Фото: Philipp Schmidli / Getty Images
Йозеф Блаттер өөрийгөө Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA) ерөнхийлөгчөөр тав дахь удаагаа сонгуулж чадлаа. Тус байгууллагатай түншлэлээ зогсооно гэж байсан FIFA-гийн ивээн тэтгэгчид одоо ямар алхам хийх бол?
Тавдугаар сарын 29-нд Цюрих хотноо FIFA-гийн (Fédération internationale de football association, FIFA) шинэ удирдлагын асуудлаар санал хураалт болсон. Санал хураалтын эхний шатанд Йозеф "Зепп" Блаттер 133 санал, түүний гол өрсөлдөгч Али бин Аль-Хусейн 73 санал тус тус авсан байв. Иорданы жонон хоёрдугаар шатны санал хураалтын өмнө өөрийн нэрийг өрсөлдөөнөөс татсанаар Блаттер шууд ерөнхийлөгчөөр нэрлэгдсэн юм.
FIFA-гийн ерөнхийлөгчийн сонгууль энэ удаа тус байгууллага дахь авлигын дуулиантай зэрэгцсэн нь сонирхол татаж байгаа. Санал хураалтаас хоёр хоногийн өмнө Цюрих хотод тус байгууллагын Гүйцэтгэх хорооны гишүүн бөгөөд дэд ерөнхийлөгч Жеффри Уэбб, Эухенио Фигередо, мөн түүнчлэн Гүйцэтгэх хорооны гишүүд Эдуардо Ли, Хулио Рока, Костас Таккас, Рафаэль Эскивель, Хосе Мария Марин нарын нийт есөн хүнийг баривчилсан юм.
Энэ дуулиант хэргийн гол гомдол гаргагч нь хөлбөмбөгийн ертөнцийг авлигаас цэвэрлэхээр амласан АНУ-ын Хууль зүйн яам байв. Америкийн талыг тус байгууллагын томоохон ивээн тэтгэгчид дэмжсэн юм. Тухайлбал, Visa корпораци "Хэрэв асуудлыг шийдэхээр хурдан шуурхай хөдлөхгүй бол FIFA-тай түншлэлээ зогсоон" гэж мэдэгдсэн байлаа.
Байгууллагын ивээн тэтгэгчдийн цаашдын хандлага прагматик сэтгэмжээр явагдах нь ойлгомжтой. “Мөнгө үнэргүй” (Pecunia non olet) гэсэн үгийг эртний Ромын эзэн хаан Веспасион хэлсэн гэдэг. Гэхдээ энэ үгийн утга санаа өнөөдөр ч чухал хэвээр байгаа юм. Том бизнес ашиг олох боломжийг алдахгүй. Нэр хүндэд нь халтай байсан ч “мөнгө цагаан, нүд улаан” гэдэгчлэн зүтгэх нь нэгэнт ойлгомжтой.
Дэлхийн хөлбөмбөгт FIFA өрсөлдөгчгүй. Ивээн тэтгэгчдийн удирдлагууд FIFA-гаас татгалзвал тэдний байр суурийг өөр компаниуд эзэлнэ гэдгийг мэдэж байгаа.
FIFA-гийн ивээн тэтгэгч солигдохгүй гэсэн дархан эрх байхгүй
Олон улсын хөлбөмбөгийн холбооны дээд удирдлагын авлигын дуулиан ивээн тэтгэгчдийн дургүйцлийг төрүүлж, зарим нь ивээн тэтгэлгээ зогсооно гэж мэдэгдэл хийсэн нь FIFA-д аюултай юу?
Visa өөрийн гол өрсөлдөгч MasterCard компанид FIFA-тай байгуулсан гэрээгээ алдах болов уу?
Төлбөр тооцооны дэлхийн томоохон оператор Visa Олон улсын хөлбөмбөгийн холбоонд хатуу хандаж байна. “Хэрэв FIFA асуудлаа хурдан, шуурхай шийдэж чадахгүй бол бид ивээн тэтгэх харилцаагаа эргэн харна” хэмээн тус компанийн хэвлэлийн мэдээнд өгүүлсэн байв.
Гэхдээ FIFA-тай хамтрахаас VISA татгалзах болбол тэр нь төлбөрийн үйлчилгээний хоёр дахь том оператор MasterCard-д боломж нээж өгөх болно. Энэ компани нь клубуудын хамгийн өндөр статусын тэмцээн зохион байгуулдаг Европын хөлбөмбөгийн холбоо, UEFA-тай хамтран ажиллаж байгаа асар их туршлагатай.
Pepsi Co. сүүлийн жилүүдэд спортын рекламаас Coca Cola Inc. компанийг мэдэгдэхүйцээр шахаж байгаа. FIFA-д зориулж шүүмжлэл хэлсэн хоёр дахь компаний бол тус байгууллагын гол ивээн тэтгэгчдийн нэг "Coca Cola" компани юм.
“Энэ урт хугацааны маргаан FIFA-гийн зорилго, нэр хүндэд толбо үүсгэж байна” хэмээн компанийн мэдэгдэлд дурьдсан байлаа.
Харин энэ мэдэгдлийн дараагаас спортын рекламын зах зээл дэх "Coca Cola"-гийн гол өрсөлдөгч "Pepsi" үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.
"Bloomberg"-ийн мэдээлснээр, Pepsi Co Inc. АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн эвслээс Coca-Cola Inc. компанийн гэрээг өрсөн авч, ундаа болон хүнсний салбарт NBA-гийн гол хамтрагч нь болж чаджээ. Үүнээс гадна "Pepsi" Хоккейн үндэсний лиг, Бейсболын лигийн гол ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Тиймээс "Coca-Cola" дахин нэг том рекламын талбараа алдахгүй гэх газаргүй болоод байгаа бололтой.
FIFA-гийн гол түншүүд
Мэдээж, зарим том компаниуд FIFA-гийн байр суурь болон хөлбөмбөгийн ертөнцийг дэмжсэн хэвээр байгаа. Adidas, Coca-Cola, Visa, "Газпром", Hyundai / Kia Motors компаниуд FIFA-тай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байдаг бөгөөд тэд өөрсдийн зар сурталчилгаанд FIFA-гийн албан ёсны бэлгэдлүүдийг ашиглах эрхтэй байдаг.
Хоёрдугаар эгнээний хамтрагчид гэж болох Budweiser, McDonald's зэрэг компаниуд өдгөө "Дэлхийн цом"-ын тэмцээнийг нь ивээн тэтгэдэг. Тэд FIFA-гийн дуулианд ач холбогдол өгөхгүйгээр, зар сурталчилгааны зах зээлд эзлэх байр сууриа алдахгүйг эрмэлзэж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР