“Эрдэнэс Тавантолгой”-н зөвлөхөөр шалгараад буй АНУ-ын шилдэг таван банкны нэг “Голдман сакс”-ынхан “Дундын сангийн” гэгдэх санхүүгийн хэрэгт холбогдож, нэлээд шуугиан тарьж байсан. Тэгвэл энэ удаад Манхэттан дүүргийн шүүх тус банкнаас арай өөр хэргийн талаар тайлбар авахаар дахин зарлан дуудах хуудас хүргүүлсэн байна. Шүүхээс гадна Сенатын дэд хороо ч “Голдман сакс”-ыг буруутгаж байгаа аж. Тодруулбал, Сенатын Байнгын дэд хорооны мэдэгдэлд “Санхүүгийн зах зээлийг уналтад оруулсан хамгийн гол буруутан нь “Голдман сакс”. Учир нь тэд үл хөдлөх хөрөнгөөр барьцаалсан зээлийн тухай мэдээллийг хөрөнгө оруулагч нарт ташаа ойлгуулсан” хэмээн дурджээ. Уг мэдэгдэл гарсны дараа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дэх “Голдман сакс”-ын нэгж хувьцааны ханш 16 хувиар буурчээ.