Нэр бүхий иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12 дахь заалтад “хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого”-ыг албан татвараас чөлөөлнө хэмээн зааж хуульчилсан нь иргэн хүн банк, санхүүгийн байгууллагаас өөр байгууллага, этгээдээс тухайлбал, ажил олгогч байгууллагаасаа зээл авч орон сууцтай болсон нөхцөлд тус зээлийн хөрөнгөтэй тэнцэх орлогод ногдох татварыг чөлөөлөлтөд хамрагдах боломжгүй болгосон байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван зургадугаар зүйлийн 3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байна” гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ. Үүний дагуу Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байна.
Үндсэн хуулийн Цэц 2011 оны зургадугаар сарын 14-ний өдөр хийх дунд суудлын хуралдаанаараа энэхүү маргааныг хянан хэлэлцэнэ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.