Шөнийн 01.00 цаг. Оёдлын машин шар шар хийн жигд хэмнэлтэйгээр дуугарна. Ээж маань сурсан зангаараа бага зэрэг бөгтийн сууж, баруун гараараа оёдлын машины гар эргүүлэн, зүүн гараараа материалаа урагш гүйлгэнэ. Юм ховор цагт хаанаас ч олсон юм гэмээр гял цал тууз, товч, цахилгаан хажуугаар нь хөглөрнө. “Золоо нааш ир” гэх дуунаар би огло харайсаар шинэхэн даашинзаа өмсч үзнэ. Хүүхдийн баярын өмнөх орой бүр давтагддаг манай гэрийн дүр зураг нэг иймэрхүү.
Оёдлын машины жигд шар шар хийх дууг сонсч, маргааш өглөө шинэхэн даашинзаа өмсөнө гэж төсөөлөн хэвтсээр нэг л мэдэхэд унтаад өгсөн байдаг байв. Зургадугаар сарын 1. Хүүхдийн баяраа гэж.
….Нойрмог нүдээр өрөөгөө гүйлгэн харвал хаалганы дээд талын өлгүүрт хэдхэн цагийн өмнө ээжийн минь оёж дуусгасан шив шинэхэн даашинз өлгөөтэй байна. Улбар шар, улаан өнгийг хослуулсан дэгжин гэж жигтэйхэн даашинзыг ээж урлажээ.
“Миний үед” гэж хүмүүс ярих дуртай. Ёстой л миний үед картын барааны төгсгөл, зах зээлийн эхэн үетэй золгож байсан санагддаг юм. Дэлгүүрийн лангуу картын барааны үе шиг хов хоосон биш ч нэгэн ижил хэдхэн цамц, өмдхөнөөс хэтэрдэггүй байсан юм. Тиймдээ ч тэр үү манай байрны хүүхдүүд зургадугаар сарын 1-нд тарааж өгсөн юм шиг адилхан хувцсаар гангардаг байв.
Хүүхдийн баярын өглөө хажуу байрны Улаанаа гэх хүү хамар нь наашаа унжсан зааны толгойтой цэнхэр фудволк, шортыг хослуулан өмсөөд гэрээсээ гүйн гарч ирэв. Гэтэл өөдөөс харсан байшингийн Сувдаа охин адилхан атлаа, улбар шар өнгөтэйг нь өмсч таарав. Тэд нэгнээ хэсэг харж зогссоноо эрэгтэй хүүхэд адтайг ч хэлэх үү Улаанаа Сувдааг шоолж эхлэв. “Ээ эрэгтэй хүүхдийн хувцас өмссөн, ичиг ичиг” гээд л. Тэгтэл Сувдаа охин уйлаад гэр рүүгээ гүйн орсон. Тэр үед заантай шорт, фудволк эрэгтэй, эмэгтэйгүй моод болж байсан үе л дээ. Эсвэл дэлгүүрт тэрнээс өөр олигтой хувцас зарагддаггүй байсан ч байж мэднэ.
Харин миний хувьд тэднээс ондоо. Хүүхдийн баярын өглөө бүр байрны хэн ч өмсөхгүй, магадгүй дэлхийд цор ганц даашинзаар гоёно. Жаахан хэрнээ жигтэйхэн ганган амьтан хүүхдийн баярын өглөө ээжийнхээ гараас хөтлөн додигор алхана.
Хориод жилийн өмнөх энэ дүр зураг жил бүр л хүүхдийн баярын өмнөх энэ өдөр санаанаас гардаггүй юм. Хэрвээ би өнөөдөр хүүхэд насандаа буцаад очвол энэ шөнө ээж минь бас л нойргүй хонох байсан даа…
Б.ЗОЛЗАЯА