Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-д айлчлахдаа Санкт-Петербург хотод зочилж тэнд хадгалагдаж буй Монголын түүхийн холбогдолтой олон зүйлстэй танилцсан юм. Нева мөрний эрэг дээрх Эрмитаж музейд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж очиж энэ жил 2220 жилийн ой нь тохиож буй Монголын анхны төрт улс Хүннүгийн эзэнт гүрний Алтан ордны улсын дурсгал, хосгүй ховор үнэт эдлэлийн сан хөмрөгийг үзэв. Тэнд Ноён уулын булшнаас олдсон Хүннү гүрний үеийн дурсгал болох эмээл, бүсний алтан тоноглол, бидний түүхийн сурах бичгээс мэдэх буга барьж буй чонын дүрстэй хивсний хэсэг зэрэг үнэт ховор үзмэрүүд байв. Шилэн хоргоноос гаргадаггүй тэдгээр нандин зүйлийг энэ удаа ил гарган тавьжээ. “Олдсон дээр нь” гэгчээр Ерөнхийлөгчийг дагалдаг яваа хүмүүс хивснээс адис авцгааж байв. Хэдийгээр музейн хамгаалалтын ажилтнууд дурамжхан байсан ч эзэд нь ирсэн хойно арга буюу тэр үйлдлийг тэвчиж өнгөрөөв. Эрмитажид Чингис хааны үеийн “дипломат паспорт” болох том мөнгөн гэрэгэ хэд хэдээрээ байсныг Гадаад харилцааны яамныхан ихэд сонирхож байсан. Мөн Монголын хаад ноёдын мөнгөн тамга, Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн бурхад, ХYII-XVII Iзууны үед Монголын ихэс дээдэс Оросын эзэн хаадтай харилцаж, дипломат шугамаар илгээж байсан бэлгүүд, XIII-X IYзууны Монголын хаадын эд өлгийн зүйлс хадгалагдаж байна.
Д.ОЮУН