Хүмүүс бид өдөр бүр ямар зүйлийг сайн, юуг зөв эсвэл буруу гэж ялгах сонголттой тулгардаг. Мөч тутам тулгарах том, жижиг сонголтыг бид сургууль, гэр бүл болон нийгмийн үнэт зүйлс дээр тулгуурласан өөрийн ёс суртахууны хэм хэмжээгээр хийдэг. Ёс суртахуун гэдэг нь аливаа зүйлийн сайн мууг дэнслэн хэмжих бичигдээгүй хууль. Аливаа бичигдээгүй хуулинд хүний хүчин зүйл болон илүү түвэгтэй олон талт эрх ашиг шингэсэн тохиолдолд бидний шийдвэр гаргахад хууль үйлчилж эхэлдэг. Аливаа хууль, журам нь тухайн нийгмийн тогтолцоо, үнэт зүйлс, ёс зүйн хэм хэмжээн дээр суурилсан байдгийг бид бүгд сайн мэддэг билээ.
Тэгвэл юуны түрүүнд хүн төрөлхтний нийтлэг ёс суртахуун гэж юу байсан юм бэ?
Хүн төрөлхтний түүхэнд бий болсон ёс суртахууны анхдагч илэрхийлэл нь улс үндэстний амьдралын хэв маяг, зан үйл, соёлын давтагдашгүй шинж зэрэг дээр нь үндэслэн шашнаар дамжин нийгмийн оюун санаа болоод хүний итгэл үнэмшил, хөгжилд хүчтэй нөлөөлж иржээ. Бурхны шашин, Есүс Христийн Библи, Хуучин гэрээ, Моисейн арван хууль, Ислам шашны Коран судар, Күнзийн Шүүмжлэлт өгүүлэл зэрэг шашны бүтээлүүд бүгд л хүнлэг, энэрэнгүй, үнэнч шударга, шуналгүй, нигүүлсэнгүй, номхон хүлцэнгүй байхыг сургадаг. Шашин хоорондын эдгээр нийтлэг үнэт зүйлс нь хүн төрөлхтний ёс суртахууны нийтлэг хэм хэмжээг түүчээлэн бий болгож ирсэн.
Ёс суртахууны хоёрдогч илэрхийлэл нь тухайн нийгэм болон түүнийг бүрдүүлэгч бүлгүүдийн үзэл суртал, итгэл үнэмшил байжээ. XX зуунаас өмнөх үед улс орнуудын нийгмийн амьдрал хаан, язгууртан, боолчлол, шашны давуу эрх, аль нэг удирдагчийн хатуу ноёрхол зэрэг голчлон зонхилж ёс суртахууны тухай төсөөлөхөд ч хэцүүхэн дүр төрхтэй байв. Улс төрийн наад захын эрхгүй, өөрийн бодлыг илэрхийлэх ч боломжгүй, тэр ч бүү хэл феодалийн нийгэмд хүмүүс хамжлагат хөдөлмөр эрхэлж, зарим тохиолдолд хүнийг мал адгуус мэт худалдаалж наймаалж болох, бие биеэ эзлэн түрэмгийлж, газар нутгаа өөрийн хүссэнээр тэлж болох ёс суртахуунтай байв. Энэ үед хүний эрхийн төлөө эзэн боолын хооронд гарсан дэлхийн түүхэнд үлдсэн тэмцлийн нэг бол “Спартакчуудын бослого” билээ. Германчууд өөрсдийгөө бусдаас илүү онцгой эрхтэй үндэстэн гэх үзэл санааг XX зууны дарангуйлагч Гитлер тунхагласан. Түүний энэ нацист үзэл нь хүн төрөлхтөнг цагаан арьст дээд ари үндэстэн ба бусад нь хагас хүн дүрстнүүд хэмээн төөрсөн нь 57 сая хүний амь насыг авч одсон дэлхийн II дайнд хүргэснийг түүх гэрчилнэ.
Дэлхийн II дайн дууссаны дараа хүн төрөлхтөн анх удаа энх тайван гэдэг нийтлэг үнэт зүйл, ёс суртахууны шалгууртай болсон. Энэ ч үүднээс хүний эрхийн асуудал Нэгдсэн үндэстний байгууллагыг (НҮБ) байгуулах үндсэн шалтгаан болж улмаар даян дэлхийн энх тайвны төлөө уриатай энэ байгууллага 1945 оны аравдугаар сарын 24-нд үүдээ нээсэн.
XX зуунд үүссэн энх тайван, улс орнуудын тогтвортой хөгжил, ардчилал, байгаль орчин, хүйсийн тэгш эрх, соёлын олон төрөл зүйл гэх мэт хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл нь тухайн нийгмийн итгэл үнэмшил, үзэл суртал юу вэ гэдгээс хамаарч байнга өөрчлөгдөж ирсэн түүхэн хандлагатай. Хүмүүс өөрийн болоод нийгмийн үнэт зүйлс юу вэ гэдэгт үеийн үед санаа тавин, эрэл хайгуул хийж, тогтсон ойлголт “тодорхойлолт”эсвэл жор хайж, бүтээж, алдаж онож, өсөж хөгжиж л байна. Тэгвэл тэр хайгаад байгаа ёс суртахууны хэм хэмжээг дурайтал бичээд дуугүй дагах бэлэн жор байхгүй. Байх ч боломжгүй. Учир нь 20 жилийн өмнөх үнэт зүйл, өнөөдрийн үнэт зүйлтэй зөрчилдөж, хувьсан өөрчлөгдөж байдаг гэдгийг бидний түүх бас гэрчилнэ. Үг дуугүй дагая гэвэл хуулиа дээдэл. Хуулиас гадуур шийдье гэвэл ёс суртахууныхаа богцыг уудал.
Монголчуудын нийтлэг ёс суртахууны богцонд юу байна вэ?
Монголчуудын ёс суртахууны үндсийн үндэс нь юу вэ? Нэмэх 30 хэмээс хасах 30 хэмийн хооронд жилийн дөрвөн улиралд байгаль дэлхийтэйгээ зохицон нүүдэллэж ирсэн түмний сайн мууг дэнслэх богц цомхон хэдий ч гүн гүнзгий. Бид анхнаасаа хурданд дуртай. Хурдан адуу, хурдтай удирдагч, хурдан хийгээд мэргэн ухаан, зорилгод хүрэх хурдан дөт зам зэргийг сайнд тооцно. Өөрийн санаа өөртөө үнэн гэдэгт бат итгэхийн сацуу аливаа шинэ содон зүйл, өөрчлөлт шинэчлэлтэд нээлттэй хандана. Дэлхийн уран барилгын түүхэнд Египетийн пирамидаас XIII зууны Хар хорин хотыг байгуулахад 3000 гаруй жилээр хожимдсон ч, 1896 онд ах дүү Люмерийн бүтээсэн анхны хар цагаан киноноос ердөө 39 жилийн дараа Монголын анхны баримтат киног 1935 онд хийсэн нь нийгмийн өөрчлөлтөд дасан зохицох хурд, дархлаа өндөртэйн тод жишээ. Байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах, өвөг дээдсээ хүндэтгэн сонсох, эрх чөлөөт эрэмгий дайчин чанараар бахархах, тэнгэр газар онгод сахиуст итгэх зөн билгийг эрхэмлэх зэрэг бидний ёс суртахууны хэм хэмжээ ардын аман зохиол, үлгэр домог, зүйр цэцэн үг, бөөгийн зан үйл болон бурхны сургаалаар дамжуулан өвлүүлсээр XX зуунтай золгосон билээ. Социалист нийгэмд боловсрол, ажил хөдөлмөр, энх тайван, эв санааны нэгдэл зэрэг шинэ түлхүүр үгс нэмэгдсэн ч өөрийн санаа өөртөө зөв байхаа бүр больж, хэн нэгнээр хэрхэн амьдарч, юунд итгэхээ заалгаж, чи юу бодож байгаа нь чухал биш, ах юу бодож, юунд итгэх нь чухал болж биднийг бас л өөр нэгэн ёс суртахуунаар хэмжиж эхэлсэн.
Бидний өнөөдрийн богцонд юу байна вэ?
Монголчууд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, тэгш эрх, шударга ёс, мөнгө, сайн хөдөлмөрлөвөл сайхан амьдарна зэрэг шинэ үгнээс эрх чөлөө, мөнгө гэдэг хоёр үгийг хагас ойлгож, бүрэн зөвшөөрөөд 20 гаруй жил болов. Бүх зүйлийн сайн мууг дэнслэхдээ надад ашиг орлого хэр их авчирч, миний эрх чөлөөнд хэр бага халдах гэсэн үндсэн хоёр шалгуурыг ёс суртахууны богцондоо ч хийх завгүй, төгс хэрэглэв. Бусад хүн төрөлхтөний болон үндэсний хэв шинжтэй үнэнч шударгаар ажиллаж хөдөлмөрлөх, чиний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг зэрэг шалгууруудаа тас мартаж, богцондоо хөгцрүүлэв.
Гэтэл бидний мартсан тэгш эрх, сайн хөдөлмөрлөх бол Япон хүний үнэт зүйлсийн хамгийн чухал хэсэг бөгөөд тэдний үсрэнгүй хөгжлийн баталгаа. Хүний эрхийг дээдлэгч арлын Америкт чи бусдаас өөр л байвал чамайг сонсож, чамд илүү боломж олдоно, чи өөр байж болно гэдэгт бат итгэж багаасаа өрсөлдөөнд бэлтгэгдэж, бас өөр хүмүүсийг хүндэлнэ. Ажил хийгээд ходоод цатгалан бол аливаа шашин, элдэв “изм”-гүй 1.3 тэрбум хөрш маань санаа “амар” амьдарч болохоо харуулж байгаа бол ардчилал, олон шашин, соёлыг хүлээн зөвшөөрсөн, дэлхийн хамгийн том лалын шашинт Индонези Зүүн өмнөд Азийн хамгийн том эдийн засагтай буюу G-20-томоохон эдийн засагтай гишүүн орон юм. Олон улсын валютын сангийн 2014 оны тайлангаар дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 1.15% хувийг бүтээн, бидэнтэй цуг Азийн ардчилалын түүхийг бичилцэж байна.
Гэхдээ сүүлийн 2-3 жилд бид би хэн бэ, бидэнд юу чухал болох, юунд итгэж үнэмших талаар сонгуулиас бусад цаг үед, асууж, ярилцаж, маргалдаж богц руугаа ойр ойрхон шагайж эхлэв. 2014 оны “Монголын эдийн засгийн форум”-ын үеэр болсон “Та XXI зууны монголчуудын эрхэмлэх хамгийн чухал гурван үнэт зүйлсийг нэрлэнэ үү?”санал асуулгад оролцогчдын олонх нь “Монгол хүн” гэж хариулжээ. Монгол хүн гэсэн ойлголтод монгол хэл, монгол ухаан, үндэстний давтагдашгүй онцлог, соёл хэв маяг, уламжлалыг хамруулж хэлсэн байна. Дараагийн үнэт зүйлээр “Боловсрол”-ыг нэрлэжээ. Үүнд монгол ухаан, арга барил, өв соёл, ахуй уламжлалыг мэддэг байх, түүгээрээ сэтгэдэг байхаас гадна дэлхийн иргэн болж төлөвшихөд чиглэнэ гэдгийг онцолжээ.Гурав дахь буюу хамгийн сүүлийн үнэт зүйлийг “Алсын хараа” гэж хариулсан. Дахин хэлэхэд бидний үнэт зүйлст алсын хараа зэрэг шинэ үг нийтлэг шаардлага болон орж ирж байгаа нь бидний үнэт зүйлс, үзэл суртал, ёс суртахуун байнга хувьсан өөрчлөгдөж байдаг үзэгдэл гэдгийг дахин сануулж байна.
Тэгвэл УРЛАГ ЁС СУРТАХУУНы богцтой яаж холбогдох вэ?
Энэ хамгийн түвэгтэй зөрчилтэй асуудал үеийн үед байсаар байсан байх ч болно. Бид урлагийг зөвхөн социализмын үед үзэл суртлын зэвсэг байж, тухайн нийгмийн болон удирдагчдын үнэт зүйлс, ёс суртахууныг сурталчилж ирсэн гэж ташуу ойлгодог. Тэгвэл олон ургальч үзэл, ардчилалын чиг баримжаатай Их Британи улсад болсон 2012 оны Лондоны олимпийн нээлт хүн төрөлхтний хөгжилд тус гүрний оруулсан хувь нэмрийг харуулсан. Саяхан болсон дэлхийн II дайны ялалтын 70 жилийн ойн парад, ёслолын тоглолтонд дэлхийн хүчний тэнцвэр хэрхэн өөрчлөгдөж, ОХУ-ын эзлэх хувь ямар байгааг сануулахыг зорьсон үзэл суртлаар баялаг байлаа. Урлаг, улс төр, үзэл суртал, ёс суртахуун үргэлж олон өнцөгт шиг нэг хавтгайд орших боломжтой бас дуртай байдаг. Үүнийг муу, сайн гэж хэлэхийг хичээсэнгүй, зөвхөн түүний жин бан ямар байх, уран бүтээлчид ямар ч нийгэмд өөрийн дуу хоолойгоо хэнээс ч үл хамааран гаргаж, хариуцлагатайгаар бүтээн туурьвих талаар бичиж буй нь энэ.
Монголд хүүхэд залуучуудын сонирхлыг хамгийн их татаж, олон нийтийг хамарч, тэдний ёс суртахууны төлөвшилд нөлөөлж байгаа урлагийн төрөл бол одоогоор кино болон телевизийн урлаг байна. Хэдийгээр муу, сайн хэлүүлсэн ч гэсэн Монгол бүтээлд хүнлэг, энэрэнгүй, хөдөлмөрч хичээнгүй, хамтач байх, нийгмийн үйлсэд бие сэтгэлээ зориулдаг байх, байгаль орчноо дээдлэн хамгаалдаг, эх оронч байх зэрэг ёс суртахууны хэм хэмжээг илэрхийлсээр ирсэн. Харин эдгээр нь сүүлийн үеийн Монгол киноны агуулга, хийц хэлбэр нь хүүхэд залуучуудын ёс суртахууны хүмүүжилд сөргөөр нөлөөлөх үг үйлдэл, санаа сэдэл өгч, хүчирхийллийг дөвийлгөн, гэр бүлийн үнэ цэнийг үгүйсгэж байна гэсэн шүүмжлэлд өртөх болсон.
Түрэмгийлэл, авилгал, ядуурал, хүчирхийлэл, үл ойлголцол, зовлон шаналал, шударга бус байдал…энэ бүгд хүний амьдралд байгаа учраас урлагт байгаа. Байгаа зүйлийг нь байгаагаар нь илэрхийлсний төлөө урлаг шүүгдэх ёсгүй. Ийм нөхцөлд байгаа зүйлийг байхгүйгээр, гэгээн цагаанаар нууж далдаж харуулах нь ирээдүйд харин ч илүү хор хөнөөлтэй. Гэхдээ аливаа бүтээлчийн гаргасан үзэл санаа, дуу хоолойд шүүмжлэлтэй хандах байдал зөвхөн Монголд биш хаана ч байдаг л зүйл. Энд нэг жишээ хэлье. ОХУ-ын найруулагч Андрей Звягинцевын “Левиафан” уран сайхны кино.
2014 оны Каннын наадмын шилдэг кино зохиол шагнал хүртсэн энэ киног зохисгүй үг хэллэг хэрэглэсэн шалтгаанаар ОХУ-д гаргахгүй байх хориг тавьсан. Энэ кинонд Орос орныг хэтэрхий хар бараанаар үзүүлж, улс төрийн өндөр албан тушаалтан болон шашны тэргүүнүүд хэрхэн авлига хээл хахуульд идэгдсэн тухай өгүүлдэг учраас хориглосон хэмээн тус улсын цахим орчинд олон нийт мэдээлж байсан аж.
Дараагийн жишээгээр алдарт Венецийн 56 дугаар биеннальд дэлгэгдсэн Английн уран бүтээлч Сара Лукасын бүтээлүүдийг нэрлэж болох юм.
Сара Лукас нь эмэгтэй хүний биеийн хэсгийг бүсэлхийнээс доош тайрсан баримал хэлбэрээр өөрийн уран бүтээлдээ тусгадагаараа ялгардаг. Тэрбээр нийгмийн асуудлыг хошин шогийн өнгө аяс оруулан дүрсэлдэг нь өнгөц харахад нүд хальтрам, ичмээр санагдах боловч, ёс заншил, соёлын ялгаа бүхий орон орны үзэгчдэд үзэл бодлын зөрчил үүсэхүйц, хүлээн зөвшөөрөхөд бэрх, байж боломгүй, хэт задгай, ёс суртахуунд харшилсан мэт ойлгогдохоор. Эмэгтэй хүнийг гэрийн “хуучин тавилга” болгон харуулсан нь хүйсийн харьцаа, амьдралын эргэх холбоо зэрэг хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг дахин сануулсан далд утга агуулна.
Үүнээс үзэхэд урлаг үргэлжид толинд ойсон нийгмийн тусгал, таны тусгал, бидний дүр байдаг. Иймээс урлаг нь гял цал амьдрал, худал хуурмаг хэтрүүлэл төдийхөн биш аль болох хүнд ойрхон хүмүүсийн амьдрал, жинхэнэ үнэн төрх байдлыг нууж даралгүйгээр зоригтойгоор ил гаргаж толины тусгалаа яг өөдөөс чинь тусгах ёстой. Урлаг нь хүмүүсийн ёс суртахууны үнэн төрхийг өршөөлгүйгээр, нууж хаалгүйгээр уран бүтээлчийн эмзэглэл дотроос ширүүн бийрийнхээ үзүүрээр сэртхийтэл өгүүлж байна. Үүний тулд урлаг хоосон, худал хуурмаг ертөнцийг эсэргүүцэн хүн төрөлхтний сэтгэлийн гоо сайхны төлөө үргэлж тэмцэж байдаг. Жинхэнэ урлаг бидний ирээдүйг хайрлан бүтээгддэг.
ДЭЛГЭРЭНГҮЙ МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН ЦАХИМ ХАЯГААС УНШИНА УУ!