Нефтийн үнийг тогтвортой байлгахаар ярилцлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Нефтийн үнийг тогтвортой байлгахаар ярилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн айлчлалын дүнгийн талаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэнтэй Халимагийн Элстэй хотод ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн айлчлалыг амжилттай болгох тал дээр ЭСЯ хэрхэн ажилласан бэ?

-Аливаа өндөр дээд хэмжээний айлчлалын бэлтгэлийг тухайн оронд суугаа ЭСЯ Гадаад харилцааны яамнаасаа чиглэл авч хангадаг. Бэлтгэлийг сайн хангасан гэж үзэж байгаа. Оросын тал ч энэ айлчлалд маш сайн бэлтгэсэн. Их анхаарал тавьсан. Энэ байдлыг сэтгүүлчид та бүхэн өөрийн нүдээр харсан. Энэ үндсэн дээр ОХУ-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж өндөрлөлөө. Айлчлалаар олон чухал баримт бичигт гарын үсэг зурлаа. Бас олон чухал баримт бичигт гарын үсэг зурах үндсэн нөхцөл бүрдлээ. Ойрын үед тэдгээрт гарын үсэг зурахаар боллоо.

Гарын үсэг зурсан зарим баримт бичгээс дурдвал, Монгол Улс ОХУ-тай 3500 орчим км газраар хиллэдэг. Хил орчмоор байгаль орчныг хамтарч хамгаалах зайлшгүй хэрэгцээ байгаа. Үүнтэй холбогдуулж Увс нуурын бүс нутагт "Увс нуурын хотгор" хил дамнасан дархан цаазтай газар байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын  хэлэлцээр байгууллаа. УБТЗ-ын дүрмийн санг 250 сая ам.доллараар өргөтгөх, үүний дотор Оросын Засгийн газар 125 сая, Монголын Засгийн газраас мөн 125 сая ам.долларын хөрөнгө оруулах, ингэснээрээ төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, техник технологийг шинэчлэх протоколд гарын үсэг зурлаа. Цэрэг-техникийн хамтын ажиллагааны явцад оюуны өмчийг харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын  хэлэлцээрт мөн гарын үсэг зурсан.

-Шатахуун нийлүүлэх тухай асуудлыг яаж шийдсэн бэ?

-Манай улс ОХУ-аас нефть бүтээгдэхүүний хувьд бараг 100 хувь хамаардаг. Сүүлийн саруудад Монголд нефть бүтээгдэхүүний хангамж муудаж нэлээд сандарлаа. Ялангуяа дизель түлшний хангамж их муудсан. Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзахдаа санал солилцож, нефть бүтээгдэхүүний хангамжийг яаж найдвартай болгох вэ гэсэн асуудлыг ярилцлаа. Өнөөдөр бий болоод байгаа бэрхшээлийг богино хугацаанд бас яаж арилгах вэ гэдэг дээр ярьж тохиролцлоо. Цаашид нефть бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгах, үнэ тогтвортой байх зэрэг сэдвээр санал солилцлоо. “Роснефть” нөөцөөсөө манайд шатахуун нийлүүлэхээр болсон. Ачилт бараг эхлэх гэж байгаа байх.

-ОХУ-д сурч байгаа монгол оюутнууд ажил эрхлэх боломжгүй, дийлэнх нь хувийн зардлаар суралцдаг юм байна. Тэднийг цагийн ажил хийх боломжтой болгох талар ярилцсан гэсэн?

-Манай хоёр улс хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар гэрээ, эрх зүйн үндэс бүрдүүлэх зайлшгүй шаардлага бий. ОХУ-д Монголын 5000 орчим иргэн ажиллаж, амьдарч, сурч байна. Тэд зарим тохиолдолд ОХУ-ын нутаг дэвсгэр дээр хөдөлмөр эрхлэх шаардлагатай байдаг. Энэ харилцааг зохицуулсан баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай. Оросын иргэд Монголын нутаг дээр, Монголын иргэд Оросын нутаг дээр түр хугацаанд хөдөлмөр эрхэлж, амьдрал ахуйгаа авч явах шаардлага байдаг. Энэ талаар ойрын үед ярилцана. Энэ бол айлчлалын бас нэг үр дүн юм.

-УБТЗ-ын 1949 оны гэрээг шинэчлэх чиглэлээр юу хийв?

-Орос-Монголын харилцааг биежүүлж байдаг олон хамтарсан үйлдвэр байдаг. УБТЗ, Эрдэнэт, Монголросцветмет зэрэг хамартрсан үйлдвэр, аж ахуйн газрын үр ашгийг дээшлүүлэх, техник, технологийг сайжруулах чиглэлээр хоёр улсын Ерөнхийлөгч тодорхой санал солилцсон. Үүний дагуу УБТЗ-ын 1949 оны хэлэлцээрийг цаашид шинэчлэх чиглэлээр хоёр улсаас ажлын хэсэг гаргаж хамтарч шинжилгээ, судалгаа хийхээр боллоо. Хамтарсан үйлдвэрүүдийн талаар хийх ажил тодорхой болж үр дүн гарах зам нээгдлээ.

-ОХУ-д Монголын иргэд визгүй зорчих асуудлаар ярилцав уу?

-Энэ асуудал хэлэлцээрийн төвшинд байна. Цаашид ярилцах боломжтой.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж