Бурхан Буддагийн амьдралын түүх

Хуучирсан мэдээ: 2015.06.02-нд нийтлэгдсэн

Бурхан Буддагийн амьдралын түүх

МЭӨ 6 зуун бол дэлхийн түүхийн чухал үе байлаа. Хүн төрөлхтөний түүхэнд аугаа их ачтан Гоутам гэгч мэндэлж улмаар Бурханы хутгийг олон гэгээрсэн юм. Тэрээр түгээмэл орших зовлонгоос ангижруулагч ариун номын замыг дахин нээж олсон төдийгүй их нигүүлсэнгүй сэтгэлээр 45 жилийн турш сая сая хүмүүст зовлонгоос хагацах арга замыг зааж сургасан юм. Түүний сургаал өнөөдөр ч хүн төрөлхтөнд ач тусаа өгч байгаа төдийгүй,  цэвэр ариунаараа хадгалагдаж байгаа нөхцөлд цаашид ч үр шимээ өгч сэтгэлийн амар амгаланд хүрэхэд тусалсаар байх болно.

Түүхэнд өгүүлснээр Сакяа улсыг м.э.ө 624 онд захирч байсан Судходана хаан 2 хатантай байжээ. Их хатаныг Махамая,  харин залуу хатанг Махапажапати Готами гэдэг байсан ба, тэд эгч дүүс байжээ. Вэшака сарын  /4,5 сар/ тэргэл  сартай өдөр Махамая хатан,  нийслэл Капилаватугаас Девадах хот руу анхны хүүхдээ гаргахаар өөрийн эцэг эх рүү явж байх зуураа Лумбини цэцэрлэг дэхь модны дор нярайлж  хүү төрүүлжээ. Энэ үед Ашита гэх нэгэн настай даяанч тэнд ирж хүүгийн биеэ лагшинд цогцлосон суут хүмүүний шинж тэмдэгийг үзсэн түүний нүүрэнд үлэмж баяр баясгалан тодрон байснаа төдөлгүй нулимс унагасан байна. Тэрээр зовлонгоос хэрхэн ангижрах арга замыг хүн төрөлхтөнд заан сургахаар ертөнцөд ирсэн энэ аугаа хүнийг хараад бишрэн баясахын хамт,  түүнийг ном заах хүртэл өөрийгөө удаан наслахгүйгээ мэдээд ийнхүү уйлсан байжээ.

Хүүг төрснөөс 5 хоногийн дараа нэр өгөх хүндэтгэлийн арга хэмжээн дээр уригдсан олон лам хуврагууд хүүг Чакравартын  хаан эсвэл Төгс гэгээрсэн бурхан болно гэж зөгнөж байсанч Конданяа гэгч нэг л хувраг хүүг Бурхан болно гэж итгэлтэй хэлсэн байна. Хүүд Сидхарта буюу зорилгодоо хүрсэн гэдэг утгатай нэрийг хайрлажээ. Хүүг мэндэлснээс 7 хоногийн дараа эх нь нас барж, тэрээр хойд эх Махапажапатийн асрамжинд өсчээ. Залуу ханхүү үеийнхэнтэйгээ адил тоглоом зугаанд дургүй, харин бодлогоширон ганцаараа байхыг илүүд үздэг байв.

Үүнийг ажиглаж мэдсэн хаан эцэг нь,  хүүгийнхээ тухай зөгнөн хэлсэн зүйл биелэх вий хэмээн эмээж хүүгээ үргэлж сайхан өнгө үзэмжтэй бүхнээр хүрээлүүлэн гадаад ертөнцийн амьдралыг үзүүлэлгүй тусгаарлан байхыг хичээж байжээ.

Сидхарта харьцангуй залуу насандаа буюу 17 настай байхдаа Яшодхара гэдэг үзэсгэлэнт гүнжтэй гэрлэсэн байна. Эцэг нь ингэж түүнийг гэр бүлийн амьдралд оруулах нь зүйтэй гэж үзсэн байна.  Ийнхүү 29 нас хүртлээ тэр торох бэрхшээлгүй тансаг сайхан гэр бүлийн амьдралыг туулсан байна.  Нэгэн өдөр Сидхарта гадагш гарч гудмаар явж байх зуур эхлээд хөгшин өвгөнийг, дараа нь өвчтэй хүнийг, дараа нь үхсэн хүнийг харжээ. Эцэст нь амар амгалан гэрэл гэгээ нүүрэнд нь  туяарсан даяанчтай таарсан байна. Эдгээр 4 учрал түүнд маш гүн сэтгэгдэл үлдээсэн тул тэрээр ертөнцийн зовлонгийн тухай бодсоор байсан ба  ертөнцийн амьдралыг улам гүнзгий таньж мэдэхийг, мөн эдгээр зовлонгоос салж чөлөөлөгдөх арга замыг олохыг хүсэх болжээ.

Төдөлгүй ханхүү Сихарта болон гүнж Яшодхара нар хүүтэй болсон бөгөөд энэ үйл явдлыг Сидхарта сэтгэлийн саад гэж үзэж байсан тул хүүдээ Рахула буюу саад бэрхшээл гэсэн утгатай нэр өгсөн байна.  Хэдийгээр хүү нь түүний бодсончлон тийм ч төвөгтэй байгаагүй тул тэрээр улам хүчтэй дасч уягдахаасаа өмнө ертөнцийн амьдралтай танилцахаар шийджээ. Тэр үнэний эрэлд гарсан даяанчийн амьдралыг сонгосон байна.

Нэгэн шөнө тэр өөрийн зарц Чаннагийн хамт ордноо орхин гарсан ба хэсэг газар хамт туулсны дараа өөрийн үнэт чимэг зүүлтийг өгч буцаагаад дараа нь үсээ тайрч даяанч болжээ. Энэ үед тэр 29 настай байлаа.

Тэр 6 жилийн турш үнэнийг хайн тэнүүчилсэн байна. Эхлээд тэр Алира  Калама, Уддака Рамапутта гэдэг багш нартай учирч тэднээс тухайн үед хөгжиж байсан самади бясалгалаар гүн төвлөрөх /7 ба 8 шат хүртэл/ аргыг заалгажээ. Гэвч энэ нь түүнд хангалттай санагдсангүй.

Түүний сэтгэл маш их цэвэршиж, урьд өмнөхөөс илүү тайван амгалан тогтвортой болж байгааг тэр анзаарч байсан ч түүний сэтгэлийн хамгийн гүн хэсэгт хир буртаг нуугдсаар байгааг бас мэдэж байлаа. Түүний сэтгэл бүрэн цэвэрлэгдээгүй байсан юм.

Түүний эрэл ийнхүү цааш үргэлжилсээр Урувелийн Синанигамад хүрчээ. Тэнд хүнд хэцүү тэсвэр хатуужлын сургуулилт үйлдэж байгаа 5 бадарчинтай учирч хамт сургуулилж эхэлсэн байна. Тэдэнтэй хамт тэр хэлхээ яс болтлоо турж эцтэл хоолоо сойж сургуулилсан боловч сэтгэлээ бүрэн төгс ариусгаж чадахгүй байв.

Энэ бүх хугацааны эцэст тэрээр биеийн тав тух, тансаг бүхнийг хангах хийгээд биеэ зовоон хүнд хэцүү хатуужил, тэвчээрийг үйлдэх хоёрын аль аль нь зовлонг арилгахад тус болж чадахгүй туйлшрал юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Энэ дүгнэлт нь түүнийг төв зам мөрийг нээж олоход хүргэжээ. Ингээд тэр хоол идэхээр шийдэж, ойролцоох тосгонд амьдардаг Сужата гэгч нэгэн бүсгүй будааны зутан өргөснийг идсэн байна.  Энэ мөчид түүнтэй хамт сургуулилж байсан бусад 5 бадарчин хатуужил тэсвэрийн сургуулилт үйлдэх нь төгс гэгээрэлд хүрэх зам гэдэгт итгэсээр байсан тул түүнийг зорилгоосоо ухарсанд тооцож орхин явцгаажээ. Харин Сидхата  ганцаараа үргэлжлүүлэхээр шийдсэн ба Вешака /4,5 сар/ сарын тэргэл сартай нэгэн өдөр Неранжана голд орж угаал  үйлдсэний дараа хажуугийн ойн төгөлийг зүглэн явсан байна. Тэнд очоод тэрээр нэгэн модны дор сууж төгс гэгээрэлд хүрэхээс нааш эндээс босохгүй гэсэн хатуу шийдвэрийг гарган суужээ.  Тэр бүтэн шөнийн турш гүн бясалгал үйлдэн суусан ба эцэст нь үнэнийг олж, хүн төрөлхтөнөө мартагдан үгүй болоод байсан Випашяна бясалгалын аргыг дахин нээн илрүүлсэн байна.

үргэлжлэл: vipassanamongolia.wordpress.com

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж