ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН: Прокурор эсэргүүцэл бичнэ

Хуучирсан мэдээ: 2015.05.29-нд нийтлэгдсэн

ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН: Прокурор эсэргүүцэл бичнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр, Шүүх эрх мэдлийн байгууллагуудын шинэчлэл, нийгмийн харилцааны хувьсал, өөрчлөлт, эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгддэг гол хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан одоогийн мөрдөгдөж байгаа Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэх, үзэл баримтлал, зохицуулалтыг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан байна. Үүнтэй холбоотойгоор Прокурорын байгууллагын тухай хуульд заасан зарим нэр томъёог оновчтой болгох,  Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд УИХ-д өргөн мэдүүлсэн эрүүгийн хууль тогтоомжийн төслүүдтэй уялдуулах, прокурорын байгууллагын харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг харьцуулан дүгнэж, үйл ажиллагааны хариуцлагатай байдлыг хангах. Бусад байгууллагатай хамтран ажиллах эрх зүйн үндсийг бий болгох, прокурор үүргээ гүйцэтгэх нөхцөл баталгааг дээшлүүлэх, албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо зэргийг тодорхой зохицуулсан Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулжээ.

Уг хуулийн төслийг УИХ-аас баталснаар дараах эерэг үр дүн гарна гэж үзэж байна. Үүнд,

  • Прокурорын байгууллагын тогтолцоо боловсронгуй болно;
  • Хууль дээдлэх ёсны зарчимд нийцсэн ахиц дэвшил гарч, хүний эрх, эрх чөлөө хамгаалагдана;
  • Прокурорын байгууллагад өгөх иргэдийн үнэлгээ өсч, тус байгууллага, иргэдийн хамтын ажиллагаа бэхжиж, иргэдэд хүрэх үйлчилгээ чанаржина;
  • Эрүүгийн хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх ажлын чанар, энэ чиглэлийн хууль хэрэгжүүлэх байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирна;
  • Прокурор чиг үүргээ гүйцэтгэх нөхцөл, баталгаа, цалин хөлс, урамшил сайжирна гэсэн үр дүнг нэрлэсэн байна.

Улсын хэмжээнд одоогоор 468 прокурор ажилладаг бөгөөд бүгд хууль эрх зүйч мэргэжилтэй, хуульчийн гэрчилгээ авсан юм байна. Социализмын үед нийт прокуроруудын 90 шахам хув нь эмэгтэй байсан бол сүүлийн жилүүдэд 30 орчим хувийг эрэгтэй прокурор эзлэх болсон аж.

Цалин хөлсний тухайд Улсын ерөнхий прокурор 1.1 сая төгрөгийн цалинтай бол бусад прокурор дээрх дурдсанаас доогуур цалинтай гэнэ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Өнөөгийн прокурор нь өмнөх үеийн олон мундаг прокуроруудын үлдээсэн өв дээр явж байгаа, түүнийгээ амжилттай залгамжилж авч яваарай. Прокуроруудын хуультай харьцах чадвар, бусад хуулийн байгууллагынхантай харьцуулшгүй дээгүүр байдаг. Энийгээ хадгалж яваарай.

Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг эргэн байгуулах нь гэж зарим хүн шүүмжилж байна. Хуулийн төслийг судлахад зөвхөн үүссэн хэрэг дээр прокурор нэмэлт ажиллагаа хийх юм байна гэж ойлголоо. Үүнд тодруулж хариулт өгнө үү.

Прокурор нийтийн эрх ашгийг төлөөлөн хамгаална гэдэг ч энэ үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байгаа. Нийтийн өмчийн газар, барилга үрэгдчихээд байхад прокурор чимээгүй суудаг.  Энэнд шинэ прокурор анхаарах. Прокурорын эсэргүүцэл бичих эрх гэж чухал юм байдаг, одоо хэрэгжиж байгаа хуулиар зөвхөн Ерөнхий прокурорт ийм эрх бий. Хэрвээ бусад прокурорт эсэргүүцэл бичих эрх олговол ажлын үр дүнг улам дээшлүүлнэ” гэлээ.

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Аливаа хэрэг дээр эргэлзээ гарвал дэргэдэх байгууллагаараа хийлгэх заалт оруулж өгсөн. Мөн Давж заалдах шатанд эсэргүүцэл бичиж байх эрхийг оруулж өгч байгаа. Нийтийн эрх ашгийг хамгаалах талд сул ажиллагаа гэдэг шүүмжлэлийг хүлээж авна, энийг хуулийн төсөлд процесжуулж өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаан дээр прокурор хяналт тавих ёстой гэж боддог. Шийдвэр гүйцэтгэлийн шатанд эд хөрөнгийг шууд битүүмжилдэг, хураадаг. Энэн дээр хяналт сайн тавих шаардлага бий” гэсэн хариулт өглөө.


13.10 ЦАГ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 77.6 хувь нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Хуулийн төслийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа прокурорын насыг 35 байхаар заасан нь хэт залуу нас биш үү. Ажлын дадлага туршлага суухад нас, туршлага чухал гэсэн асуудлыг хөндөв.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Одоо мөрдөж байгаа хуулиар прокурорын нас 35, тэрхүү насыг хөдөлгөлгүйгээр оруулж ирсэн, зохистой нас” гэсэн хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүн Н.Энхболд “Прокурорын дэргэд туслалцаа дэмжлэг үзүүлэх байгууллагыг байгуулна гэж байна. Цагдаа, хүчний байгууллагынхан санаатайгаар хууль зөрчдөг, тэрхүү асуудлыг таслан зогсооход одоо яриад байгаа бүтэц хангаж ажиллаж чадах уу. Хуулийн салбарынхны хууль зөрчсөн үйлдлийг мөрддөг албыг байгулж яагаад болохгүй байна вэ. Бусдын хил нэвтрэх эрхийг хязгаарлах байдал хавтгайрлаа. Энэ асуудлыг яах вэ” гэлээ.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав “2013 онд прокурорын байгууллагаас судалгаа хийхэд нийслэлийн Засаг даргаас эхлээд зарим тохиолдолд хувь хүнийг гадагшаа явахыг хориглосон байсан. Зарим тохиолдолд хувь хүнийг хүүхдийн мөнгөө төлөөгүй учраас гээд хил нэвтрэхийг хориглодог. Энийг прокурорын шийдвэрээр зохицуулах оролдлого эхний ээлжинд хийгдсэн. Гэхдээ л хилээр гарах эрхийг хязгаарласан заалтууд бусад хуулиудад  олон бий. Мөн сэжигтэн байсан хүнийг гэм зэмгүйг нь нотлоод явуулсан байтал тэрхүү мэдээллээ хил гаалийнхэнд мэдэгддэггүйгээс иргэнийг хилээр гарах болоход нь хүндрэл учруулдаг тохиолдол ч байсан.

Цэргийн болоод хууль хяналтын байгууллагатай холбоотой хэргийг мөрддөг бие даасан байгууллагыг бий болгох асуудлыг тусгайд нь хуулийн төсөл өргөн мэдүүлнэ” гэсэн хариулт өглөө. Дараа нь гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан саналаа хэлсэн юм.  

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:

– Хуулиа хэрэгжүүлж чадвал хүний эрхийг хангаж чадна, төрийн алба ч шуурхай үйлчлэх боломжтой. Төрийн албан хаагчид хууль хэрэгжүүлэхгүй завхруулж байгаагаас хүний эрхийг зөрчиж, хүнд суртлаар далайлгаж байгаа шүү. Энийг анхаарах ёстой.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

– Хуулийн төслийг дэмжиж байна, таван үндсэн асуудал дээр нэг шийдэл гаргах ёстой.  Хуульд хууль цаазын итгэмжлэх зөвлөх гэх албан тушаалын маягийн чиг үүрэг бий. Түүнийг нь хольсон байдлаар хуульчлах нь төөрөгдөл үүсгэж байна.

Хоёрдугаарт, Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг дахин байгуулах гээд байна уу гээд гишүүд асуугаад байна. Прокурорын дэргэд дэмжлэг үзүүлэх зорилготой мөрдөн байцаах алба байж болно. Шүүхээс мөрдөн байцаагч руу хэргийг буцаахдаа нотлох баримт дутуу байна гэдэг. Тэгэхээр прокурорт дэмжлэг үзүүлэх алба нь шүүхээс хэрэг буцаадаг байдлыг байхгүй болгохын тулд ажиллах. Энэ бол сонголтын хувьд хийх ёстой чухал зүйл.

Гуравт, прокурорт цол, хувцас хэрэггүй. Бусад улс оронд прокурорт хэрэглэдэг цол, хэргэмийг цагдаа нь хэрэглэдэг.

Дөрөвт, Гүйцэтгэх ажилтай прокурорын хяналт. Энэ хүрээнд тагнуулын үйл ажиллагааг прокурор хянахгүй шүү. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал шүүх, прокурорын асуудал биш.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Мөрдөн байцаагч прокурорт туслах үүрэгтэй, гэтэл прокурор өөр газар байдаг, хэргийн үзлэг дээр хааяа нэг очдог. Тодорхой хэргүүд дээр прокурор нь хараат бусаар байх ёстой. Прокурор өмгөөлөгч гэдэг байр сууриа хэрэгжүүлмээр байна, та нар бол төрийн өмгөөлөгч. Төрөө өмгөөлөөч ээ. Прокурор хүнд ял өгдөг юм биш шүү, санал тавьдаг. Ялыг шүүгч оноодог. Тэгэхээр прокурор бол хүний эрхийг нэгд тавих ёстой. Нотлох баримт нь эргэлзээтэй бол цагааддаг байх ёстой.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

-Прокурорын дарамтаас болж хүний амь нас эрсдэж байсан гашуун түүх бий. Хууль орж ирэх бүрийд хавтаст хэрэг уншдаг, шүүх хуралдаанд ордог хүмүүсийн эрх мэдэл зузаардаг. Гэтэл хэргийн араас явдаг, цагдаа явж явж прокуророос даалгавар авдаг шүү.

Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаад завсарлалаа.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж