Боловсролыг чадавхжуулах төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Боловсролыг чадавхжуулах төсөл хэрэгжүүлнэ

Азийн хөгжлийн банкны тусламжаар хэрэгжиж буй “Дээд болон мэргэжлийн боловсролыг чадваржуулалт” текникийн туслалцааны уулзалт өнөөдөр “Сүнжин гранд” Зочид буудлын хурлын танхимд болж байна. Тус уулзалтад УИХ-ын гишүүд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи, Сангийн яам болон бусад яамд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэл, Монголын оюутны холбоо, хөдөө орон нутгийн болон төвийн их, дээд сургуулийн төлөөлөл, Азийн хөгжлийн банкны болон боловсролын хандивлагчдын төлөөлөл оролцон, харилцан санал бодлоо солилцож, зөвлөгөөнөөс зохих шийдвэрийг гаргах юм байна. Зөвлөлдөх уулзалтыг нээж Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр үг хэллээ. Цаашид боловсролын салбарын мэргэжилтнийг эдийн засгийн эрэлт хэрэгцээг хангах хэмжээнд хүргэхийн тулд дээд боловсролын сургалтыг сайжруулах, орчинг бүрдүүлэх тал дээр олон зүйл хийх шаардлагатай байгаа талаар салбарын сайд онцолсон юм. Түүний дараа боловсролын чанар хүртэц, менежментийн асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлэх төслийн ерөнхий танилцуулгыг Азийн хөгжлийн банкны Зүүн азийн асуудал хариуцсан газрын дарга Эми Линг хийлээ. Мөн төслийн тухай ерөнхий үнэлгээ, зорилтууд, үйл ажиллагаа болон гарцын үр дүнгийн талаар мэдээлэл хийж, мэргэжлийн хүмүүсийн санал, хүсэлтийг сонсох юм байна. Уг зөвлөлдөх уулзалт үдээс хойш ШУТИС болон их дээд сургууль, бодлого боловсруулагчид, хэрэгжүүлэгчдийн дунд хэлэлцүүлэг үргэлжилнэ. Төслийн саналыг боловсруулах явцад ийм хэлэлцүүлгийг дахин хоёр удаа хийж, эцсийн саналыг ирэх 10 дугаар сард боловсруулж дуусгахаар ажлын хэсэг ажиллаж байгаа аж.
Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж