вэ?

-Би нийгмийн идэвхтэй гишүүн. Улс төрийн хүрээнд юу болж байгааг анхааралтай ажиглаж, сонсч байдаг иргэн хүн. Мөн Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн. Хууль батлахын цаана хариуцлагыг хаана, хэнтэй тооцох гээд байгаа нь тодорхойгүй байна. Энэ талаар ярихыг ч хүсдэггүй. Голдуу өрөөсгөл хууль баталж байна. Би эрхэлж буй бизнестэй холбоотой Банкны тухай, Ашигт малтмалын тухай, Эрүүгийн, Иргэний хуулийн зарим зүйл заалтыг идэвхтэй судалдаг. Алдаа зөндөө байдаг. Манай засаг, төр хуулийг авч хэлэлцэх, биелүүлэхээ больчихсон юм байна. Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа гэж ярьдаг. Тухайлбал 1990 онд ардчилсан хувьсгал ялсан гэж аль ч нам хүлээн зөвшөөрчихөөд байхад өнөөг хүртэл иргэнийхээ өмчийг хамгаалахад төр анхаарч чадаагүй. Иргэн баян бол улс баян гэдэг. Төр иргэнийхээ өмчийг хамгаалахын төлөө ажиллах ёстой. Хуучны төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, тэгш хуваарилалтын систем гэдэг чинь хүн төрөлхтний түүхэнд үеэ өнгөрөөж, дампуурсан арга барил гэдэг нь шалгагдчихсан зүйл. Шинэ нийгмийг сонгосон юм бол яагаад үүнийг таягдан хаяж чадахгүй байгаа юм бэ. Гэтэл хувийн өмчийг хамгаалах, дэмжих, хувь хүний эрх чөлөө, эрх ашгийг хүндлэн дээдлэх  бодлого хаана байна. Төр, засаг энэ талаар маш муу ажиллаж байгаа гэдгийг би энд зориуд хэлье.

-“Урт нэртэй” хууль батлагдсантай холбогдуулан, уг хуулийг дагаж үүссэн асуудлуудыг нягтлахаар УИХ-аас ажлын хэсэг гарсан. Ажлын хэсгийг танай намын гишүүн, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан ахалж байгаа. Намын нөхөд, үеийн залуусын хувьд ажил хэрэгчээр ярилцаж, асуудлыг шийдэх гэж оролдож үзсэн үү?

-Миний хувьд ар өврөөр гүйгээд асуудлыг зохицуулахыг зөв алхам гэж үздэггүй. Тэгж оролдож ч байсангүй. Уул уурхайн компаниуд хөдөлгөөн байгуулж, хэлэлцээд тодорхой асуудлаар шаардлага тавьчихаад байхад би араар нь очиж хууль тогтоогчидтой уулзаад байх шаардлагагүй.

-Энэ хуулийг санаачилж эхэлсэн үеэс л үүнээс үүдэн гарч болох хор хохирлын талаар ярьцгаалаа. Эдийн засгийн хохирол нь өнөөдөр бодит асуудал болчихоод байна. Нөхөн олговрын хэмжээ л гэхэд манай улсын бүтэн жилийн төсвийн орлогоос давсан байгаа талаар олон удаа ярьсан ч заавал баталж, хэрэгжүүлэхээр зүтгэхийн утга учир юунд байна. Та үүнийг ямар өнцгөөс харж байна вэ?

-Ажиглаад байхад хуулийг хэн нэгэн гишүүн санаачилдаг. Цаана нь хэсэг бүлэг гишүүд дэмждэг юм байна. УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр эрхэм гишүүдийн хэн нь ч байсан тавхан минут үг хэлэх эрхтэй. Үгээ хэлж, санаагаа ойлгуулж амжаагүй байтал микрофоныг нь хаагаад үгийг нь тасалчихдаг. Гэтэл бүхэл бүтэн хууль ингээд л батлагддаг. Хэлэлцэх, ойлголцлын зөрүүгээ арилгаж байж дүгнэлтээ хийлгүйгээр товчлуур даран хууль баталж байхад яаж амьдралд нийцтэй байх билээ. Би АНУ, БНХАУ зэрэг оронд хууль батлахын тулд яаж иргэндээ асуудлаа танилцуулж, тэдний саналыг хуульд тусгах гэж хичээж буйг олонтаа харж байсан. Шинжлэх ухааны байгууллага, хэвлэл мэдээлэл, аль болох иргэн бүрийн саналыг сонсох гэж ямар их хичээж ажилладаг юм бэ. Эцэст нь хэн ч хуулийн заалт эсэргүүцэж жагсдаггүй, хэрэгжүүлэх, хяналт тавихад ч амар байдаг юм байна.

-УИХ-ын байнгын хорооны хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад “урт нэртэй” хуулийн талаар хэлэлцэхээр тусгасан байдаг ч ямар шийдэл гарахыг нь сонирхон хүлээж байтал хойшлуулчихаад байгаа. Яагаад ингээд хойшлуулаад байна вэ. Улс төрийн шалтгаантай гэж үзэж болох уу?

-Мэдэхгүй юм даа. Улс төрийн шалтгаан биш гэж үзэхэд хилсдэхгүй л байх. Миний хувийн үзэл бодол гэвэл би ардчилсан үзэл баримтлалтай хүн. Ард түмэн хүсэл зоригт нийцсэн шийдвэр гаргадаг тийм л төрийн тогтолцоог бид сонгосон гэж боддог. Гэтэл өнөөдөр Монгол Улсын Их Хурлаас гарч байгаа шийдвэрт ард түмний санаа бодлыг тусгаж байна уу, үгүй юү. Тэдний хүсэл зоригт нийцэж, эрх ашгийг хамгаалж байгаа эсэх нь үнэхээр эргэлзээтэй болчихоод байна. Өнөөдөр бид Засгийн газарт шаардлага хүргэлээ. Уул уурхайн салбарт олон жил ажилласан, одоо энэ салбарын төлөө зүтгэж яваа хүмүүс энэ хөдөлгөөнд нэгдэж байгаа. Түүнээс биш ард түмэн нэг талд, уул уурхайн салбарынхан нөгөө талд байгаа юм биш шүү дээ.

-Олны хайртай бөхтэй ярьж байгаагаа ч мартах шахан улс төр, уул уурхай ярьчихлаа. Уншигчид намайг зэмлэх байх. Та өнөө жилийн наадмаар барилдах уу гэж би заавал асуух ёстой. Уул уурхайн бизнес хөөгөөд бөхөө орхиж байгаа юм биш биз?

-Юу гэж л бодно вэ, буянаараа болог.

У.ОРГИЛМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж