“Занабазарыг Галданбошигттой харьцуулашгүй”

Хуучирсан мэдээ: 2015.05.29-нд нийтлэгдсэн

“Занабазарыг Галданбошигттой харьцуулашгүй”

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан “Өндөр гэгээн Занабазар: Амьдрал, өв соёл”  олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Төрийн ордноо эхэллээ. УИХ-ын дарга З.Энхболд  хурлыг нээж хэлсэн үгэндээ Өндөр гэгээн Занабазар Монголд шарын шашныг үндэслэн идээшүүлсэн төдийгүй дорно дахины сонгодог урлагийн гоц гойд авъяас билэгт төлөөлөгч, нэрт соён гэгээрүүлэгч, Монгол төдийгүй Азийн орнуудад мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн улс төрийн зүтгэлтэн байсныг онцлон тэмдэглэсэн.

Өндөр гэгээн Занабазар буддын шашны үзэл санаа, сэтгэлгээг уламжлалт монгол иргэншил, ахуй амьдралын салаа мөчир бүрт идээшлүүлэн шингээж, монголчуудын нүүдэллэн аж төрөх хэв маяг, соёл, зан заншилд бүрнээ нийцэн зохицсон өөрийн гэсэн өвөрмөц өнгө аяс, дүр төрх бүхий Монголын бурхны шашныг бий болгож төлөвшүүлсэн нэгэн гэж үздэг.

Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлаар нийтдээ 30 гаруй илтгэл хэлэлцүүлэгдэх бөгөөд Занабазар судлалд  томоохон дэвшил гарна гэж үзэж байгаа юм.

Эрдэм шинжилгээний хуралд оролцогчдоос Өндөр гэгээн Занабазарын улстөрийн үүрэг, ойг, тэмдэглэх хүрээнд төлөвлөсөн ажлуудаас сонирхлоо.

Хархорум” нийгэмлэгийн тэргүүн, доктор Д.Хоролдамба: Хагаралдуулах бодлогыг залруулахад  нөлөөлнө

20 жилийн өмнөөс олон улсын эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон хийдэг болсон. Энэ удаагийн хуралд  эрдэм шинжилгээний аятайхан илтгэлүүд тавигдаж байгаад судлаачийнхаа хувьд олзуурхаж байна. Өндөр гэгээн Занабазар түүхийн хүнд  эгзэгтэй  үед  халх түмнийг аварсан төрийн их бодлоготон, алсыг харсан стратегийн зөн билэгтэй хүн. Миний  хувьд энэ талаас нь илтгэлдээ тодруулж оруулж байгаа. Хуучин  үзэл суртлын үүднээс улстөржүүлж,  Галданбошигттой сөргүүлж үзэх хандлага нэлээд байсан. Гэтэл Галданбошигттой харьцуулахын аргагүй бодлогын хүн байсан нь харагддаг. Галданбошигтыг мандуулж гаргаж ирсэн нь Ю.Цэдэнбалын үзэл суртлын тогтолцооноос эхтэй. 1960-аад онд Галданбошигтыг эзэн Чингис  хаанаас  дээгүүр залсан нь ноцтой  алдаа байсан.  Галданбошигт бол 17-р зууны хоёрдугаар хагаст Эзэн  Чингис хааны их төрийн гал голомт руу дайрч бусниулсан хүн. Ийм  хүнд үед Өндөр гэгээн умард, өмнөд хөршийн аль нэгийг сонгохоос өөр аргагүй болсон. Ах дүүсээ алж хядах  арга замаар гарч ирсэн Галданбошигтыг ойшоож дагаагүй. Галдангийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг ихээхэн сөрөг гэдгийг Манж, Төв, Хятад зүгийн  архивын баримтаар би илтгэлдээ гаргаж байгаа. . Дайчин гүрний дотоод яамны  нэрийн данс гэдэг 22 боть дээр Манжийн эзэн хаантай  Галданбошигтын  зүгээс харьцаж байсан захидлууд  байдаг. Бас  Халхын түшээд хаантай, Өндөр гэгээний зүгээс Оростой харилцаж байсан чухал баримтуудыг үзэж ашиглахгүйгээр хуучин цагийнхаа ойлголтоор, үзэл суртлын  өнцгөөс бичсэн сайн дурынхны бичсэн зүйлд тулгуурлах ёсгүй. Одоо нутгархах үзэл их гаарч  байна. Зориуд өндөр  гэгээнтэй хагаралдуулах бодлогыг залруулахад   эрдэмтэн судлаачид, түүхчдийн илтгэл хувь нэмрээ оруулна гэж итгэж байгаа.

Өвөрхангай аймгийн Засаг дарга Т.Тогтохсүрэн: Улстөр, нийгмийн зүтгэлтэн талаас нь харуулна

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх улсын комиссоос зохион байгуулж байгаа томоохон арга хэмжээний нэг нь олон улсын арга хэмжээ. 1995, 2005 онд болсон эрдэм шинжилгээний хурлууд голдуу Монголд болж байсан. Энэ жил  Унгар улсад олон улсын эрдэм шинжилгээний бага хурал хийлээ. Монголд болж буй энэ удаагийн  хуралд Орос, Польш,  Япон,Англи зэрэг  орноос  10 гаруй орны эрдэмтэн судлаачид илтгэл тавьж байна. Өмнөх хурлууд Өндөр гэгээнийг  шашны зүтгэлтэн гэдэг талаас нь голлож байсан бол энэ удаа улстөр, нийгмийн зүтгэлтэн талаас нь харуулахыг зорьж байна.

Ойг тэмдэглэх хүрээнд Өндөр гэгээний тухай  түүхэн баримтат кино  хийж байна. Кино долдугаар сарын 10 гэхэд бэлэн болно. Мөн ойд зориулсан Даншиг наадам Өвөрхангай аймгийн Хархорин  суманд долдугаар сарын 25-27-нд зохион байгуулна. Зургадугаар сарын сүүлээр  шашин, эрдэмтэн судлаач, сэтгүүлчдийг оролцуулсан Өндөр гэгээний нутгаар аялал хийхээр төлөвлөж байна.  Мөн аймгийн  зүгээс ойг тэмдэглэх хүрээнд  тодорхой ажлууд төлөвлөөд ажиллаж байна.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж