Паркийн тоглоомд хэдэн төгрөг зарцуулах вэ?

Хуучирсан мэдээ: 2015.05.31-нд нийтлэгдсэн

Паркийн тоглоомд хэдэн төгрөг зарцуулах вэ?

Хүүхдүүд зургадугаар сарын нэгэнд хүсэн хүлээсэн парк руугаа явж шавайгаа ханатал тоглож авдаг. Гэтэл паркийн зарим тоглоом шаардлага хангаагүй, үнэ хөлс нь тэнгэрт хадсан зэрэг мэдээлэл явах болсон нь эцэг эхчүүдийн санааг зовоох болжээ. Тиймээс эцэг эхчүүд маргааш хүүхдээ тоглуулахад аюулгүй байдал нь хангагдаж чадсан эсэх, үнэ ханш хэр байгаа талаар сурвалжлахаар Үндэсний соёл амралтын хүрээлэнг зорьсон юм. Паркийн хувьд зургадугаар сарын нэгнийг тохиолдуулсан “Гайхамшигт долоо хоног” хөтөлбөрөө эхлүүлжээ. 05.29-06.04 өдрийг хүртэл паркад хүүхдүүдэд зориулсан жүжиг, үзүүлбэр, шоу тоглолт болох юм байна.

“ТОГЛООМЫН ҮНЭ НЭМЭГДЭЭГҮЙ”

Биднийг очиход их бужигнааны өмнө түр амсхийж байна уу гэлтэй нам гүмхэн байв. Харин маргааш өглөөнөөс эхлээд хүүхэд багачуудын хөлд дарагдахдаа бэлдэж байгаа талаар паркийнхан хэлж байв. Энэ жилийн хувьд хүүхдийн паркийн тоглоомуудын үнэ нэмэгдсэн зүйлгүй хэмээн газрын захирал М.Нүрмаа хэлж байсан юм. Тэрбээр “Парк маань шинэчлэгдээд таван жил болж байна. Энэ хугацаанд үнийн хувьд өөрчлөлт ороогүй” гэв. Эцэг, эхчүүдийн хувьд маргааш хүүхдээ паркад тоглуулахад хэдэн төгрөг зарцуулахаа тооцоолж байгаа биз. Тэгвэл паркийн гаднах тоглоомууд 5000 төгрөгийн үнэтэй байх юм.

Тодруулбал:

  • Саран савлуур 5000 төгрөг
  • Дельфин 5000 төгрөг
  • Агаарын дугуй 5000 төгрөг
  • Аймшгийн байшин 5000 төгрөг
  • Мөргөлддөг машин 5000 төгрөг
  • Галзуу хулгана 6000 төгрөг
  • Мэлхий үсрэлт 5000 төгрөг
  • Морин тойруулга 5000 төгрөг
  • Гинж 5000 төгрөг
  • Алсын харагч 5000 төгрөг
  • Динозавр 5000 төгрөг
  • Тойрог зам 6000 төгрөг
  • Сансрын хөлөг 5000 төгрөгийн үнэтэй байна.

Энэ жилийн зургадугаар сарын нэгэнд паркийн тоглоомуудад хөнгөлөлт байхгүй гэв. Учир нь хөл хөдөлгөөн их байдаг учраас хямдрал зарлавал ачааллаа дийлэхээ болино гэсэн юм. Харин багцын хөнгөлөлтийг иргэдэд үзүүлэх юм байна. 10-25 мянган төгрөгөөр багц авсан тохиолдолд 3-10 тоглоомонд 2500-3000 төгрөгөөр тоглох аж.

Тэгвэл энэ жил 1-6 настай хүүхдэд зориулсан хүслийн галт тэрэг, нархан, жаргалтай бамбарууш, тулаант машин, хурдны машин, 12 жил зэрэг тоглоомуудыг шинээр суурилуулжээ.

ГАЛЗУУ ХУЛГАНА НАЙДВАРТАЙ ЮУ?

Галзуу хулгана тоглоомонд өнгөрсөн онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд хэд хэдэн зөрчил илэрсэн талаар мэдээлж байсан. Тухайн үед энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга М.Баасандорж “Хэд хэдэн зөрчил илэрсэн. Нэгдүгээрт, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн үндсэн болон гэрээт ажилчдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэг дутмаг, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх ажлын дүрэм журам төдийлөн мөрдөгдөж ажилладаггүй байсан. Мөн тус тоглоомын тормоз, аюулгүй ажиллагааны хэрэгслүүдийн ажиллагааг газар дээр нь шалгахад өгсөх замын тормозны урд талын пүрш байхгүй, хойд талын хөл буцаах пүрш тасарсан. Тоног төхөөрөмжийн өдөр тутмын шалгалтыг үзэж гүйцэтгээгүй байсан.Түүнчлэн, цуваа машины суудлыг бэхлэх, хаах зориулалт бүхий хамгаалалтын тусгаарлагчийн боолт хэсэг нь сэтэрсэн, мөн тус тоглоомын ашиглалтын өдөр тутмын зааварчилгааг мөрдүүлж ажиллаагүй байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ” хэмээн мэдээлж байсан юм. тэгвэл эдгээр зөрчлийг хэрхэн арилгасан, паркийн тоглоомуудад хяналт шалгалтыг хэрхэн хийдэг талаар Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Газрын дарга М.Нүрмаагаас тодруулсан юм.

-Галзуу хулгана болоод бусад тоглоомын аюулгүй байдалд хэрхэн анхаарч байгаа вэ. Өнгөрсөн онд паркийн тоглоомуудад шалгалт хийхэд хэд хэдэн зөрчил илэрч байсан?

-Ер нь паркийн тоглоом бүрт өөр өөрийн гэсэн шалгах дүрэм журам бий. Өдөр бүр шалгалт хийх учиртай тоглоом байдаг. Эсвэл долоо хоногтоо нэг шалгадаг тоглоом ч байгаа. Тэр бүрийг дүрмийн дагуу шалгалт хийдэг. Энэ жилийн хувьд Аварга галзуу хулганыг үйлдвэрээс нь инженер авчирч шалгалт хийлгэсэн. Иж бүрэн шалгалт хийсэн учраас айх аюул байхгүй. Ер нь манайд энэ төрлийн тоглоом өмнө нь байгаагүй учраас иргэдийн зүгээс онцлон асуудаг.

Бусад тоглоомын хувьд өглөө бүр, эсвэл долоо хоног, сар тутамд шалгах ёстой эд ангийг нь тодорхойлон инженерүүд хяналтаа тавьдаг.

Б.ЗАЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж