Бид хүүхэд насыг шүтээн болгож, тэдний төлөө “за” гэж хэлцгээх үед амьдарч байна. Гэтэл дэлхийн олон газар насанд хүрээгүй хүүхдүүдийг нөхөрт гаргаж байгааг сонсоход аймшигтай. НҮБ-ын дүгнэснээр, 2020 он хүртэл өдөр бүр 39 мянган охин гэрлэдэг тоон үзүүлэлт гарсаар байх гэнэ.
НҮБ-ын Хүн ам зүйн сан (UNFPA) 2011-2020 оны хооронд 140 сая бяцхан охид сүйт бүсгүйчүүд болно гэж дүгнэв. Нэг үгээр, өдөр бүр 39 мянган охин үе мултарсан эрчүүдтэй гэрлэлтээ бүртгүүлэх ажээ. Насанд хүрээгүй хүүхдийн гэрлэлтийн талаас илүү хувь нь Өмнөд Азид ноогдох гэнэ.
Хүүхдийг хүчээр гэрлүүлдэг 10 оронд Энэтхэг, Балба багтаж байгааг The Diplomat сэтгүүлд дурджээ. Хүүхдийн гэрлэлтийн гол шалтгаан нь ядуурал юм. Охидоо мөнгө эсвэл өрөндөө өгөх бараа мэтээр үнэлж байна. Хэрэв охин нь насанд хүрээгүй бол инжийн хэмжээ нь бага байдаг гэнэ. Ихэнх охидын тал хувь нь 18 наснаас өмнө нөхөрт гардаг дөрвөн улс оронд Олон улсын төвөөс судалгаа явуулахад хүн амынх нь 75 хувь нь өдрийн хоёр ам.долларын орлогоор амьдарч байна.
Эрт гэрлэлтэнд ёс суртахууны ойлголт мөн нөлөөлдөг аж. Охидыг онгоноор нь нөхөрт гаргах нь ирээдүйн эхнэрийн үнэ цэнийг нэмэгдүүлдэг гэж олон оронд үздэг ажээ.
САУДЫН АРАБ
Тус орны шашны хороо хүчээр гэрлүүлэх практикийг 2005 онд албан ёсоор хориглосон юм. Гэсэн ч сүйт хархүүгийн охины аавтай хийсэн албан ёсны гэрээг заавал гүйцэтгэх ёстой.
Мөн гэрлэх насыг тогтоогүй учраас шашны ихэнх зүтгэлтнүүд нь охид есөн наснаас, хөвгүүд 15 наснаас гэрлэж болно гэдэг ажээ. НҮБ-ын мэдээгээр саудын охидын 16 хувь нь нөхөрт гарчээ.
Хэдэн жилийн өмнө 12 настай сауд охин 80 настай нөхрөөсөө шүүхдэж байж арай гэж салжээ. Энэ тухай дэлхийн хэвлэлүүдээр ихээхэн шуугиж байсныг та санаж буй биз ээ. Хүний эрхийн хороо тэр үеэр охидын гэрлэх насыг 16 болгохыг уриалж байлаа.
ЭНЭТХЭГ
Энэтхэгийн хүн амд харьцуулаад үзвэл хамгийн их хүүхдийг “богтолдог” улс юм. Энэ улсын сүйт бүсгүйчүүдийн 47 хувь нь хүүхэд гэж НҮБ мэдээлжээ. Гэхдээ Энэтхэгт хүүхдийг гэрлүүлэхийг хориглосон юм. Гэсэн ч хүн амын 70 хувь амьдардаг , уламжлал хүчтэй, хөдөө орон нутагт энэ хууль үйлчилдэггүй бөгөөд хүүхдийн гэрлэлт их байдаг аж. Нөхөрт гартал нь охиныг эцэг нь тэжээдэг учир охиноо эртхэн нөхрийн мэдэлд өгөх санхүүгийн сонирхолтой энэ нь холбоотой гэнэ. Зарим гэр бүлд энэ алхам нь амьдрах цорын ганц гарц болдог байна.
Хүүхдийн гэрлэлт хориотой учир гэрлэх ёслолыг шөнө дөлөөр эсвэл өглөө эрт хийгээд тосгоноороо түүнийг нууцалдаг юм байна. Ийм ёслолд оролцсон хүнийг зочин ч байсан хамаарахгүйгээр 100 мянган рупийгээр торгож, хоёр жил шоронд хорьдог. Бэлгийн бойжилтоос бүрэн дуусаагүй хоёр хүүхдийг гэрлүүлсэн бол тэд өөрсдийн гэр бүлд насанд хүртлээ амьдардаг ажээ.
Энэ бүхэн нууц байдаг Ражастан мужийн 18 настай эмэгтэй 2012 онд гэрлэлтээ цуцлуулж чадсан юм. Түүнийг нэг настайд нь эцэг, эх нь гурван настай хүүгийн гэр бүлтэй сүй тавин тохиролцож тэднийг гэрлүүлсэн аж. Хадмууд нь түүнийг авахаар ирсэн үед л Лакшми Саргара гэрлэсэн байснаа мэджээ. Тэрээр Энэтхэгийн хүний эрхийн Sarathi Trust байгууллагад хандан тэдний дэмжлэгтэйгээр гэрлэлтээ цуцлуулсан байна. Орон нутгийн сэтгүүлчийн бичиж буйгаар Ражастан мужийн охидуудын 10 хувийг 18 нас хүрээгүй байхад нь гэрлүүлдэг ажээ.
Хүүхдийн гэрлэлт Энэтхэгт эрт дээр үеэс түүхтэй. Жишээлбэл, эртний “Рамаяна” туульсаар бол Ситаг дөнгөж зургаатайд нь Вишну бурхны долоо дахь дүрийн Рамад эрд гаргасан байдаг. Энэ жишгээр олон энэтхэгчүүд явж иржээ. Тухайлбал, эрх чөлөөний хөдөлгөөний лидер Махатма Ганди , Энэтхэг улсын анхны ерөнхийлөгч Ражендра Прасад нар 13 настайдаа чацуутан охидтой гэрлэсэн юм. Эхнээсээ хүүхдийн гэрлэлтийг дээд давхрагын ямба гэж үзэж иржээ.
БАНГЛАДЕШ
Энэтхэгийн хөрш Бангаладеш Өмнөд Азид хүүхдийн гэрлэлтээр хамгийн өндөр төвшинтэй. ЮНИСЕФ байгууллагын 2014 оны илтгэлд, тус орны гурван гэрлэлтийн хоёрт нь сүйт охид 18 нас хүрээгүй байдаг гэж өгүүлжээ. Хүүхдийн гэрлэлт ядуу айлын 80 хувьд, баян айлуудын 56 хувьд байдаг гэнэ.
Нөхөрт гараад нэг жил болж байгаа 15 настай Симагийн амьдралыг ВВС олон нийтэд ил болгожээ. “Нөхөрт гарснаас хойш би юу хийж байна вэ? Сав суулгаа угааж, хогоо цэвэрлэж, хувцас хунараа угаана. Хоол унд бэлтгэнэ” гэж тэрээр ярьжээ. Сима сэтгүүлчтэй уулзахдаа дөрвөн жирэмслээд дөрвөн сартай байжээ. “Өмнө нь би хүүхэд байлаа. Одоо надаас хүүхэд төрнө, аймаар” гэж хэлсэн түүний царайнаас үнэхээр айсан шинж харагдаж байв.
Ядуугийн улмаас нөхөрт гарахгүйн тулд охидууд нь нэхмэлийн үйлдвэрт ажиллах эрмэлзэлтэй. Ажил хийх нь тэдэнд эдийн засгийн эрх чөлөөг өгч байгаа юм.
Өнгөрсөн оны сүүлчээр засгийн газар нь гэрлэх насны доод хэмжээг тогтоосон хуульд өөрчлөлт оруулжээ. Одоо эрчүүдийн гэрлэх насыг 18-21, эмэгтэйчүүдийн насыг 16-18 хүртэл болгосон байна. Хуулийг зөрчвөл хоёр жилийн хорих ял мөн 650 ам.долларын торгуультай ажээ.
ПАКИСТАН
Пакистаны Үндэсний ассамблей өнгөрсөн онд хүүхэдтэй гэрлэхийг хориглосон хуулийг баталсан юм. Гэсэн ч нийгэм нь үүнийг дэмжээгүй. Пакистаны шашны дээд хороо уг хуулийг исламд нийцэхгүй гээд цуцлахыг шаардсан байна. Хэдийгээр хуулийн хязгаарлалт гарсан ч пакистан эмэгтэйчүүдийн 40 хувь нь 18 нас хүрээгүй эхнэрүүд байна. Нөхөртэй эхнэрүүдийн 8 хувь нь 15-19 настай эхчүүд ажээ.
Зөвхөн Пакистанд ч биш исламын ертөнцөд гэрлүүлэхдээ охид, бүсгүйчүүдийн зөвшөөрлийг асуудаггүй бөгөөд тийм зөвшөөрөл өглөө гэхэд гэр бүлийн дарамтаар хийсэн ёс төдий зүйл байдаг юмсанж.
“Вани” гэж хуримын сонин төрөл Пакистанд их тархжээ. Маргаанаа зохицуулах, эсвэл өрөндөө охиноо эрд өгөх хуримыг ингэж нэрлэдэг аж.
НИГЕР
Гэр бүлээ тэжээхийн тулд охидоо худалддаг. Нигер улсад эрт гэрлэлт ихээхэн тархсан. Мөнхийн хүнсний хомсдолтой оронд гэр бүл нь охидоо гэрлүүлэхийг амьдрах стратеги гэж үздэг ажээ. Тус улсын 15 нас хүрээгүй хоёр охины нэг нь нөхөрт гарсан тоо баримт байдаг.
Арванхоёртойдоо нөхөрт гарсан 14 настай Балка Сулейн эмгэнэлт түүхийг Washington Post сонин өгүүлжээ. Охин өлсч, зүдэрсэн ч хүүхдээ тээхийг оролдсон байна. Хүү нь төрөөд маргааш нь нас баржээ. Балкийн эцэг нь хар ажилчин бөгөөд өдөртөө арай гэж 1-1,5 ам.доллар олдог нь гэр бүлийн 15 гишүүнийг тэжээхэд хэрхэн хүрэх билээ.
ЙЕМЕН
Хүний эрхийн төлөө тэмцэгсэд Йемений эрт гэрлэлтийг эртнээс судалж иржээ.
Фатима гэдэг 14 настай охин өөрийн түүхийг ярилаа. Түүнийг 12 настай байхад нь 24-тэй залуутай гэрлүүлжээ. Өдөр бүр л түүнийг нөхөр нь зодно. Фатимаг сэтгэлээр нь биш “тохиролцоогоор” нөхөрт өгчээ. Эцэг нь охиноо 200 ам.доллараар зарсан юм. Фатима зугтаж үзсэн ч буцаан хүргүүлэв. Иймэрхүү түүх Йеменд маш их байдаг.
Ш.МЯГМАР
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин