Прокурорын нас 35 байх нь залуу биш үү?

Хуучирсан мэдээ: 2015.05.29-нд нийтлэгдсэн

Прокурорын нас 35 байх нь залуу биш үү?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 77.6 хувь нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Хуулийн төслийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа прокурорын насыг 35 байхаар заасан нь хэт залуу нас биш үү. Ажлын дадлага туршлага суухад нас, туршлага чухал гэсэн асуудлыг хөндөв.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Одоо мөрдөж байгаа хуулиар прокурорын нас 35, тэрхүү насыг хөдөлгөлгүйгээр оруулж ирсэн, зохистой нас” гэсэн хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүн Н.Энхболд “Прокурорын дэргэд туслалцаа дэмжлэг үзүүлэх байгууллагыг байгуулна гэж байна. Цагдаа, хүчний байгууллагынхан санаатайгаар хууль зөрчдөг, тэрхүү асуудлыг таслан зогсооход одоо яриад байгаа бүтэц хангаж ажиллаж чадах уу. Хуулийн салбарынхны хууль зөрчсөн үйлдлийг мөрддөг албыг байгулж яагаад болохгүй байна вэ. Бусдын хил нэвтрэх эрхийг хязгаарлах байдал хавтгайрлаа. Энэ асуудлыг яах вэ” гэлээ.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав “2013 онд прокурорын байгууллагаас судалгаа хийхэд нийслэлийн Засаг даргаас эхлээд зарим тохиолдолд хувь хүнийг гадагшаа явахыг хориглосон байсан. Зарим тохиолдолд хувь хүнийг хүүхдийн мөнгөө төлөөгүй учраас гээд хил нэвтрэхийг хориглодог. Энийг прокурорын шийдвэрээр зохицуулах оролдлого эхний ээлжинд хийгдсэн. Гэхдээ л хилээр гарах эрхийг хязгаарласан заалтууд бусад хуулиудад  олон бий. Мөн сэжигтэн байсан хүнийг гэм зэмгүйг нь нотлоод явуулсан байтал тэрхүү мэдээллээ хил гаалийнхэнд мэдэгддэггүйгээс иргэнийг хилээр гарах болоход нь хүндрэл учруулдаг тохиолдол ч байсан.

Цэргийн болоод хууль хяналтын байгууллагатай холбоотой хэргийг мөрддөг бие даасан байгууллагыг бий болгох асуудлыг тусгайд нь хуулийн төсөл өргөн мэдүүлнэ” гэсэн хариулт өглөө. Дараа нь гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан саналаа хэлсэн юм.  

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:- Хуулиа хэрэгжүүлж чадвал хүний эрхийг хангаж чадна, төрийн алба ч шуурхай үйлчлэх боломжтой. Төрийн албан хаагчид хууль хэрэгжүүлэхгүй завхруулж байгаагаас хүний эрхийг зөрчиж, хүнд суртлаар далайлгаж байгаа шүү. Энийг анхаарах ёстой.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:- Хуулийн төслийг дэмжиж байна, таван үндсэн асуудал дээр нэг шийдэл гаргах ёстой.  Хуульд хууль цаазын итгэмжлэх зөвлөх гэх албан тушаалын маягийн чиг үүрэг бий. Түүнийг нь хольсон байдлаар хуульчлах нь төөрөгдөл үүсгэж байна. Хоёрдугаарт, Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг дахин байгуулах гээд байна уу гээд гишүүд асуугаад байна. Прокурорын дэргэд дэмжлэг үзүүлэх зорилготой мөрдөн байцаах алба байж болно. Шүүхээс мөрдөн байцаагч руу хэргийг буцаахдаа нотлох баримт дутуу байна гэдэг. Тэгэхээр прокурорт дэмжлэг үзүүлэх алба нь шүүхээс хэрэг буцаадаг байдлыг байхгүй болгохын тулд ажиллах. Энэ бол сонголтын хувьд хийх ёстой чухал зүйл.

Гуравт, прокурорт цол, хувцас хэрэггүй. Бусад улс оронд прокурорт хэрэглэдэг цол, хэргэмийг цагдаа нь хэрэглэдэг.

Дөрөвт, Гүйцэтгэх ажилтай прокурорын хяналт. Энэ хүрээнд тагнуулын үйл ажиллагааг прокурор хянахгүй шүү. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал шүүх, прокурорын асуудал биш.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:-Мөрдөн байцаагч прокурорт туслах үүрэгтэй, гэтэл прокурор өөр газар байдаг, хэргийн үзлэг дээр хааяа нэг очдог. Тодорхой хэргүүд дээр прокурор нь хараат бусаар байх ёстой. Прокурор өмгөөлөгч гэдэг байр сууриа хэрэгжүүлмээр байна, та нар бол төрийн өмгөөлөгч. Төрөө өмгөөлөөч ээ. Прокурор хүнд ял өгдөг юм биш шүү, санал тавьдаг. Ялыг шүүгч оноодог. Тэгэхээр прокурор бол хүний эрхийг нэгд тавих ёстой. Нотлох баримт нь эргэлзээтэй бол цагааддаг байх ёстой.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:-Прокурорын дарамтаас болж хүний амь нас эрсдэж байсан гашуун түүх бий. Хууль орж ирэх бүрийд хавтаст хэрэг уншдаг, шүүх хуралдаанд ордог хүмүүсийн эрх мэдээл зузаардаг. Гэтэл хэргийн араас явдаг, цагдаа явж явж прокуророос даалгавар авдаг шүү.

Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаад завсарлалаа. Үдээс хойш хуралдаан 14:00 цагаас үргэлжилнэ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж