Ардчилсан намын дарга мэндчилгээ дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.06.01-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын дарга мэндчилгээ дэвшүүлэв

Монголчууд бид гурван сая дахь иргэнээ өлгийдөн авч, олуулаа болсон 2015 оны морин жил Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 61 дэх жилдээ тэмдэглэж байна. Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байна. Хүн нэмбэл, хүнс нэмэгдэнэ гэж эртний сайхан үг бий. Манай улсын гурван хүн тутмын нэг нь 0-18 насны хүүхэд залуучууд байгаа нь Монгол улс хүүхэд залуучуудын орон гэдгийг нотолж байна.

Шинээр төрсөн хүүхдийн тоо жил бүр нэмэгдэж байгаагийн дээр 2014 оны эцэст 80 гаруй мянган хүүхэд хорвоод мэндэлсэн нь хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Хүүхэд бүрийг эрүүл чийрэг өсгөж, эрдэм боловсролтой, өв тэгш хүмүүжүүлэх нь Монгол төрийн бодлого, иргэн бүрийн, эцэг эхчүүдийн эрхэм нандин үүрэг болохыг Ардчилсан нам бодлого үйл ажиллагаандаа эрхэмлэн дээдэлсээр ирлээ.

Улс орны хөгжлийн хандлага, нийгмийн болон хүүхдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Монгол улсын төрөөс хүүхдийн талаар авч хэрэгжүүлэх бодлого, хууль, эрх зүйн шинэчлэлийг дорвитой хийж байна. Саяхан УИХ-аас Хүүхдийн эрхийн тухай конвенцийн “Мэдээлэл хүргүүлэх журмын тухай” нэмэлт протоколыг соёрхон баталлаа. Монгол улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, “Хүүхэд хамгааллын тухай “, “Хүүхдийн эрхийн тухай”, “Хүүхэд харах үйлчилгээний тухай”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай”, “Гэр бүлийн тухай” хуулиудыг батлан гаргахаар хэлэлцэж байна.

Эдгээр хуулиуд батлагдсанаар хүүхдийн асуудлаарх эрх зүйн орчин цогц бүрдэж, салбар хоорондын уялдаа холбоо сайжирч, хүүхэд хамгааллын тогтолцоо бий болсноор хүүхдийн эрх бүрэн хангагдах боломж бүрдэх болно.

1924 онд Женевт “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал”, 1959 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей чуулганаас “Хүүхдийн эрхийн тунхаглал”, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенц тус тус батлагдаж, хүүхдийн эрхийн төлөө эрх зүйн зохих хамгаалалтыг олон улсын хэмжээнд авч хэрэгжүүлж баталгаажуулсан байна.

Хүүхдийн эрхийн тухай конвенцид дэлхийн 191 орон нэгдэн орсны дотор Монгол Улс 1990 онд энэхүү конвенцид нэгдэж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг 1996 онд батлан гаргаснаар өнөөдөр мөрдөгдөж байна.

Та бүхэнд зургаадугаар сарын нэгний “Хүүхдийн баяр”-ын өдрийн мэндчилгээг дэвшүүлж, Монголчууд хотол олноороо баяр баяслаар дүүрэн жаргалтай амьдарч, Ардчилсан монгол эх орноо хөгжүүлж , цог хийморь сүлд нь үргэлж мандан бадарч байхын ерөөл өргөе.

Монголын үрс маш олон болтугай.

 

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж