-Хятад импортын хэмжээгээ нэмэгдүүлэн нефтийн ханшинд нөлөөлж байна-
Фото: iStockphoto
БНХАУ-ын өөрийнх нь үйлдвэрлэл өдрийн 4,61 сая баррель буюу жилдээ 230,5 сая тонн (EIA-гийн үнэлгээ, 2015) орчим байгаа юм. Хятадын олборлолт нь эрэлтээ гүйцэхгүй байна. Жишээлбэл, олборлолт 2008 онд өдөртөө 3,99 сая баррель (жилдээ 199,5 сая тонн орчим) байжээ. Ийнхүү Хятадын нефть олборлолт сүүлийн долоон жилд 15,5%-иар өссөн бол эрэлт нь 38%-д хүрчээ.
“Хятадын эдийн засгийн өсөлт удааширсан ч гэсэн түүний нефтийн хэрэглээ өсч байна. Эдийн засгийнх нь загвар өөрчлөгдөж байгаатай энэ нь холбоотой аж.
Хэрэв өмнө нь Хятадын эдийн засаг хямд ажлын хүчинд тулгуурлаж үнэ нь хямд бараа гарган дэлхий даяар экспортлоход чиглэсэн байсан бол одоо Хятадын амжиргааны төвшин эрс өссөн юм. Үүний улмаас ажллах хүчний өртөг өссөнөөс гадна хүн амын хэрэглээ нэмэгдлээ.
“Хятад унадаг дугуйнаас машин унах болов. Тэр нь бусад өөрчлөлтийн хамт нефтийн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлж байна” хэмээн олон шинжээчид хэлэх боллоо.
Олборлолтын өсөлт ч бий. Хятадын Хөгжил, шинэчлэлийн үндэсний комиссын мэдээгээр энэ жилийн эхний дөрвөн сард нефтийн үйлдвэрлэл өмнөх жилийн мөн үеийнхээс 1,6 хувиар нэмэгдэн олборлолт нь 69,58 млн тонноор нэмэгджээ. Энэ лхагва гаригт CNPC гэх хамгийн том нефтийн нөөцтэй улсын компанийг зарлав. Хятадын төв нутгийн Шаньси мужид нээгдсэн уг ордын нөөц нь 100 сая тонн бөгөөд жил тутам 700 мянган тонн нефть олборлох боломжийг нээжээ.
Гэхдээ өнөөдрийн хувьд Хятадын нефтийн тохинуун хангамж нь импорт болж байна. Thomson Reuters Kortes мэдэгдснээр нефтийн үнэ бууж эхэлсэн өнгөрсөн оны зургадугаар сараас Хятад гадаад наймаагаа нэмэгдүүлж эхэлсэн бөгөөд долдугаар сард 23,75 сая тонн байснаа арванхоёрдугаар сард 30,37 сая тонн болгосон байлаа. Дараа нь бага зэргээр бууран эхний гурван сард 27 сая тонн орчимын дундажтай байсан импорт нь дөрөвдүгээр сард дахин өсөөд 30,28 сая тонн хүрчээ. Энэ сард нефтийн импортын хэмжээгээр Хятад АНУ-аас түрүүлсэн байв.
Консалтингийн ICIS компанийн үнэлснээр, Хятадын нефтийн импорт өсөх бөгөөд 2020 он гэхэд жилдээ 434 сая тонн буюу хоногийн 8,68 сая баррельд хүрэх ажээ.
Хятадын импортийн мэдэгдэхүйц хэсгийг Орос хангаж буй бөгөөд өнгөрсөн оны дүнгээр Оросын нийлүүлэлт бүх хэмжээнийх нь 11 хувьтай тэнцсэн байлаа. Үүнээс илүү нефтийг Хятад Саудын Арабаас (импортын 16%) худалдан авдаг.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Орос Хятадад хоногийн 770,447 баррель нефть нийлүүлж байсан нь өмнөх жилийн мөн үеийнхээс 26,4%-иар илүү гарчээ.
Хятадын нефтийн бодлого нь дэлхийн зах зээлд нөлөөтэй. Эрэлт, санал хоёрын тэнцвэр нь нефтийн үнийн гол хүчин зүйлийн нэг. Одоо санал нь эрэлтээсээ хамаарч хоногт 1-1,5 сая баррелийн зөрүүтэй байгаа.
Хятадын нефтийн импортын өсөлт нь нефтийн үнийг барьж байна. Нефть хямд байгаа үеэр нөөцөө нэмэх сонирхол Хятадад байлгүй яах вэ.
Өнөөдөр нефтийн Brent маркийн үнэ нэг баррель нь 63 долларын орчимд байгаа бөгөөд өнгөрсөн оны долдугаар сард тэр нь 110 баррелийн хэмжээнд байлаа. Дараа нь нефтийн үнэ унасаар баррелийн үнэ нь 50 ам.доллар гэсэн сэтгэл зүйн саадаас дор орсон байв.
Ш.МЯГМАР