Хуучирсан мэдээ: 2015.05.31-нд нийтлэгдсэн

Төгрөг мандтугай

Хар зах буюу “Найман шарга” дээр долларын ханш өнөөдрийн байдлаар 1900 төгрөгтэй тэнцэв. Цаашлаад долларын ханш 1800 хүрнэ гэж эдийн засагчид тооцоод байгаа юм. 2013 оны зунаас эхлэн төгрөгийн ханш үргэжилсэн уналт үзүүлсэн болоод өнгөрсөн дөрөвдүгээр сараас бага, багаар чангарах болсон. Харин долларын ханшийн хамгийн оргил өсөлт 2015 оны гуравдугаар сард тохиосон бөгөөд нэг ам.доллар 2000 төгрөгтэй тэнцэж байв. Харин төгрөгийн ханш сэргэж, долларын ханш суларсныг гурван шалтгаантай холбож болно.

1. Гадаад худалдааны тэнцэл сүүлийн зургаан сар ашигтай гарсныг төв банкны сайтаас харж болно. Нэгдүгээр улирлын байдлаар гадаад худалдааны тэнцэл 376 сая ам.долларын ашигтай гарсан юм. Энэ нь импортын хэмжээ 29.5 хувиар буурсантай холбоотой. Хэрэглээнийхээ барааны 80 хувийг гаднаас авдаг Монгол Улс сүүлийн жилүүдэд импортыг хэрэглээг багасгаж, экспортыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлсэн. Үүний үндсэн дээр импорт буурснаар гадагшлах долларын урсгал дагаад буурсан гэж хэлж болно.

2. Худалдаа хөгжлийн банк энэ сарын 14-ны өдөр олон улсын зах зээлд Засгийн газрын баталгаатай бонд гаргаж, хагас тэрбум буюу 500 сая доллар оруулж ирсэн.

3. Тавдугаар сарын 14-ны өдөр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталснаар эхний ээлжинд 300-600 сая доллар орж ирэх боломж байгааг “Эрдэнэс МГЛ”-ын гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан дуулгав.

Хаврын чуулганаар эдийн засагт нэн чухал асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн, эдгээр асуудлууд шийдэгдвэл Монголын эдийн засаг богинохон хугацаанд сэргэх боломж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн гэрээг зурснаар Монголд ойрын хугацаанд 600 сая доллар орж ирэхийг М.Энхсайхан сайд, Эдийн засгийн ил тод байдлын тухай, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг баталснаар гудсан дороос 7-8 их наяд төгрөг олж болохыг эдийн засагч Б.Лхагважав батлах болсон. Хэрэв, Оюутолгойн араас Тавантолгой хөдөлж чадвал эдийн засаг нь өдөр ирэх тусам хумигдаж, хатаж байгаа Монголд мөнгөөр бороо орсонтой ялгаагүй болно. Энэ мөнгөн бороог Монголын эдийн засаг шингээж авах хөрс өнгөрсөн гурван жилийн туршид Засгийн газар, төв банкнаас хамтран хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд бий болсныг Монголбанкныхан ч тайлбарлах болсон юм.

Б.ХОНГОР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж