NBA-гийн аваргын төлөө "Уарриорс", "Кавальерс" багууд шалгараад байгаа билээ. Хоёр багийн цувралын эхний тоглолт зургадугаар сарын 4-өөс эхэлнэ.
Оршил
Леброн Жеймс энэ ертөнцийн хамгийн шилдэг сагсан бөмбөгч гэдэгтэй одоо хэн ч маргахгүй болжээ. 5 жил дараалан шигшээд тоглохоор бэлтгэл хийж буй түүний хамтрагчид хэн юм бэ гэдгээс энэ бүхэн тодорхой харагдана. Гараанд гарч байгаа тоглогчдоос Кайри Өрвингийг эс тооцвол бүх одод тоглогч байхгүй. Гараа нь ийм байхад сэлгээний тухай яриад ч хэрэггүй. Гэтэл тэд шигшээд хүрчихээд байна.
Энэ бол Леброн Жеймс ямар агуу тоглогч вэ гэдгийн баталгаа.
Голден Стэйт Уарриорсыг ийм амжилтанд хүрнэ гэдэгт улирлын эхэнд хэн ч итгэхгүй байлаа. Марк Жэксоны удирдлаган дор плейоффын баг болж чадсан тэднийг дасгалжуулагчаа өөрчлөөд, сэлгээндээ хоёр шинэ тоглогч аваад л аваргын төлөө өрсөлдөхүйц баг болчихно гэж хэн ч таамаглаагүй байх. Өөрсдөө ч улирлын сүүлийн хагаст л бид үнэхээр боломжтой гэж үү хэмээн бодсон байлгүй. Тиймээс Кливлендтэй харьцуулахад Уарриорс бол шигшээд хүрнэ гэж тооцоолоогүй байсан баг юм.
Хоёр багийн тоглолтын арга барилаас үүдэн довтолгоо зонхилсон цуврал болно. Хэн илүү довтолсон нь хожих цуврал. Өнгөрсөн хоёр жил ч Спөрс – Хитийн цуврал довтолгоо голчлон явагдаж байлаа. Үүнээс үзэхэд хамгаалалт аварга авдаг гэсэн теором өнгөрсөн 10 жилд үлджээ.
Уарриорс
Эхлээд тус багийн санаа зовох ёстой асуудал бол Клей Томпсоны эрүүл мэнд. Тархи хөдлөх нь үхэлд хүргэж болох ноцтой гэмтэлд тооцогддог учраас лиг үүн дээр эмчийн хяналтаа тавьж, сорилыг давсан нөхцөлд тоглохыг зөвшөөрдөг. Клей эрүүл бол тэд 100 хувь дайралтаа эхлүүлнэ гэсэн үг.
Сплаш ахан дүүсийн довтолгоо ажиллаж эхлэвэл Уарриорс ялахад илүү дөхөм байх болно. Гэвч шигшээ цувралд хоёрхон тоглогчоос шалтгаалж баг ялна гэвэл дэндүү өрөөсгөл ойлголт болно. Тэдэнд Богут, Грийний хамгаалалт, Харрисон Барнсын тэсрэлт, Ливингстон Барбоса нарын оноо, Игуодалагийн туршлага, Эзэлигийн хаалтууд зайлшгүй хэрэгтэй. Мэдээж дасгалжуулагч Стив Керр зөв үед зөв шийдвэр гаргах нь хамгийн чухал.
Кавальерс
Лавтай хамт Кавальерсын аварга авах мөрөөдөл салхинд хийсэн одлоо гэж бодож явсан цаг бий. Гэхдээ түүнээс хойш Леброн Жеймс ямар агуу болохыг илүү ихээр ойлголоо. Тэр үнэхээр булчинлаг том биетэйгээс гадна, илүү шидэлттэй, илүү дамжуулалттай, илүү дайчин, илүү хамгаалалттай тоглолтыг үзүүлэх болжээ. Ямар ч тоглогч түүнийг зогсоох боломжгүй. Мөн л шигшээ цувралд ялах эсэх нь түүнд хамтрагчид нь хэрхэн туслахаас шууд хамаарна.
Кавальерсын тоглогчид энэ цувралд өөрсдөө алдаа мадаггүй өндөр хувьтай довтлохоос гадна, өрсөлдөгч багийнхаа хурдтай, хүчтэй заслонуудыг тойрч гараад шидэгчийг нь зогсоох үүрэг хүлээнэ.
Улиралд : 1-1
Хоёр баг хоёулаа нэг нэг хожсон ч Уарриорсыг хожсон тоглолтонд Леброн байгаагүйг санах ёстой. Харин Кавальерс хожсон тоглолтонд Леброн Жеймс 42 оноог авч 13 удаа ганцаарчилсан довтолгоо хийн байж хожсон юм. Тэгэхээр улирлын тоглолтоор шигшээ цувралыг таамаглах шаардлагагүй. Эсвэл Леброн 42 оноо дунджилсан нөхцөлд Кавальерст давуу талыг өгч болох юм.
Гэхдээ нэг дүгнэлтийг хийж болно. Тэр юу гэвэл Уарриорсын хамгаалалт тухайн тоглолтонд Леброныг зогсоож чадаагүй гэдэг нь ойлгомжтой. Бүх боломжтой хамгаалагчаа Керр дасгалжуулагч туршиж үзжээ.
Сэлгээ
Кавальерсын сэлгээг онцлох ёстой бол маргаан байхгүй Ж.Р.Смитийн довтолгоо болон Маттью Деллаведовагийн хамгаалалт, холын зайн шидэлтийг нэрлэх хэрэгтэй. Үүн дээр нэмээд Жеймс Жонс сүүлийн үед талбайд их минут өнгөрүүлэх болсон нь Дэвид Блатт дасгалжуулагчийн хамгийн ашигтай хувилбар нь. Нэг сүпер хүн + дөрвөн шидэгч.
Харин Уарриорсын хувьд Ливингстоны өндөр чац, Андре Игуодалагийн хамгаалалт болон довтолгоо Эзэлигийн будагтай талбайн сайн тоглолт болон Леандро Барбосагийн хурдыг тооцвол Уарриорс сэлгээний хувьд илүү. Уарриорсын эхний давуу тал энэ. Уарриорс +1
Талбай
Улирлын турш үзүүлсэн амжилтаараа Уарриорс талбайдаа цувралыг нээнэ. Нэг талаараа давуу мэт боловч нөгөө талаар талбайгаа хамгаалах ёстой гэсэн дарамт тэдний талд байна. Гэхдээ нэг статистик энэ асуудалд санаа зовох ёсгүйг харуулах шиг. Плейоффт талбайдаа 8 тоглолт хийхдээ Мемфисд л ганц удаа хожигдсон Уарриорс Оракл Аренадаа жинхэнэ галзуурч чаддаг. Хөгжөөн дэмжигчдийнх нь чимээ энэ ордонг НБА-ийн хамгийн их дуу чимээтэй ордон болгодог юм. Тиймээс өмнө нь шигшээ цувралд шалгарч байгаагүй залуусын хувьд асар их дуу чимээн дунд өөрийгөө төвлөрүүлэх хүндхэн даалгаварыг давах ёстой болно.
Нэмээд хэлэхэд 2-3-2 хуваарь нь зочин багуудад ашигтай байсан гэж үзээд лигийн зүгээс 2-2-1-1-1 хувилбарлуугаа буцсанаас хойш хоёрдахь шигшээ цуврал явагдах гэж байна. Уарриорс +2
Хамгаалалт
Дреймонд Грийн, Харрисон Барнс, Андре Игуодала, Клей Томпсон гээд Леброныг ээлжлээд хамгаалах хангалттай олон сонголт бий. Үүнд нь мэдээж Богутын самбарын хамгаалалт тус болох болно. Ингэснээр бүхий л цувралын турш Леброн Жеймсд хангалттай дарамт учруулж чадах ч, эцсийн мөчид оноо тэнцүү үед аль багийн хамгаалалт илүү байж чадах вэ гэж асуувал саналаа би Леброн Жеймстэй багт өгнө. Эцсийн мөчид өрсөлдөгч багийн шилдгүүд Леброны эсрэг шидэлт хийх ёстой болдого бөгөөд эсвэл өөр нэг тоглогчоороо довтлуулах хувилбарыг дасгалжуулагчид нь сонгох ёстой болдог. Леброны хурд, том бие, хамгаалалтын мэдрэмж бол давуу тал. Тиймээс Стифен Көрри, Клей Томпсон хоёр Леброн эсрэг чухал шидэлт үе гарч ирж л таарна. Үүнд нь Деллаведова, Шумперт нарын хамгаалалтыг нэмчих. Тоглолтын төгсгөлрүү тэнцүү л орвол Кливленд давуу байдалтай болно. Кавальерс +1
Дасгалжуулагч
Анхны улиралдаа шигшээд хүрсэн хоёр эрхэм. Гэхдээ коллежийн багийг удирдаж байгаад дуудагдсан, эсвэл тоглож байхдаа өндрөөр үнэлэгэгдсэн болохоор дасгалжуулагч болгосон хүмүүстэй харьцуулагдахгүй. Керр бол тоглогчийн хувиар Фил Жэксон, Грегг Попович гээд сүүлийн 20 жилийн хамгийн шилдэг гэгдэх хоёр эрхмийн удирдлаган дор тоглож явсан хүн. Өөрөө ч дараа нь багийн ерөнхий менежерээр ажиллаж, телевизийн тайлбарлагч хийж явсан болохоор ялалт авахад юу хэрэгтэйг олон жилийн үр дүнд сайн мэдэж авсан гэхэд болно. Үүнийгээ ажил хэрэг болгож, зөв бүрэлдэхүүн, зөв туслахууд сонгосон нь амжилтанд хөтөлсөн юм.
Харин Дэвид Блатт туршлагаар илүү. Итали, Грек, Орос гээд европын бүхий л лигүүдэд баг удирдаж, үргэлж цомд хүрдэг байсан тэрбээр Оросын шигшээ багийг дэлхийн аварга, олимпийн наадамд дасгалжуулж байлаа. Тиймээс ч Мозговыг авчирчихвал багийнхаа хамгаалалтыг сайжруулж чадна гэдгийг тооцоолж, удаан хугацаанд энэ наймааг хийхээр оролдож байж нэг санасандаа хүрсэн билээ. Үнэхээр ч түүний төсөөлж байсанчлан Мозгов Кавальерсын хамгаалалтыг найдвартай болгож чадсан юм.
Дээрээс нь Леброн Жеймс хүчний довтлогчийн байрлалд тоглох болсон нь түүний европын арга барилтай ойр учраас илүү амар байгаа нь ойлгомжтой. Европт бүх байрлалын тоглогчид шидэж тоглодог, Кавальерс ч одоо тэгж тоглож байна. Мөн Блаттын хамгаалалтын арга барил муугүй гэдэг нь Чикаго Бүллсийн эсрэг хийсэн цувралд харагдсан билээ. Иймд дасгалжуулагчдын хувьд хоёр баг тэнцүү гэхэд болно. Уарриорс +3 Кливленд +2
Довтолгоо
Леброн Жеймс хэдийгээр зогсоохын аргагүй довтолгоотой нь үнэн боловч тэр бол нэг л тоглогч, нэг л хүн. Тэр 100 оноо авахгүй нь үнэн л бол ганцаараа ялалт авчрахгүй. Тиймээс бүгдийнх нь оролцоо чухал. Довтолгооны сонголт дээр Кайри Өрвинг илүү тоглох шаардлагатай. Дор шахсан тоглолтоос Кливлендэд илүүрхэх боломжтой ч ихэнхдээ Леброн бөмбөгтэй гурвын шугамны араас довтолгоог эхлүүлдгийг саная.
Харин Уарриорсын хувьд Стифен Көрри, Клей Томпсон, Андре Игуодала, Дрэймонд Грийн, Шон Ливингстон гээд олон талт хувилбартай довтолгоотой. Талбайн бүх хэсгээс довтлох чадвар, сонголт тэдэнд бий.
Жижиг тавтуудын тухайд. Кливленд энэ хувилбарыг сонгохдоо Леброн довтол, бусад нь шид гэсэн арга барилыг голчилдог бол Голден Стэйт бүгдэд ижил тэгш шидэх эрх, довтлох хурд, бөмбөг эзэмших хугацааг олгодгоороо давуу талтай.
Уарриорс +4
X-Factors
№1 Кайри Өрвинг энэ цувралд хэр байхаас их зүйл шалтгаална. Зөвхөн Леброн биш Кайри Өрвинг зогсоогдошгүй мэт тоглоод эхэлвэл ямар нэг байдлаар Леброн дээр давхар хамгаалалт хийх огт боломжгүй болно. 1-1 тоглолтоор Өрвинг, Леброн нар хэний ч эсрэг хангалттай оноо авчих чадамжтай. Тэгэхээр Өрвинг хэр тоглохоос цуврал шалтгаална.
№2 Леброн дээр дабл тийм хийх үед Кавальерсын нэг тоглогч сулардаг. Ихэнхдээ энэ нь самбарын тоглогч болж таардаг бөгөөд энэ нь Тристан Томпсонд ашигтай байрлал эзлэх, эсвэл хамгаалагчгүй үлдэх гэх мэт давуу талыг олгодог. Тэгэхээр Стив Керр дасгалжуулагч энэ цувралд давхар хамгаалалтыг хэр их ашиглах вэ гэдэг нь чухал асуудлуудын нэг байх болно.
№3 Дрэймонд Грийний хамгаалалт. Леброныг зогсооно гэдэг ямар ч боломжгүй зүйл. Гэхдээ Грийн улирал эхэлснээс хойш багуудын байрлал бүр дээрх шилдгүүдийг хамгаалсаар ирсэн. самбарын тоглогчоос авхуулаад жижиг шидэгчийн хүртэл хамгаалах үүрэг түүнд оногдож ирлээ. Тиймээс Леброны 10 довтолгоог биш шийдвэрлэх мөчид ганцхан довтолгоог нь бие даан зогсоож чадвал Уарриорст үнэлж барашгүй гавъяаг байгуулж өгөх юм.
Дүгнэлт
Нэг хүний тоглолтоос хэт их хамааралтай сагсан бөмбөг тиймч сайн зүйл биш. 2013 оны Хит, 2014 оны Хит хоёрын хооронд асар их ялгаа байсан. Эхний жилд тэд багаараа тоглодог байсан бол 14 онд Уэйдийн гэмтлээс шалтгаалж Леброн дангаараа их ачаалал үүрдэг болсон.
Нэг ёсондоо их гурвал биш “Леброн ба бусад” гэдэг баг болчихсон байсан юм. Тиймээс л цувралд илүү тоглолттой Спөрс ялсан билээ.
Таамаг : Уарриорс 4-2
Эх сурвалж: http://scoreport.mn